5.18.2013

Үхэлгүй мөнх хүн төрлөхтөнд аюултай юу?


         Би саяхан интернэтээр аялаж яваад
Газар дэлхий сөнөнө гэж үгүй, бүү гунихар
Гараг одод бөхнө гэж үгүй, бүү гунихар
Чандраар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүсийн сууц болно, бүү гунихар гэсэн 4 мөрт шүлгийг уншаад гунихарах, эс гунихарах хоёрыг зэрэг мэдэрлээ. Учир нь би үгүй болсон хэдий ч бие минь энэ дэлхийн хаа нэг хөрсөнд булагдаж мөнх оршино гэж эс гунихарав. Гэхдээ би л үгүйгээс хойш бие мөнхөрлөө гээд юунд хэрэгтэй билээ гэж гунихарсан юм. Хүн бүхэн үхлээс айдаг. Гэвч энэ нь амьдралын хууль учир хэн ч эсэргүүцээд нэмэргүй, хэний ч санал хүсэлтийг сонсдоггүй юм. Миний бодлоор уг саналыг хүлээж авдаггүй байсан нь ч дээр биз гэж бодлоо. Яагаад гэвэл мөнх бус гэдэг нь амьдралын гол утга учир юм. Хэрэв үхэлгүй мөнх байсан бол хамгийн ухаантай амьтан гэгдэх хүн амьд нэртэй үхдэл шиг амьдарч чадах ухаантай бас дэндүү ухаан муутай амьтан юм.
            Хүн төрлөхтөнийг мөнх бус ч гэсэн урт удаан хугацаагаар ундаалж ирсэн эх булаг бол хайр юм. Амьдрал хэмээх нэртэй байшин байсан бол хайраар суурийг нь цутгаад мөнгөөр ханыг нь босгох байсан. Амьдрал мөнх бус учраас хүмүүс бие биенээ илүү их хайрлаж, нандигнандаг. Хүмүүн заяаг олж төрөөд хэн нэгнээр нандигнуулж амьдрана гэдэг хичнээн дулаахан бас дэндүү их аз жаргал биш гэж үү? Мөнх бусад оршиж мөнгөөр биеэ хучсан ч хаа нэг газраар тань хүйтэн салхи үлээж таныг жихүүцүүлэх л болно. Мөнх амьдрал бэлэглэе харин оронд нь хайр гэдэг зүйлийг үгүй хийнэ гэвэл би хэзээ ч зөвшөөрөхгүй. Учир нь үхэлгүй мөнх байсан бол хүмүүс бид хайрыг мэдрэхээ болино. Яг л усаар дутагдсан ангамал хөрс шиг хатаж, хорчийж, үхээнц амьдрана гэдэгээ мэдэрч байна. Өнө удаан жил амьдарсаар биенээсээ залхаж, хүйтэн зүрхтэй шавар барималууд шиг л болно бизээ. Жилээс жил, зуунаас зуун дамжин ингэж амьдрахыг та хүснэ гэж үү?
     Одоогоор манай дэлхий 6.5 тэрбум хүнтэй. 2050 он гэхэд 9 тэрбум болно гэсэн тооцоо бий. Английн эрдэмтэн Ж. Фремлиний тооцоо, судалгаагаар дэлхий хэдэн ч хүнийг даах чадвартай гэнэ. Гэхдээ миний хувьд үүнд эргэлзэж байна. Хэдий энэ судалгаа үнэн байсан ч хүн нэмэгдэхийн хэрээр орон сууц, барилга байшин, машин техник гээд бүгд л дагаад нэмэгдэж эхлэнэ шүү дээ. Тиймээс хэдий даац тогтвортой байсан ч зай талбай, газар нутагын хувьд хязгаарлагдаж ирнэ. Үүнээс болж алсдаа бид хамгийн багадаа 2000 давхар байшинд амьдрахгүй бол хүмүүст сул зай талбай хүрэлцэхгүй болно гэсэн судалгаа байдаг гэнэ. Итгэхэд хэцүү байгаа биз. Нэг бодолын энэ нь хүн төрлөхтөний агуу их амжилт, бахархал мэт байвч үгүй юм. Учир нь хүн 32 давхараас дээш өндөрлөгт удаан хугацаагаар амьдравал үргүйдэл, орон зайн айдаст эмгэг, сэтгэцийн эмгэг гажуудал гээд галзууралд хүрээд төгсөх нь байна.
          
             Хэрвээ амьдрал мөнх бус байсан бол цаг хугацаа алтны дайтай үнэлэгдэж, чинагш үргэлжилэх амьдрал утгаа нэгэнт олж чадахгүй. Хүмүүс бид дэндүү гэхэд дэндүү их шуналтай амьтан. Хэзээ ч ханаж цадахаа мэддэггүй. Амжилт, алдар нэр, мөнгө алийг нь ч дээшлүүлж нэмэгдүүлэх тусмаа түүнээсээ илүү ихрүү зүтгэж байдаг. Гэхдээ шуналыг хэмжих хэмжүүртэй байлгавал сайн чанар мэт санагдах юм. Хүн шунаж буйн гол үндэс нь шунаг сэтгэлээ гүйцэлдүүлэх хангалттай их хүч чадалтай мөн цаг хугацаа хязгаарлагдмал байдагт оршдог байх. Төгсгөл гэж үгүй бол цаг хугацаатай өрсөж өөрийгөө нээн илэрүүлж, таньж мэдэх, хүчээ бүрэн дайчилж хүссэн өндөрлөгтөө хэзээ ч хүрч чадахгүй. Энэ их хүчээ хэзээ, хэний төлөө зарцуулахаа мэдэхгүй нөөсөөр л байна байх. Тиймээс хүний амьдрал мөнх бус байдагт би баярладаг.
           Би саяхан Өргөө кино театрт “Warm bodies” гэдэг кино үзсэн юм л даа. Уг киноны өрнөл нь нэгэн цус сорогч залуу энгийн л нэгэн бүсгүйд сэтгэл алдардаг. Мэдээж хэрэг гол дүрийн 2 баатар маань хэзээ ч бүтэхгүй, бие биенээ хайрлаж болохгүй мэт санагдаж байгаа биз. Залуу цус сорогч хэвээр үлдэх юм бол мөнх амьдарна. Харин хүний цус сорохоо боливол бага багаар өөрчлөгдөж хүн төрхөндөө орох боломжтой юм. Залуу нь бүсгүйд маш их хайртай учраас мөнх бус амьдрал буюу хайрыг сонгож гэгээн хайрынхаа хүчээр өөрчлөгдөж чадсан юм. Утга учир, хүсэл тэмүүлэлтэй амьдрах гэсэндээ тэр мөнх бусыг сонгосон. Энэхүү сонголт нь түүний мөнх амьдралаас мянга дахин их аз жаргалыг мөнх бус хугацаанд мэдрэх гайхалтай завшаан байсан юм.
            Үхэлгүй мөнхөд оршилоо гээд бид мөнх бусаасаа хэзээ ч дээр гарч чадахгүй. Учир нь юм бүхэнд үнэ цэнэ, утга учир, шалтгаан гэж байдаг. Бид төгсгөл байдаг гэдгийг мэддэггүйсэн бол хэсэгхэн жаргалын исэгэлэн амтыг мэдрэхгүй, үгүйлэн санахын хоорондох сэтгэлийн гэгээг мэдрэхгүй. Нүдтэй мөртлөө нүдгүй мэт бүдчин бүдчин алхалж, ухаант хүн гэж нэрлэгдэх атлаа ухаанаа алдсан галзуу хүн шиг хэний, юуны төлөө амьдарч буйгаа мэдэхгүй өмнөх өдрийн бүхэн давтагдаж дөлгөөхөн нэг урсгалаар хөвөх байсан биз. Үр удамаа ч үлдээж чадахгүй... Тиймээс мөнх амьдрал бидэнд хэрэгтэй гэдэгт би эргэлзэж байна. Мөнхийн бие, сэтгэцийн эмгэгтэй, учир битүүлэг  амьдарснаас утга учиртай хүн шиг, богино насалсан нь дээр биз гэж надтай санал нэгдэн хэлэх хүн олон байгаа байхаа. Мөнх бус амьдрал байдагт би баярладаг. 

No comments:

Post a Comment