Дурлалт бүсгүйгээ эргээд ирээч хэмээн арагдах мэт
намдуухан тийм нэгэн ая, гитарийн хөг, хааяа нэг цохих бөмбөрийн тоот түүний
хоолойгоор хөглөгдөн гарах нь гайхалтай. 1950, 1960-д оны америк залуусын өнгө төрх, сэтгэл хөдлөл, орчинг энэ
дуунаас тод харж болмоор. Намайг бага байхад яг л ийм дуугаар дэвсгэрлэсэн хар
цагаан кино их гардаг байсан. Салж чадахгүй биедээ тэмүүлэх хайрын тухай.
Дурлалт бүсгүй нь мөрөө дөнгөж далдалсан
үсийг буржийлган толгойдоо том саравчтай малгайг хазайлган донжтой гэгч нь
өмсч, дэрэвгэр хормойтой платьаар. Харин залуу нь шоон хээтэй питжак, шагайгаар
татсан өмд, кепикэн малгай зэргээр гоёно. “Are you lonesome
tonight” дууг сонсоход яг л
ийм өнгө төрх нүднээ буулаа. Дууг ганц сонсоод тухайн үеийн төсөөллийг олж
харна гэдэг дуучны ур чадвар, сэтгэл зүрх, авьяас гайхалтай гэдгийн илрэл юм.
Би хайрын
тухай дуу сонсох дуртай. Бүтэлтэй, эс бүтэлтэй дурлалын дуу энэ дэлхийд түм
бумаараа. Магадгүй хайрын тухай сэдэвтэй дуу хамгийн их нь байдаг гээд хэлчихэд
алдах зүйлгүй байх. Гэхдээ миний сонсдог дурлалын аяз, хэмнэл “Are
you lonesome tonight” дуунаас тэс
өөр. Ая, үг, дүрс ер нь бүгд л өөр. Дуучид нь тод өнгийн хувцасаар гоёж, эвлэг
намдуухан дуулж, хайртай хүнийхээ гараас атгахдаа ч ичингүйрэх гэнэхэн хайрын
тухай өгүүлэн, дүрсжүүлсэн солонгос дууг би сонсдог. Харин өнөөдөр рок-н-роллын хаантай анх удаa “танилцаж” дууг нь сонсож үзлээ. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементийг хослуулж
чадсан түүний тайзан дээр биеэ авч
явах этгээд араншин, гайхалтай хоолой нь тэс өөр
урсгалын хорхойтон надад үнэхээр содон байж чадсан юм.
Элвис 25
настайдаа цэргээс түрүүч цолтой халагдан
Америкт иржээ. Ингээд тэр ондоо “Elvis is back” цомгоо гаргасан бөгөөд чартийн хоёрт бичигджээ. Тэрээр
Европоос “o soli mio”, “Sorrento”, “La paloma” хэмээх улс төрийн шинж чанартай шинэ дуунуудтай ирсэн байлаа.
Ийнхүү 1960 онд “Are you lonesome tonight” дуу нь хит парадийг тэргүүлэх болсон байна. ХХ зууны хамгийн алдартай жүжигчин, дуучин, бүсгүйчүүдийн
зүрхийг булаасан хүн бол яах аргагүй Элвис Пресли. “Rolling stone” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн дэлхийн
хамгийн шилдэг 50 уран бүтээлчийн жагсаалтад гуравдугаарт бичигдсэн байдаг. Уг дуу нь өнөөг хүртэл дэлхийн алдартай романтик дууны
нэгд зүй ёсоор ордог нь түүний хоолойны ур чадвар, сэтгэл хөдлөл, этгээд сонин
төрх, дур булаам царайтай салшгүй холбоотой бизээ. Босгосон зах, нарийн өмд,
өвөрмөц үс засалт зэргээр түүнийг хүн бүр андахгүй.
Энэ хорвоо дээр төгс хүн гэж угаас
байдаггүй шүү дээ. Зарим хүн Элвисийг хүүхэмсэг, завхай нэгэн ч гэдэг байлаа. Үүнийг дуулахдаа гуяа хөдөлгөдөг
байсан солиотой гэмээр бүжигтэй нь ч холбон тайлбарладаг гэнэ. Хуучинсаг
үзэлтнүүд түүнийг “Элвис Пэлвис” гэж нэрлэн дургүйцлээ илэрхийлдэг байжээ. Pelvis
гэдэг нь аарцаг, сүүж гэсэн
утгатай үг юм. Гэхдээ ч Элвис нилээд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож салсан нь
үнэн. Тэр ч бүү хэл тэдний араас гунигласан, тэдэнд зориулсан дууны нэг нь “Are
you lonesome tonight” ажээ. “Always
on my mind”, “Separate ways”, “Take good of her” зэрэг дуу нь тэдгээр бүсгүйд зориулагдсан гэнэ.
Нэрнээсээ л анзаарагдах аж. Алдарт Бруно Марс хүртэл Элвис шиг охидын зүрх сэтгэлийг эзэмдэгч болохыг хүсдэг
байсан ч гэж хэлсэн байдаг.
Түүний бүх л дуу гайхалтай. Бүгд л хит
болсон. Гэхдээ “Are you lonesome tonight” нь илүү алдартай, ихэвчлэн бүсгүйчүүд сонсдог ажээ.
Хэн нэгэн зохиолчийн хичнээн сайхан ая, үгтэй дуу байлаа
гээд дуучин түүнийг мэдэрч, чин сэтгэлээсээ дуулж чадахгүй бол дуу “амьлахгүй”. Нэгэн цагт хайрлаж явсан бүсгүйнхээ араас санаж,
бодлогширч дуулсан учраас түүний бодол санаа, сэтгэл хөдлөл,
хэлэхийг хүссэн үг, үйлдэл болгон дуунд шингэж тэр ч
хэмжээгээрээ сонсогчдод хүчтэй хүрдэг байх. Тэдгээр сонсогчдийн нэг нь би. Рок,
блюз, кантри урсгалын хөгжмөөс ангид явсан надад нэг сонсоод л сэтгэлд хүрсэн
гэхээр уг дуу чихэнд чимэгтэй, хүчтэй, аргагүй л дуундаа амь ортол зүрхний
гүнээс дуулсан гэдэг нь гарцаагүй. Ер нь ганц дуу ч гэлтгүй сэтгэлээсээ хийж
бүтээсэн үйл болгон эргээд үр шимээ гарцаагүй өгдөг шүү дээ. Хэдий дурлал нь
бүтэлгүйтэж салсан ч тэднийг хүндэтгэн, чин сэтгэлээсээ дуулсан нь түүний бас
нэгэн өвөрмөц чанар ч байж болох юм. Хэн нэгнийг хайрлаж, уярааж сэтгэлийн үгээ
намуухан аятай сүлэн дуулахыг нь сонсмоор, нэг л эрхэмсэг байдлыг бодогдуулах миний
мэдэхгүй энэ дуу цаанаа л нэг чамин.
No comments:
Post a Comment