Зөөлөн нялхамсаг өнгө төрхийг тээсэн хавар цаг хэдийнээ айлчлан иржээ. Үүрээр багахан
бороо орсон бололтой өглөө босоход газар чийгтэн нялх ногооны тансаг үнэрийг
сэн татуулан байсан юм. Ийнхүү шинэ өглөөг сэтгэл өөдрөг угтаж Г. Занабазарын
нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг яаравчлан зорьсон юм. Нүүдэлчдийн соёл, уран
бүтээлийн өвийг хадгалах, хамгаалах, сурталчилах чиглэлээр үйл ажиллагаагаа
явуулдаг тус музейгээр өмнө нь зочилож байгаагүй учир замдаа таарсан хүмүүсээс байршлыг
сураглаж явсаар олсон юм. Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь
засгийн газрын XIII байрны харалдаа байрлах аж. Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-нд
зураач, дизайнер Ч. Сэндэмийн “Хайрын хүч” нэртэй торгон зургийн үзэсгэлэн
хаалтаа хийж байсан юм. Уг уран бүтээлч нь 1997 онд Москвагийн Урлагийн академ
төгссөн бөгөөд чөлөөт уран бүтээлч, “Говь” ХХК-д дизайнер хийж байсан ажээ.
Тэрбээр Монголд анх
удаа торгон дээр зураг зурах урлагийг нэвтрүүлсэн чадварлаг уран бүтээлч
юм. 1997 онд “Гоёл” наадмаас ноолууран
болон торгон дээр зурсан хувцасаараа анхны шагналаа хүртсэнээр түүний уран
бүтээл улам хөгжингүй болжээ. Торгон дээр зурах урлаг бол Швейцарь технологи
юм. 1993 оны үед “Арьс Импекс”-т ажиллаж байх үедээ Швейцарьуудаар уг урглагийгг заалгасан аж.
Үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд нэг л өнгөлөг, шийдэмгий санагдав. Хурц тод
өнгөөр бүтсэн зургийг ханаар эгнүүлэн өлгөж, яг л өдий үед зүүмээр саан хээтэй гоёмсог хүзүүний
алчуур зэргийг манеканд донжийг нь олон зүүжээ.
Бүсгүй хүн болгон сайхан үнэртэй цэцгэнд дуртай байдаг. Тиймээс ч Ч.
Сэндэмийн бүтээлийг үзээд өглөө сэрээд нялх ногооны үнэрийг үнэртсэн тэр л
таатай мэдрэмж дахин сэргэв. Хүн болгонд өөрийг нь илэрхийлэх нэгэн содон чанар,
хобби зэрэг байдаг шүү дээ. Тэгвэл түүний бүтээлээс онцлох нэг зүйл нь
бүтээл болгондоо зун цагийг санагдуулам
өнгөлөг, солонгорсон цэцгийг нисэж буй сонотой хамт зурсан байх юм. Ханын
зураг, хүзүүний алчуур бүгдэд нь л байх аж. Энэ нь түүний Бясалгал хийдэгтэй
холбоотой гэнэ. Тэрбээр өдгөө 13 жил бясалгал хийж байгаа бөгөөд бясалгал
хийснээс хойш миний бүтээл гэрэлтэй болсон. Уран бүтээлч сэтгэлгээ маань
задарч, сансрын өнгөөр зурдаг болсон гэж Www.Everyday.mn сайтад өгсөн ярилцлагдаа дурьдсан байна лээ. Үзэсгэлэнг сонирхох үедээ Ч. Сэндэмийн уран
бүтээлийн найзтай тааралдсан бөгөөд зарим нэгэн зүйлийг сонирхон асуусан
юм. “Тэр үнэхээр дайчин, чадварлаг уран бүтээлч. Торгон дээр торгон будгаар
зурна гэдэг нилээд ур чадвар, цаг хугацаа шаарддаг гэхдээ тэр шантралгүй харин
ч хийж буй ажилдаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. Төрийн соёрхолт Ц.
Саранцацралт ч түүний бүтээлийг хараад биширч байсан” гэв.Түүний торгон болон
ноолууран дээрх бүтээлүүд нь уран зураг, хувцас эдлэл болон текстиль дизайныг
хослуулсан дахин давтагдашгүй шинж чанартай байдгийг түүний олон зуун бүтээлээс
харж болох аж.
Үзэсгэлэнгээ
гаргахын тулд тэрбээр арван жилийг зарцуулсан гэнэ. Мөн нэг алд хэмжээтэй
хүзүүний алчуурыг хийхэд бүтэн өдөр тасралтгүй ажиллаж байж гараас гаргадаг аж.
Бүтээлийн хувьд үнэ янз бүр. Үзэсгэлэнг сонирхогчдийн ихэнх нь бүсгүйчүүд
байсан бөгөөд хүзүүний алчуурыг бараг л бүгд зүүж үзэж харагдлаа. Хүзүүний
алчуур нь 150 мянга, 400 мянга гэхчилэн өнгө будаг, хэмжээнээсээ хамаараад янз
бүр байв. Ch. Sendem гэсэн гарийн үсгийг бүтээл болгоныхоо хажууд алтлаг шар
өнгийн будгаар бичсэн нь цаанаа л нэг дэгжин. Чадварлаг дизайнерийн гараар
урласан торгомсог ороолтоор өөрийгөө чимэх хүсэлтэй ганган хээнцэр бүсгүйчүүд
маань музейн дэлгүүрээс худалдан авах боломжтой гэж тус музейн ажилтангууд хэлж
байв. Торгон будаг нь усанд өнгө чанараа алдаж,
уусдаггүй. Тиймээс уг хүзүүний ороолтоор гангарсан бүсгүй та солонгын өнгөт
цэцгэн хээ, соно зэрэг нь угаах үед арилна гэж санаа зовох хэрэггүй ажээ. “Ч. Сэндэм
зураачийн бүтээлд салхи, ус агаар, эрх чөлөөний бэлэгдэл болсон соно тусгагдаж,
орчлонгийн дүрстэй хийгээд дүрсгүй, өнгөтэй атал өнгөгүй мэт хоосон чанар
торгон даавуунд уусан дүрсгүйтэх өнгө будгын хослолоор найралджээ” гэж Д.
Гоомарал хэлэв. Гүйцэтгэл, өнгө, дизайны хувьд өвөрмөц болж дэлхийн хэмжээнд
үнэлэгдэж чадсан түүний бүтээлүүд нэрнээсээ л эхлээд үзэгчдийн сонирхолыг татаж
байсан нь гарцаагүй юм.
No comments:
Post a Comment