Өөр байх, өөрөөрөө
байг гэдгийг зарим хүмүүс адилхан утгатай гэж боддог. Би ч саяхныг хүртэл
тэдний л нэг байсан. Гэвч энэ нь өөр хоорондоо ялгаатай аж. Өөрөөрөө байх гэдэг
нь ерөнхий утга харин өөр байх нь нэгж ойлголт юм шиг санагдсан. Өөрөөрөө байна
гэдэг хувь хүний ухамсар, хүмүүжлийг шууд тусган харуулдаг. Өөрөөрөө байна
гэхээр хүн болгон чөлөөтэй, энгийн хаана ч, хэзээ ч үг, үйл хөдлөлөөрөө
өөрийгөө илэрхийлж чадахыг хэлнэ гэх байх. Ер нь л дийлэнх хүний бодол ийм. Өөрөөрөө
байх нь сайн тал уу? Муу тал
уу? гэсэн
асуулт намайг эргэлзүүлнэ.
Бодлоо баталгаажуулахын тулд би нилээд хүнээс дээрх асуултыг асуусан юм.
Бүгд л сайн тал гэж байна. Гэхдээ олон дахин бодохоор өөрөөрөө байх нь сайн,
муу талыг хослуулан байдаг юм шиг санагдсан.
Миний
найзыг Урангоо гэдэг. Бид одоо 19 настай. Үерхэж найзлаад хэдийнээ 13 жил
өнгөрсөн байна. Нэг нь нөгөөгөө орлож чадахаар болтолоо биедээ дасаж нэгнийгээ
өөрөөсөө дутахааргүй сайн мэддэг болсон гэсэн үг л дээ. Бидний хүсэл мөрөөдөл,
тэмүүлэл, амьдралын зорилго ер нь л бараг адилхан. Учир нь бид энэ олон жилийн
туршид нэг нэгэндээ уусчихсан юм. Гэхдээ бид адил хүсэл тэмүүллийнхээ төлөө өөр
өөр аргаар тэмүүлдэг. Найз маань өөрөөрөө байж чаддаг, өөрийгөө нэгэнт олсон,
өөрөөрөө байх урлагт хэдийнээ суралцсан хүн. Бидний дунд ямар нэгэн асуудал,
маргаан гарахад тэр намайг загнадаг, шүүмжилдэг, буруутгадаг. Сайн хүн болох
гэж өөр хэн нэгэн болж хувирдаггүй.
Хэзээд өөрийнхөөрөө. Хаврын тэнгэр шиг эс хувирна. Энэ зан нь биднийг
олон жил бат нөхөрлөхөд тусласан байх. Найз маань эмч болохыг багаасаа л
мөрөөддөг байсан. Гэхдээ хамгийн том асуудал нь тэр химийн хичээлдээ тийм ч
мундаг биш харин урлаг яруу найргын мэдрэмжтэй, ном унших дуртай нэгэн.
Тэмдэглэлийн дэвтэр дүүргэн бичсэн шүлэг, өгүүллэгээс нь түүний яруу найргын
авъяастайг мэдэж болно. Тиймээс би болон гэр бүлийнхэн нь түүнд эмчийн мэргэжил
зохихгүй гэж зөвлөдөг байв. Гэхдээ тэр мөрөөдөлдөө хичнээн үнэн ч гэж санана.
Намайг бүү хэл ээжийнхээ үгийг эс сонссон. Миний амьдрал зөвхөн надад л
заяагдсан. Хэрэв хүссэнээрээ амьдарч чадахгүй бол хэн нэгнийг хожим нь буруутгах
эрх надад байхгүй тиймээс л би өөрийн хүслийг дагна гэж байнга хэлдэг байсан.
Аравдугаар ангиасаа хойш “хими1” гэсэн номыг
гараасаа салгалж, толгой өндийх сөхөөгүй явсаар анагаахын их сургуульд тэнцэн
орсон юм. Одоо түүний өмнө амжилтын зам тодоос тод зурайж байна. Өөрөөрөө
байхын нэг илрэл нь өөртөө итгэлтэй байх аж.
Хэдэхэн
хоногийн өмнө гэрээсээ гараад алхаж байлаа. Гадаа тогтуухан нам гүм нэг л
сэтгэлд дулаахан сайхан өдөр байсан юм. Буудал дээр ирж автобус хүлээж зогсох
зуураа төлөвлөсөн ажилаа бүгдийг нь амжуулад ирнэ дээ гэж бодов. Хажууд дэгжин
бөгөөд цэмцгэр хувцасласан нэг залуу ирээд зогслоо. Тамхи татаад л, дээгүүр
харан утааг агаарт замхруулна. Хэсэг өнжсөнөө харсан зүгээдээ нулмина. Гутал
хувцасан дээр минь хэсэг нь дусна. Дулаан агаартай хоршсон сэтгэлийг
сэрүүцүүлэх нь тэр. Өөрөөрөө байх нь сайн тал ч аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж
хэзээд байдагсан. Аливаа зүйл хоёр талтай. Сайн гэж байхад муу гэдэг үг
оршисоор л байх болно. Өөрийнхөөрөө байх нь сайн тал би л хүсвэл дуртай хүссэн
зүйлээ хийж болно гээд олон нийтийн газар шүлсээ хаяад, тамхи татаад байж
болохгүй. Хувь хүний ухамсар, хүмүүжлийг шууд харуулдаг гэдэг нь энэ юм. Хэзээ,
хаана энэ занг гаргах вэ гэж орчиноо мэдрэх нь чухал. Өөрөөрөө байх зан хэмжээнээсээ
халиад эхэлвэл таныг хэн ч биш болгож харагдуулахад хэдэхэн минут л
шаардлагатай. Энэ мэтчилэн урлаг болгох уу ухамсар дорой болгох уу гэдэг нь
таниас л хамаарах аж.
Өөрийгөө
хянаж, өөрөөрөө байгаа хүн хичнээн хүчтэй, аугаа байдгыг мэдэх үү?. Тэнгэрт тултал магтуулах, газар доогуур ортол муулуулах хувь
тавилан хэнд ч тохиож болно. Аль ч үед, магтууллаа гэж онгирч сагаж хөөрөлгүй,
муулууллаа гэж унжийн урвайж хөглөлгүй хүнээрээ байж, өөрийн төрлөх шинжээ хадгал. Ургаа хад салхинд эс ганхахын
нэгэн агаараар ухаант хүмүүн сайлах болоод муулахад эс автагдмуу хэмээсэн суутны
үгийг марталгүй санах хэрэгтэй. Бүх зүйлд
өөрийн бодолтой байх нь өөрөөрөө байхын үндэс. Зарим хүн үйлдэл хийхээсээ өмнө
боддог. Зарим нь хийсэн хойноо юу болчихвоо гэж боддог. Харин үлдсэн нь юу ч
боддоггүй. Хэрэв чи нэг хэлэхээсээ өмнө хоёр удаа бодож байвал энэ нь өөрөөрөө
байх урлаг юм. Өөрөөрөө байснаар өөр байж чадна. Хэрэв уг урлагт суралцаж
чадахгүй гэвэл өөрөөсөө өөр хүн болж жүжиг тоглоно
гэсэн үг. Бүх
амьдралынхаа туршид жүжгийн гол баатар болно гэдэг утгагүй, тависан жүжгэндээ сүүлдээ өөрсдөө ядарч
туйлддаг юм. Тиймээс л сайн муу хоёрыг
хослуулан, аль ч үед тогтвортой байж чадвал та аугаа урлагт суралцжээ гэж
ойлгож болно.
No comments:
Post a Comment