5.18.2013

Зуун жилийн ганцаардал


Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийноршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай. Тэгэхэд Макондо хулс, шавраар барьсан хориод навтгар овоохой бүхий жижигхэн суурин байж, хаяагаар нь галавын үеийн амьтны өндөг шиг асар том мөлгөр цагаан чулуун дундуур тунгалаг уст гол мяралзанхан урсдаг байлаа. Ертөнц шинэхэн учир олон юмс нэр усгүй, тэдгээрийг дурдах болбол хуруугаараа заан ярилцдаг байвай. Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа шаан бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Эхлээд цыган нар соронзон гүр авчрав. Мельикадес гэдэг бавгар сахалтай, шувууны савар шиг мойног хуруутай лүглэгэр цыган Мекедоны рилү бүтээгчдийн бүтээсэн, ертөнцийн найм дахьм гайхамшиг гэж өөрийн нэрлэсэн зүйлийн идийг олонд чадал заан үзүүлэв хэмээн уг номын эхлэл өрнөдөг. Макондо хэмээх тосгоныг анх ийнхүү хийсвэрлэн бүтээж төгсөглд нь тэрхүү тосгонтойгоо хамт сүйрч буй Буэндиа овгийн гэр бүлийн тухай, тэдний амьдралын хэв маяг, тухайн үеийн амьдралд өрнөх алив муу муухай бүхнийг далдуур шүүмжлэн тод дүрслэн өгүүлдэг билээ.
Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа зоон бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Энэ үйл ажиллагаанд Буэндиа ихэд идэвхитэй оролцон, тэдний хэлэх ярих болгонд гүнээ итгэдэг байлаа. Зарим үед тэд хэлээ ойлголцохгүй дохио зангаа хэрэглэн ойлголцож, өөрсдийн хэрэгцээг хангаж чаддаг байсан нь тухайн зүйлээ хэр их сониучирхан идэвхитэй байсны гэрч юм. Цыгануудын бүтээлийг авахын тулд Буэндиа өөрт байх хөрөнгө мөнгө, мал зэргээ огт харамладаггүй байлаа. Буэндиагийн авааль гэргий Урсула Игуаран энэ хэдэн малаараа ар гэрээ өөд татах гэсэндээ Цыгануудад бүү итгэ хэмээн хориглож ядсан боловч эр нөхөр нь “Удахгүй чамайг алтаар дараад өгнө. Хийх саваа л мэдээрэй” гэж хариулдаг байв. Буэндиад тэдгээр бүтээл ид шидийн мэт санагдаж, өөрөө дахиад жоохон хичээвэл шинжлэх ухааны нээлт хийж ч болох юм байна хэмээн бодож шинэ туршилтыг шамдан эхэлж жинхэнэ эрдэмтэн хүний байдлаар биеэ гаргуунд нь хаяж, тэр ч байтугай аминдаа ч аюул учруулахаас буцахгүй болдог. Буэндиа гэр дотуураа хөлхөн, хэнийг ч анхааралгүй ганцаараа ярьчих зантай болсон байхад Урусула хэдэн хүүхэдтэйгээ гадил, маланга, төмс, наанги цагшаан ауйям, пагсаа жимс арчлан тариан талбайд нуруугаа бөгтийтөл ажиллаж байлаа. Тэд хүүхэддээ Хосе Акардио, Аурилиано гэдэг нэрийг хайрлсан аж. Урсулагийн ачаар шавар шал, шохойдоогүй хана, гар хийцийн бүдүүн хадуун тавилга нь цэвэрхэн гялалзаж, хувцас хадгалдаг хуучин авдраас нь альбаака цэцгийн үл мэдэгхэн үнэр анхилж байдаг байв. Гэтэл Хосе Аркадио Буэндиа толгой өөд татахгүй бүтээлдээ шимтсээр л байв. Энэ нь түүнийг ертөнцөөс тусгаарлаж, амьдралын утга учир чухам юундаа вэ гэдгийг ойлголгүй хамаг сайхан амьдралаа өөрийн гараар ганцаардалаар солиход хүргэсэн юм. Олон жил өнгөрч Бундиагийн 2 хүүхэд ч хүүхэдтэй болж хэдийн өнөр өтгөн  боллоо. Хосе Акардиогоос төрсөн хүүд Аркадио, Аурилианогоос төрсөн хүүд Аурилина Буэндиа  гэдэг нэр өгөв. Энэ мэтчилэн тэдний 6 үеийн түүхийг харуулна. Анхны Буэндиагийн үндэслээд, сүүлчийн Буэндиатай хамт мөхөж байгаа Макондо хотын түүх тун гунигтай. Хурандаа Аурелиано Буэндиа нийгмийн гэж болох шалтгаанаар ганцаардаж байхад Урсула сохорч өтөлсний улмаас Меме, Реебека нар дурлалаа бүтэлгүй болоход, Аркадио, сүүлчийн Хосе Аркадио нар хүүхэд байхаасаа эвдэрснээс болж ганцаарддаг. Зохиолын дунд дайн дажин хийгээд ураг төрлийн цус ойртох, хий хоосон зүйлд үнэмшин ганцаардалд дарагдаж Буэндиа овогын насан туршийн зорилго, бүх л зүйлээ золиослон зүтгэсэн бүхэн нуран унаж утга учиргүй болно. Ганцаардал гэдэг хэнийг ч юу ч хийж чадахгүй амьд үхдэл мэт хүлэн байдаг гэдгийг илэрхийлсэн гунигтай хийгээд тун сонирхолтой бүтээл юм.

Хашаа

- Миний дүү гэрээ хаана байдгийг мэдэх үү? Ахдаа зааж өгөөч...
-Мэднэ. Манай гэр хашаан дотроо байдаг юм.
-Хашаа нь хаана байдаг юм?
-Гэрээ тойроод байдаг...
        Хашаа гэдэг үгийг хэлэнгүүт л энэ бяцхан онигоо санаанд минь буусан юм. Хашаанаасаа өөр хаашаа ч гарч үзээгүй хүн бас бяцхан хүүхдийн хариулт энэ. Хүүхэд бүр аливаа зүйлийг таньж мэдэх гэсэн сониуч зантай байдаг. Түүндээ хөтлөгдөн тэмүүлсээр зарим нь гэрэлт замыг олж чаддаг бол зарим нь алдаж эндэж, харанхүй замаар бүдчин явдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд байхдаа бидний тархи, оюун санаа нэгэн хашаан дотор түгжээтэй байдаг. Юм үзэж, нүд тайлсан гэдэг шиг танин мэдэхүйн чадвар бага гэсэн үг л дээ. Харин танин мэдэхүйн хүсэл, үйлдлээрээ уг хашааны хаалгыг бага багаар нээсээр дэлхийтэй танилцдаг юм. Та гэрийнхээ хашаан дотроос гарч байж л хажуу айлынхаа хашаа, хаалга ямар өнгө, хэлбэртэй гэдгийг мэднэ шүү дээ.
     Надад тусласангүй гэж хэн нэгэнд гоморхох хэрэггүй. Харин тэр зүйлийг чи өөрөө хийх бололцоог олгосонд нь бусдад талрах.
          Бүхнийг багшаар заалгадаг, эрүүл мэндээ эмчид даатгадаг, хуульчаас хууль асуудаг, төр засгаас тусламж хүсч, чиглүүлэг хүлээж суудаг боловсролоор бидний аав ээж, эсвэл тэдний өмнөх үе л хүмүүжиж ирсэн. Харин өнөө үед техник технологи асар хурдацтай хөгжиж, тоолж барамгүй их мэдээлэл дунд бид амьдарч байна. өмнөх үеийн боловсролыг бид өөрсдөө хүссэн үедээ хаанаас ч авах боломжтой болсон гэсэн үг л дээ. Тиймээс хуучин ертөнцөөсөө ангжирч шинэ хаалгаа нээх хэрэгтэй. Хүн бүр өөрийнхөө хүслээр сонголтоо хийж, өөрөө хувь заяаныхаа эзэн байх цаг ирсэн. Комьпютер гэдэг зүйл бидний заавраар олон үйлчилгээг үзүүлж байна шүү дээ. Тархийг тань бүрэхсэн хашааг нээхийн тулд таньд та л туслана. Өөр хэн ч биш. Гэхдээ бурхан гагцхүү өөртөө тусладаг хүнд л тусладаг гэдэг. Бусдаар гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог. Боломж бололцоо нь бүрдсэн энэ нийгэмд үүнийг ухаарч тархины түгжээгээ өөрөө мулталж чадваас өөдлөх хүслийн өмнө хаалт хэзээд байдаггүй.
    Хүн бүхний ертөнцийг харах цонх өөр л дөө. Хүн бүхэн боловсрол, хүмүүжлийнхээ хүрээнд л сэтгэдэг байх. Гэхдээ хэн ч гэсэн түгжигдмэл хашаан дотроосоо ангжирч чадвал нэг зүйлийг нилээд олон өнцгөөс харж сурна.
Аргентиний алдарт гольфчин Роберт дэ Винчинзо бас нэгэн том тэмцээний аваргаар тодорчээ. Шагналаа аваад хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авахуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машин руугаа явж байтал нэг эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь хүнд өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү гэж гуйжээ. Эмэгтэйн яриа алдарт гольфчинд маш их нөлөөлсен учир сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд "Хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй!" гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ. Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал Мэргэжлийн гольфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд "Өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй хамт байсныг тань сонслоо" гэхэд Роберт "Тийм" гэж хариулав. Нөгөө ажилтан "Тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч. Ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна. Таныг маш муухай мэхэлсэн байна" гэжээ. Роберт "Энэ чинь тэгээд өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү?" "Үгүй. Ямар ч өвчтэй хүүхэд байхгүй." "Ашгүйдээ. Энэ долоо хоногт сонссон хамгийн сайн мэдээ гэвэл энэ л байна. Өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ" гээд баярлан инээмсэглэсэн гэдэг.
Хэрэв Роберт дэ Винчинзо энэ эмэгтэй шиг бүрхэг, харанхуй квадрат хэлбэртэй хашаан дотроосоо гарч чадаагүйсэн бол хэдэн халтар төгрөгний хойноос яасан их харамсах бол? Харин тэр өөрийгөө чөлөөлж чадсан нэгэн юм. Тиймээс л тэр бусдын асаасан гэрэлд бүдчин явдаг нэгэн биш бусдыг гэрэлтүүлдэг түүчээ болж чаджээ.
    Хэн ч өнгөрсөн рүү явж шинэ эхлэлийг бий болгож чадахгүй, харин өнөөдөр шинээр эхлэж шинэ төгсгөлийг бий болгож болдог. Тиймээс таны өмнө боломж, гарц хэзээд байдаг. Харин боломжийг алдах, ашиглах нь таны ухамсар. Өдөр бүр нэг л төрлийн хоол идэж, хувцас өмсч, таньдаг хэдэн л найз нөхөдтэйгөө уулзаж нэг л хэмнэлээр амьдарсаар насыг барах тийм сайхан гэж үү? Үгүй ээ, хүн үргэлж л шинэ содон бүхнийг эрэлхийлж байдаг сониуч зантай амьтан. Гэтэл та яагаад өөртөө боломжийг бий болгож, ханыг нэвтлээд даваад гарах арга замыг хайхгүй байгаа юм бэ?  Хэрэв та нэг өдөр энэ хашаан дээр гараад зогсвол таньтай дэлхий ямар ойрхон байсныг ухаарч мөн эрт сэхээрэх минь яав даа гэж харамсах болно. Өөрөө өөрийгөө ялан дийлээх хүч л таньд дутаж байна.
Энэ мэтчилэн тархийг тань түгжих хашааг нэвтлэн гарч ирсэн болон яг л тэндээ энгийн нэг л хэвийн амьдралаар амьдарч буй хүний жишээ олон байна. Ханыг нэвтлэн гарахад зөвхөн таны хүсэл туслана. Гэхдээ ганц хүсээд зогсохгүй нь ойлгомжтой. Бусадтай тэмцэлдэхээсээ урьтаж өөртэйгээ тэмцэлдэж ялах нь хашааг нэвтлэх эхний алхам ажээ.









Өөрөөрөө байх урлаг


Өөр  байх, өөрөөрөө байг гэдгийг зарим хүмүүс адилхан утгатай гэж боддог. Би ч саяхныг хүртэл тэдний л нэг байсан. Гэвч энэ нь өөр хоорондоо ялгаатай аж. Өөрөөрөө байх гэдэг нь ерөнхий утга харин өөр байх нь нэгж ойлголт юм шиг санагдсан. Өөрөөрөө байна гэдэг хувь хүний ухамсар, хүмүүжлийг шууд тусган харуулдаг. Өөрөөрөө байна гэхээр хүн болгон чөлөөтэй, энгийн хаана ч, хэзээ ч үг, үйл хөдлөлөөрөө өөрийгөө илэрхийлж чадахыг хэлнэ гэх байх. Ер нь л дийлэнх хүний бодол ийм. Өөрөөрөө байх нь сайн тал уу? Муу тал уу? гэсэн асуулт намайг эргэлзүүлнэ. Бодлоо баталгаажуулахын тулд би нилээд хүнээс дээрх асуултыг асуусан юм. Бүгд л сайн тал гэж байна. Гэхдээ олон дахин бодохоор өөрөөрөө байх нь сайн, муу талыг хослуулан байдаг юм шиг санагдсан.
            Миний найзыг Урангоо гэдэг. Бид одоо 19 настай. Үерхэж найзлаад хэдийнээ 13 жил өнгөрсөн байна. Нэг нь нөгөөгөө орлож чадахаар болтолоо биедээ дасаж нэгнийгээ өөрөөсөө дутахааргүй сайн мэддэг болсон гэсэн үг л дээ. Бидний хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, амьдралын зорилго ер нь л бараг адилхан. Учир нь бид энэ олон жилийн туршид нэг нэгэндээ уусчихсан юм. Гэхдээ бид адил хүсэл тэмүүллийнхээ төлөө өөр өөр аргаар тэмүүлдэг. Найз маань өөрөөрөө байж чаддаг, өөрийгөө нэгэнт олсон, өөрөөрөө байх урлагт хэдийнээ суралцсан хүн. Бидний дунд ямар нэгэн асуудал, маргаан гарахад тэр намайг загнадаг, шүүмжилдэг, буруутгадаг. Сайн хүн болох гэж өөр хэн нэгэн болж хувирдаггүй.  Хэзээд өөрийнхөөрөө. Хаврын тэнгэр шиг эс хувирна. Энэ зан нь биднийг олон жил бат нөхөрлөхөд тусласан байх. Найз маань эмч болохыг багаасаа л мөрөөддөг байсан. Гэхдээ хамгийн том асуудал нь тэр химийн хичээлдээ тийм ч мундаг биш харин урлаг яруу найргын мэдрэмжтэй, ном унших дуртай нэгэн. Тэмдэглэлийн дэвтэр дүүргэн бичсэн шүлэг, өгүүллэгээс нь түүний яруу найргын авъяастайг мэдэж болно. Тиймээс би болон гэр бүлийнхэн нь түүнд эмчийн мэргэжил зохихгүй гэж зөвлөдөг байв. Гэхдээ тэр мөрөөдөлдөө хичнээн үнэн ч гэж санана. Намайг бүү хэл ээжийнхээ үгийг эс сонссон. Миний амьдрал зөвхөн надад л заяагдсан. Хэрэв хүссэнээрээ амьдарч чадахгүй бол хэн нэгнийг хожим нь буруутгах эрх надад байхгүй тиймээс л би өөрийн хүслийг дагна гэж байнга хэлдэг байсан. Аравдугаар ангиасаа хойш хими1гэсэн номыг гараасаа салгалж, толгой өндийх сөхөөгүй явсаар анагаахын их сургуульд тэнцэн орсон юм. Одоо түүний өмнө амжилтын зам тодоос тод зурайж байна. Өөрөөрөө байхын нэг илрэл нь өөртөө итгэлтэй байх аж.
            Хэдэхэн хоногийн өмнө гэрээсээ гараад алхаж байлаа. Гадаа тогтуухан нам гүм нэг л сэтгэлд дулаахан сайхан өдөр байсан юм. Буудал дээр ирж автобус хүлээж зогсох зуураа төлөвлөсөн ажилаа бүгдийг нь амжуулад ирнэ дээ гэж бодов. Хажууд дэгжин бөгөөд цэмцгэр хувцасласан нэг залуу ирээд зогслоо. Тамхи татаад л, дээгүүр харан утааг агаарт замхруулна. Хэсэг өнжсөнөө харсан зүгээдээ нулмина. Гутал хувцасан дээр минь хэсэг нь дусна. Дулаан агаартай хоршсон сэтгэлийг сэрүүцүүлэх нь тэр. Өөрөөрөө байх нь сайн тал ч аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж хэзээд байдагсан. Аливаа зүйл хоёр талтай. Сайн гэж байхад муу гэдэг үг оршисоор л байх болно. Өөрийнхөөрөө байх нь сайн тал би л хүсвэл дуртай хүссэн зүйлээ хийж болно гээд олон нийтийн газар шүлсээ хаяад, тамхи татаад байж болохгүй. Хувь хүний ухамсар, хүмүүжлийг шууд харуулдаг гэдэг нь энэ юм. Хэзээ, хаана энэ занг гаргах вэ гэж орчиноо мэдрэх нь чухал. Өөрөөрөө байх зан хэмжээнээсээ халиад эхэлвэл таныг хэн ч биш болгож харагдуулахад хэдэхэн минут л шаардлагатай. Энэ мэтчилэн урлаг болгох уу ухамсар дорой болгох уу гэдэг нь таниас л хамаарах аж.
         Өөрийгөө хянаж, өөрөөрөө байгаа хүн хичнээн хүчтэй, аугаа байдгыг мэдэх үү?. Тэнгэрт тултал магтуулах, газар доогуур ортол муулуулах хувь тавилан хэнд ч тохиож болно. Аль ч үед, магтууллаа гэж онгирч сагаж хөөрөлгүй, муулууллаа гэж унжийн урвайж хөглөлгүй хүнээрээ байж, өөрийн төрлөх шинжээ хадгал. Ургаа хад салхинд эс ганхахын нэгэн агаараар ухаант хүмүүн сайлах болоод муулахад эс автагдмуу хэмээсэн суутны үгийг марталгүй санах хэрэгтэй. Бүх зүйлд өөрийн бодолтой байх нь өөрөөрөө байхын үндэс. Зарим хүн үйлдэл хийхээсээ өмнө боддог. Зарим нь хийсэн хойноо юу болчихвоо гэж боддог. Харин үлдсэн нь юу ч боддоггүй. Хэрэв чи нэг хэлэхээсээ өмнө хоёр удаа бодож байвал энэ нь өөрөөрөө байх урлаг юм. Өөрөөрөө байснаар өөр байж чадна. Хэрэв уг урлагт суралцаж чадахгүй гэвэл өөрөөсөө өөр хүн болж жүжиг тоглоно гэсэн үг. Бүх амьдралынхаа туршид жүжгийн гол баатар болно гэдэг утгагүй, тависан жүжгэндээ сүүлдээ өөрсдөө ядарч туйлддаг юм. Тиймээс л сайн муу хоёрыг хослуулан, аль ч үед тогтвортой байж чадвал та аугаа урлагт суралцжээ гэж ойлгож болно.