5.18.2013

Өөр байх урлаг


      Өөр байх урлаг гэх гуравхан үг бидний өдөр тутамын хэрэглээнд тийм ч их хэрэглэгддэггүй. Яагаад гэвэл бидэнд өөр байх урлагийг хэн ч, хэзээ ч зааж байгаагүй юм. Гэхдээ бид уг өгүүлбэр, үгийг л ойлгохгүй байгаа болохоос биш аль хэдийнээ энэхүү урлагт суралцаад явж байдаг юм шиг санагдаж байна. Урлаг гэхээр л тайз, дэлгэц, гоёж гялтагнасан орчин төсөөлөгдөж байгаа биз. Тэгэхээс ч өөр арга байхгүй мэт. Бид гаднаасаа харахад бүгд өөр өөр. Нүд, хамар, үс, бие хаа тэр ч байтугай өмссөн хувцас, сонирхол  гээд бүхий л зүйл өөр. Яахав зарим нэг талаараа хэн нэгэнтэй адил төстэй байж болно л доо. Гэхдээ бид давтагдашгүй цор ганц л байсаар байдаг. Нэг эхээс төрсөн ихэр хүүхэд хүртэл  харахад адилхан ч ямар нэг шинж чанараараа гарцаагүй өөр л байдаг. Бусдаас өөр болж харагдах амархан, бүр жинхэнээсээ өөр байх ч амархан. Гэхдээ яах гэж өөр байгаагаа ухаарч, яагаад өөр байхыг хүсч буйгаа таньж мэдээд түүнийгээ ил гаргах нь өөр байх урлаг юм. Хэрэв бид өөр байх урлагт бүрэн суралцаж чадвал өөрийгөө болон өөр хэн нэгнийг гарцаагүй өөртөө уусгаж өөрчилж байдаг гайхалтай урлаг аж.
       Нэгэн хүүг ангийнх нь багш энэ сурагчид ямар ч ирээдүй байхгүй, бусад сурагчдаас огт өөр гэж тодорхойлжээ. Орой нь хүү өөрийгөө бусадтай адилгүй гэж хэлүүлсэндээ гуниглан сууж байтал ээж нь орж ирээд толгойг нь илэнгээ минии хүү бусадтай яг адилхан байвал хэзээ ч мундаг үйлийг бүтээж чадахгүй шүү дээ гэж хэлсэн гэдэг. Тэр хүү бол дэлхийд цуутай физикч Альберт Эйнштейн байсан юм. Тэр өөр байх урлагт багаасаа л ухамсаргүйгээр суралцсаар байсан. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бусдаас өөр болчихвий гэж санаа зовдоггүй гэхдээ өөрийн үзэл бодлыг хэн нэгэнд зөв гэж тулгадаггүй харин түүнийгээ үнэн гэдгийг батлахыг зорьдог байсан нь түүний өөр байх урлагт гаргууд суралцсаныг илтгэж байна. Тиймээс нэг талаар өөр байх урлаг нь өөртөө итгэлтэй байдлаар илэрдэг байна.
        Өөрөөсөө өөрчлөлтийг эхлэж өөр байж чадвал таны өөрчлөлт бусдыг өөр болгож чадна. Эйнштейн агуу мундаг байсан нь ганц түүний амьдрал ахуйд нөлөөлөөд зогсоогүй зуун зууны хүн төрлөхтөнд нөлөөлж өөр байх үндэс суурийг нь тавьж өгсөн. Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Эйнштейн бага ангийн багшаасаа харанхүй гэж байдаг уу гэж асууж байсан гэнэ. Хариуд нь багш нь байлгүй яахав, чи чинь ямар сонин юм асуудаг юм бэ? Өдөр шөнө солигдож харанхуй болдог биздээ гэж хариулав. Харин Энштейн үгүй дээ багшаа харанхуй гэж байдаггүй юм. Гэрэл байхгүйн улмаас л харанхуй үүсдэг юм. Бид гэрлийг судлаж болно. Харин харанхуйг судлах боломжгүй гэсэн байдаг гэхчилэн тэр бүх тал дээр бусдаас өөр байсан. Өөрийнхөө бодолд итгэлтэй, тууштай байснаар тэр гэрлийн шинж чанарыг тайлбарлаж бидэнд телевиз, интернэт ашиглах боломжийг олгосон юм. Энэ мэтчилэн түүний олон санаа дэлхийг өөрчилсөн. Тиймээс өөр байна гэдэг ганцхан таньд бус дэлхийн хүн төрлөхтөнд нөлөөлөх агуу урлаг юм.
     Хүмүүн заяаг олж төрнө гэдэг зүүний үзүүрт арвай тогтохтой адил ховор тохиол гэлцдэг. Хүн бүр л энэ нандин заяаг олж төрсөндөө баярлаж, бахархаж ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр түүнийгээ үйл хөдлөлөөр илэрхийлж чаддаггүй. Тиймээс та энэ хорвоо дээр утга учир, дурсах алдар, бусдад үнэлэгдэж хүндлэгдэхийн тулд би бусдаас ялгаатай, бүр тэс өөр гэдгээ хувь хүн талаасаа харуулах хэрэгтэй. Тэгэхгүй гаднаасаа ч дотроосоо ч яг л бусдын адил, хэн нэгний хуулбар мэт өөрийн бодолгүй амьдрах нь бие даасан хувь хүнийхээ шинжийг нэгэнт олж чадахгүй. Зааваал бусдаас ялгараад, сондгойроод бай гэсэн үг биш л дээ. Гэхдээ өөрийнхөө байр суурь, үнэ цэнийг хэзээд алдалгүй байх хэрэгтэй юм. Таныг орлох хэн нэгэн байхгүй учраас тоотой эргэлдэх энэ хэдэн жилд би хэн бэ? Намайг үл орших үед намайг хүрээлэн байсан хүмүүс намайг бусдаас  өөр дүрээр минь санах болно гэдгийг санах хэрэгтэй. Нийтлэг зан ааш, төлөв байдал нийгэмд нилэнхид нь тарахчихсан учраас өөр байх урлаг таныг үүрд оршин байлгаж чадна. 

No comments:

Post a Comment