7.19.2012

Хэрвээ яг л Квазимодо шиг хүн таньд дурлавал?


        Өрөөний хананд тоос даран тогтсон тавиур дээрх зузаан номнууд хэдэн жил өнгөрсөн ч яг л бахь байдгаараа. Магадгүй гучаад жилийн өмнө л аав минь энэ булангааса урагдаж ноохойрсон номнуудыг уншиж дуусгаад нэг салхи үзүүлсэн байх. Өнөөдөр л гэнэт ухаан орсон юм шиг гэрт минь ийм сайхан дурсамж, дурдатгал хадгалсан номнууд байгааг олж би мэдлээ.
     
Хамгийн дээд эгнээний улаан, зузаан хавтастай номыг авах гэтэл би арайл хүрсэнгүй. Нэг эгнээ доошлохоор шийдлээ. Зүүн талаасаа хамгийн эхнийхийг нь суглаад авлаа. Энэ бол "Парисын дарь эхийн сүм". Нэр нь нэг л танил сонсогдох шиг. Хэсэг бодсоны эцэст бага ангид байхдаа ийм нэртэй хүүхэлдэйн кино үзэж байснаа санасан юм. Хамгийн түрүүнд бөгтөр нуруутай, хонхойж сорви тогтсон муухай царайтай хүн санаанд орлоо. Магадгүй би энэ хүнийг бага байхдаа бараг л амьтан мэтээр төсөөлж явсан байх.
        Ямартай ч номныхоо эхний хуудасыг нээлээ. Жил даасан тоосных нь үнэр үнэртэж, бас нэг номны үнэр гэж юм байдаг даа .... ямар ч гэмээр юм. Би үгээр сайн тодорхойлж хэлж чадахгүй байна.
Номын зохиолч В. Гюго анх Парис хотын дарь эхийн сүмээр зочилж ханан дээр сийлсэн, хуучран харласан грек үгийг олж хараад уг номыг зохиожээ. Ханан дээрх үг нь Апагкн гэж сийлэгдсэн бөгөөд энэ нь грекээр "Хувь заяа" гэсэн үг юм. Заяа бол ганцхан хүнийг ч биш бас бурханыг хүртэл захирдаг ялагдашгүй хүч юм гэж эртний хүмүүс биширдэг байж.
     Энэхүү алдарт бүтээлийн гол эзэн нь яахын аргагүй үзэсгэлэн төгс Эсмеральда бүсгүй юм. Гэнэтийн азаар энэ сайхан бүсгүйг эхнэрээ болгон авсан Пьер Гренгуар ч бас азтай л залуу. Гэхдээ энэ зузаан номын үйл явдал бүрээс миний сэтгэлд үлдсэн хүн бол зөвхан Квазимодо.
        Гренгуар тайзан дээр гарж "Ариун гэгээн Мари дарь эхийн үнэн түүх" нэртэй жүжгээрээ дарь эхийн сүмд цугларсан хүн бүрийн анхаарлыг татах гэж аргаа барна. Яагаад вэ гэвэл энэ бүгд ноён Хамчингаас болсон хэрэг шүү дээ. Тэр жүжиг эхлэх цагыг хойшлуулж хүмүүсийн цөхөрлийг барсан юм. Тэр үеэр зарим үзэгчидээс Бархасбадь, Бурбоны хамба лам сөнөтүгэй! одоо жүжгээ эхлэхгүй бол жүжиг эхлэх хүн, хамчин хоёрыг шуудайд хийж боогоод дүүжиллээ гэж цухалдагсад хашгирна.
        Энэ бүх үймээнийг өөрлүүгээ хандуулж чадсан нэг хүн бий. Хөдөлгөөн багатай, загжгар урт өргөөшөө бараг адил хэмжээний биетэй энэ хүн дуганын босго алхмагц энгийн олон ард зөвхөн түүнийг л анхаарна. Энэ бол Дарь эхийн сүмийн хонхыг цохигч муруй тахир хөлтэй, өрөөсөн нүдтэй Квазимодо юм. Сармагчин шиг муухай амьтнаа! гэж нэг эмэгтэй хэлнэ, муухай царайтайгаа адил муухай авиртай байхаа гэж нөгөө эмэгтэй үглэнэ.Тэр чигээрээ чөтгөр гэсэн үг байна гэж гурав дахь нь хэлнэ. Энэ бүх шуугианыг үүсгэсэн Квазимодо биеэ харуулсаар томоотой боловч гунигтайхан зогсоно. Чухам эдгээр хүмүүс өөрийг нь юу гэж хэлж байгааг хоёр чихээрээ сонсож чадахгүй ч доглон нүдээрээ бүгдийг ухаарна. Сүмийн хонх цохисоор байгаад л дүлий болсон хэрэг шүү дээ.
Бөхөн нуруут, бүтэлгүй хүн, явахдаа доглон, харахдаа хялар, хоёр чих дүлий ч тэр адгуус биш хүн. Хайрлан дурлах, хөөрөн баясах зүрхтэй хүн.
        Эсмеральда, Квазимодог харах даруйд айн түгшинэ. Харин Квазимодо яг л эсэргээрээ...
Доглон нүдэнд нь оч гэрэлтэж, даанч их баярлахдаа баргил хоолойгоороо хүр, хүр инээнэ. Хахир амьдралын нугчаанд дарагдаж эрэмдэг болсон ч ариухан хайрыг мэдэрч чадах эр хүн шүү тэр. Эсмеральда алга болох үед ч Квазимодо сүмийг хориос зуун дахин өгсөж уруудан, уртааш нь хөндлөөш нь хэрчин гүйж, дуудаж, хашгиран, үнэртэж, нэгжин хайж, учраа алдан хүнхэр болгоныг дэнгээр гэрэлтүүлж бүх л нүх сүвийг өнгийн үзсэн. Эмийгээ алдсан эр амьтан ч Квазимодоогоос илүүгээр хашгирч чадахгүй биз. Үрээ үхүүлсэн эх хүн хүүгийнхээ өлгий, авс хоёрын хооронд шаналан суугаатай адил гуниглан байна. Энэ бүхний эцэст Квазимодо үнэнч дурлалаасаа болж Монфокны булшинд хошуу хавиран эргэлдэх хар хэрээнүүдийн зогсоол болон хэвтэх хүүр болон хурвирсан юм.
       Ядуу зүдүү гэхээрээ л хүнд дурлаж, дурлуулж болдоггүй юмуу? Доглон нүднээс нь нулимс үерлэж, дэндүү их хайрласан сэтгэл нь багтаж ядан байх үнэнч сэтгэл түүнд байсан шүү дээ. Яагаад?
Квазимодогын эцэсийн хүсэлд магадгүй Эсмеральдатай хойд насандаа учрах байсан болоод Эсмеральдагын хүүрийг чанга тэврэн, хэзээ ч орхихгүй гэдгээ баталсан нь тэр байх.
      Хэрвээ таньд хэзээ нэгэн өдөр ийм дурлал тохиовол та мөнхийн үнэн ч сэтгэл хэзээ ч хувирдаггүй, харин төгс төгөлдөр гоо үзэсгэлэн  он жил өнгөрөх тусам өөрчлөгдөн хувьсаж, доройтож байдаг гэдгийг бодоод үзээрэй.

Хүний үрийн гадна талыг хархаас
Хүсэлт зүрхийг нь өнгийн харсан нь дээр
Үнэн сэтгэлээс хүнд дурлаж чаддаггүй
Уймхарч явдаг эрчүүд байдаг
Нарс модны навч өвөл ногоон байвч
Найган ганхах зуны улиастай адилгүйг
Найз охин минь санаж явдаг ч болоосой
Гадна байдлаар олиггүй төрсөн хүн
Ганцаар шаналхаас өөр зам байхгүйг
Ганган охинд хэллээ гээд ойлгохгүй
Ганганаж аялаж дууллаа ч гэсэн сонсохгүй
Үзэсгэлэнт төрсөн хүний сайхан үр
Өөртөө тохирох ганган нэгнийг хайхаас биш 
Өөдгүй боловч үнэн сэтгэлтэнг тоохгүй
Өдөр шөнийг зовоон өнгөрүүлдэг биш үү
Харах нүдний харааг дандаа булаасан 
Хамаг олондоо шагширан гайхагдсан үзэсгэлэн
Хаа ч газар амьдралаар төгс дүүрэн
Хун шувуу өдөр шөнөгүй нисдэг 
Харин шар шувуу ганцхан шөнө нисдэг
Хар хэрээ зөвхөн өдөр л нисдэг.



           


No comments:

Post a Comment