Монгол улсын сэргэн мандалт, тусгаар тогтнол, ардчиллын замд сэтгүүлчийн
оруулсан түүхэн үүрэг агуу их билээ. Ардчилсан хувьсгалтай анх золгуулсан,
нийгмийг өөрчлөх ёстой гэж хэн анх дуугарсан бэ? мэдээж сэтгүүлчид шүү дээ.
Тийм учраас ардчилсан хувьсгалыг сэтгүүлчидгүй төсөөлөх аргагүй юм.Аль нэг
намын харъяа, үзэл бодолд хашигдаж байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл,
сэтгүүлчдэд ардчилсан чөлөөт сэтгүүл зүй гэдэг харьцангуй шинэ ойлголт болж,
үүнийг бүрэн утгаар хэрэгжүүлэхэд тэдний ур чадвар эхэн үедээ дутагдаж байсан
гэж хэлж болох юм. Одоогоос зуу орчим жилийн тэртээ буюу манай улсад дөнгөж
сэтгүүл зүй үүсч, бүрэлдэн бий болж байх үед дэлхийн тэргүүний орнуудад
боловсролтой хүмүүсийн тоо нэмэгдэж, тэдний ухамсар дээшлэхийн хирээр олон
түмнийг сэтгүүлчид эрээ цээргүй, хүссэнээрээ мунхруулж байгаад зүй ёсоор
бухимдаж эхэлсэн байна. Гэхдээ энэхүү бухимдал гэнэт, ганц нэг нийтлэлийг
дагаад бий болоогүй нь ойлгомжтой хэрэг. Энэ бүгдээс үүдэлтэй 1923 онд “Сэтгүүл
зүйн канонууд” нэртэй ёс зүйн зарчмыг АНУ-д баталсан байна.
Сэтгүүлчийн ёс зүйн анхны зарчмуудын гол санааг тоймловол: үнэнийг бичих,
баримтад тулгуурлах, хүний нэр төр, хувийн амьдралыг хүндэтгэх, авилга авахгүй
байх, гаргасан алдаагаа залруулж байх, мэдээллийг цуглуулах болон түгээхдээ
шударга байх, ардчилсан ёсыг хүндэтгэх зэрэг шаардлага тавьж байв. “Сэтгүүлч л
жирийн иргэнээс авахуулаад удирдах албан тушаалтан, сайд дарга, төрийн
тэргүүнийг хүртэл ОНМХ-ээр шүүмжлэх эрхээр хангагдсан байдаг” хэмээн МУИС –ийн
Сэтгүүл зүйн багш доктор Ч.Чойсамба бичжээ. Харамсалтай нь өнөөдөр зарим нэг
хүмүүс, тодруулбал улс төрийн хүрээнийхэн ХМХ-ийг өөрийгөө хамгаалах, хуяглах
хэрэгсэл болгон ашиглаж, бусдын эрх, нэр төр, хууль ёсны ашиг сонирхолд харшлах
мэдээ сэлтийг нийгэмд тарааж байгаа нь чөлөөт хэвлэлийн үүрэг, ач холбогдолыг
бууруулж, дөрөв дэх засаглалын нөлөөг сулруулсаар байгаа юм. Ийнхүү ихэнх
хэвлэл цөөнхийн эрх ашигт үйлчлэх болсон нь нийгмийн гүнрүү өнгийсөн мэдээ
багсаж, мэдээлэл хязгаарлагдмал болж эхэлсэн нь нэгэнтээ чөлөөт, мэргэжлийн
сэтгүүл зүй бүрэн утгаараа хэрэгжихээ больсон билээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч
Б.Галаарид өөрийн блог хуудсанд "Иргэний сэтгүүл зүй
сайн байна уу?" гэж хэлэх цаг монголчуудын хувьд нэгэнт болчихоод байна
хэмээжээ. Мэргэжлийн болоод мэргэжлийн бус сэтгүүлчдийн хооронд асар их ялгаа
гарах нь мэдээж боловч citizen journalism буюу иргэний сэтгүүл зүй нь жирийн иргэдийн доторх
тэргүүний хэсгийнхэний үзэл санаа, идэвхитэй байр суурийг илүү хүргэдгээрээ
давуу талтай юм. Үүний тод жишээг Өмнөд Солонгосын “Ohmynews” иргэний мэдээллийн сайтаас харж болно. Энэ нь 40 мянган
иргэний сэтгүүлчтэй бөгөөд өдөрт 14 сая цахим хуудас үздэг ажээ. Өнөөдөр
нийгэмд ямар нэгэн үймээн самуун өрнөхөд 24 цагийн дараа тухайн мэдээллийн 2
сая 250 мянга нь блог нийтлэлээр, 227 мянга нь твиттер сурвалжлага, 3 мянга нь
видео бичлэгээр цацагддаг гэсэн судалгаа гарсан байна. Нэгэнт техник технологи хурдацтай хөгжиж, иргэдийн
идэвхи оролцоо нэмэгдсэн өнөө цагт мэргэжлийн сэтгүүлч л мэдээллийг олж,
боловсруулж, түгээх ёстой хэмээн ойлговол өрөөсгөл болно.
No comments:
Post a Comment