7.16.2012
Анхны цастай хамт
Сүүлчийн навчис нэг нэгээрээ тасран газарт бууж, анхны цас ганц хоёроор бударч гар дээр хайлна. Сэтгэлд нэг л дулаахан зөөлөн үдэш. Гэгээн бүхэн энэ цас шиг алгуурханаар айлчилж, уйтгар гуниг яг л энэ салхинд хийсэх навчис шиг хийсэн одно.
Би үгүй ээ бид яг л энэ өдрийг зуун жил хүлээсэн мэт нэг л сэтгэл хөдөлгөм. Хажуугаар зөрөх хүн бүхэн харцандаа ялдамхан инээмсэглэл тодруулан зөрж өнгөрнө. Баяр хөөр цээжин дотор багтаж ядна.
Анхны цас хорвоо дэлхийг ариусган хүмүүсийн сэтгэл дэхь гэгээхэн гунигыг сэдрээнэ. Гялтагнан будрах ширхэг бүрээрээ хүмүүсийн цангасан сэтгэлийг ундаалах мэт.
Хүсэлд хязгаар үгүй гэж үнэн бололтой. Анхны цас дээрээс ганц хоёроор хаялахад зүрх ингэж их догдолно. Тэсэлгүй ихээр, бүр үүнээс илүү ихээр будраасай гэж хүснэ.
"Мөнгөн цас, хөнгөн цас мөрөө гаргамаар анхны цас"
Шинэхэн орсон хөвсгөр цасан дээгүүр аяархан гишгэлээ. Хүрэх төдийд хайлчихмаар дэндүү эмзэг. Цагын зүүтэй уралдан яаран будрах цасан ширхэг мэт сэтгэл минь нэг л зүйлд яаран тэмүүлнэ...
Энэ чухам юу болохыг өөрөөсөө асуувч хариултыг эс олно. Олохыг ч үл хүснэ. Нууцлаг тусмаа нандин.
Гэгээхэн хүсэлдээ хөтлөгдөн гэгэлзэн гэгэлзэн алхлаа. Нандинхан бодлын минь цаана нуугдах чи дурлал юмуу?
"Дурлалаар би дахин төрсөн юм шиг болно, Дуугаараа үүнийг илэрхийлж чадашгүй" гэдэг байхаа. Өөрөө ч мэдэхгүй аязыг сэмхэн би аялана, өсгийтэй гуталын тогших чимээ хүртэл хэмнэл нэмнэ... Тог, тог, тог
Саруул тэнгэрт мандах сарны зүг нисвэл би сая л нэг хариуг нь олох юм шиг санагдана. Сартай тэнгэрийг сарнайгаар дүүргэж, Нартай тэнгэрийг навчисаар хучиж чадхаар тийм их сэтгэл хөдлөл гээд боддоо. Хэрвээ хожмын нэгэн өдөр борхон зүрх тань үл мэдэх аязын хэмнэлд автаж, хөөрөөд л нисчихмээр болвол бүсгүй минь, залуу минь та тэр л их нандин хүслээсээ надтай хуваалцаж захидал илгээгээрэй!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment