5.18.2013

Хашаа

- Миний дүү гэрээ хаана байдгийг мэдэх үү? Ахдаа зааж өгөөч...
-Мэднэ. Манай гэр хашаан дотроо байдаг юм.
-Хашаа нь хаана байдаг юм?
-Гэрээ тойроод байдаг...
        Хашаа гэдэг үгийг хэлэнгүүт л энэ бяцхан онигоо санаанд минь буусан юм. Хашаанаасаа өөр хаашаа ч гарч үзээгүй хүн бас бяцхан хүүхдийн хариулт энэ. Хүүхэд бүр аливаа зүйлийг таньж мэдэх гэсэн сониуч зантай байдаг. Түүндээ хөтлөгдөн тэмүүлсээр зарим нь гэрэлт замыг олж чаддаг бол зарим нь алдаж эндэж, харанхүй замаар бүдчин явдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд байхдаа бидний тархи, оюун санаа нэгэн хашаан дотор түгжээтэй байдаг. Юм үзэж, нүд тайлсан гэдэг шиг танин мэдэхүйн чадвар бага гэсэн үг л дээ. Харин танин мэдэхүйн хүсэл, үйлдлээрээ уг хашааны хаалгыг бага багаар нээсээр дэлхийтэй танилцдаг юм. Та гэрийнхээ хашаан дотроос гарч байж л хажуу айлынхаа хашаа, хаалга ямар өнгө, хэлбэртэй гэдгийг мэднэ шүү дээ.
     Надад тусласангүй гэж хэн нэгэнд гоморхох хэрэггүй. Харин тэр зүйлийг чи өөрөө хийх бололцоог олгосонд нь бусдад талрах.
          Бүхнийг багшаар заалгадаг, эрүүл мэндээ эмчид даатгадаг, хуульчаас хууль асуудаг, төр засгаас тусламж хүсч, чиглүүлэг хүлээж суудаг боловсролоор бидний аав ээж, эсвэл тэдний өмнөх үе л хүмүүжиж ирсэн. Харин өнөө үед техник технологи асар хурдацтай хөгжиж, тоолж барамгүй их мэдээлэл дунд бид амьдарч байна. өмнөх үеийн боловсролыг бид өөрсдөө хүссэн үедээ хаанаас ч авах боломжтой болсон гэсэн үг л дээ. Тиймээс хуучин ертөнцөөсөө ангжирч шинэ хаалгаа нээх хэрэгтэй. Хүн бүр өөрийнхөө хүслээр сонголтоо хийж, өөрөө хувь заяаныхаа эзэн байх цаг ирсэн. Комьпютер гэдэг зүйл бидний заавраар олон үйлчилгээг үзүүлж байна шүү дээ. Тархийг тань бүрэхсэн хашааг нээхийн тулд таньд та л туслана. Өөр хэн ч биш. Гэхдээ бурхан гагцхүү өөртөө тусладаг хүнд л тусладаг гэдэг. Бусдаар гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог. Боломж бололцоо нь бүрдсэн энэ нийгэмд үүнийг ухаарч тархины түгжээгээ өөрөө мулталж чадваас өөдлөх хүслийн өмнө хаалт хэзээд байдаггүй.
    Хүн бүхний ертөнцийг харах цонх өөр л дөө. Хүн бүхэн боловсрол, хүмүүжлийнхээ хүрээнд л сэтгэдэг байх. Гэхдээ хэн ч гэсэн түгжигдмэл хашаан дотроосоо ангжирч чадвал нэг зүйлийг нилээд олон өнцгөөс харж сурна.
Аргентиний алдарт гольфчин Роберт дэ Винчинзо бас нэгэн том тэмцээний аваргаар тодорчээ. Шагналаа аваад хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авахуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машин руугаа явж байтал нэг эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь хүнд өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү гэж гуйжээ. Эмэгтэйн яриа алдарт гольфчинд маш их нөлөөлсен учир сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд "Хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй!" гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ. Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал Мэргэжлийн гольфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд "Өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй хамт байсныг тань сонслоо" гэхэд Роберт "Тийм" гэж хариулав. Нөгөө ажилтан "Тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч. Ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна. Таныг маш муухай мэхэлсэн байна" гэжээ. Роберт "Энэ чинь тэгээд өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү?" "Үгүй. Ямар ч өвчтэй хүүхэд байхгүй." "Ашгүйдээ. Энэ долоо хоногт сонссон хамгийн сайн мэдээ гэвэл энэ л байна. Өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ" гээд баярлан инээмсэглэсэн гэдэг.
Хэрэв Роберт дэ Винчинзо энэ эмэгтэй шиг бүрхэг, харанхуй квадрат хэлбэртэй хашаан дотроосоо гарч чадаагүйсэн бол хэдэн халтар төгрөгний хойноос яасан их харамсах бол? Харин тэр өөрийгөө чөлөөлж чадсан нэгэн юм. Тиймээс л тэр бусдын асаасан гэрэлд бүдчин явдаг нэгэн биш бусдыг гэрэлтүүлдэг түүчээ болж чаджээ.
    Хэн ч өнгөрсөн рүү явж шинэ эхлэлийг бий болгож чадахгүй, харин өнөөдөр шинээр эхлэж шинэ төгсгөлийг бий болгож болдог. Тиймээс таны өмнө боломж, гарц хэзээд байдаг. Харин боломжийг алдах, ашиглах нь таны ухамсар. Өдөр бүр нэг л төрлийн хоол идэж, хувцас өмсч, таньдаг хэдэн л найз нөхөдтэйгөө уулзаж нэг л хэмнэлээр амьдарсаар насыг барах тийм сайхан гэж үү? Үгүй ээ, хүн үргэлж л шинэ содон бүхнийг эрэлхийлж байдаг сониуч зантай амьтан. Гэтэл та яагаад өөртөө боломжийг бий болгож, ханыг нэвтлээд даваад гарах арга замыг хайхгүй байгаа юм бэ?  Хэрэв та нэг өдөр энэ хашаан дээр гараад зогсвол таньтай дэлхий ямар ойрхон байсныг ухаарч мөн эрт сэхээрэх минь яав даа гэж харамсах болно. Өөрөө өөрийгөө ялан дийлээх хүч л таньд дутаж байна.
Энэ мэтчилэн тархийг тань түгжих хашааг нэвтлэн гарч ирсэн болон яг л тэндээ энгийн нэг л хэвийн амьдралаар амьдарч буй хүний жишээ олон байна. Ханыг нэвтлэн гарахад зөвхөн таны хүсэл туслана. Гэхдээ ганц хүсээд зогсохгүй нь ойлгомжтой. Бусадтай тэмцэлдэхээсээ урьтаж өөртэйгээ тэмцэлдэж ялах нь хашааг нэвтлэх эхний алхам ажээ.









No comments:

Post a Comment