Орчлон дэлхийд хаврын улирал айлчлан ирж, Япон орон vзэсгэлэнт Сакvра цэцгээр гоёход зон олны сэтгэл тэнийн, амар амгаланд умбах мэт инээмсэглэл тодруулан, гайхамшигт ягаан цэцэгсийн гоёхон дэлбээн дор гэр бvл, хамт олон, найз нөхдөөрөө цуглаж обэнто хоолоо идэнгээ сакэ архиа шимэн таашаалж, дуу бvжиг болон баясаж, зураг хөргөө татуулан зугаацах нь юутай жаргалтай сайхан, юутай атаархам билээ. Түүн лугаа намрын налгар эдгээр өдрүүдэд надаас хавар анхилж, сэтгэлд минь үзэсгэлэнт сакура цэцэг өнгө өнгөөрөө дэлбээлж, амар амгаланд умбан, харцандаа инээмсэглэл тодруулан алхаж явна.
Сакvра мод ягаан цэцгээрээ Япон арлыг хучих энэ үе нь тэдний хувьд жинхэнэ утгаараа хуучин жил дуусч, шинэ жил эхэллээ гэсэн үг. Шинэ орчин, шинэ амьдралтай зэрэгцээд зарим нь шинэхэн хайртайгаа ч учирдаг гэлтэй. Учир нь сакvра цэцэгсийн тухай дууны мөр болгон хайрыг л магтан, аргадан дуулдаг билээ. Хэдэхэн хоног гоо үзэсгэлэнгээ гайхуулчихаад цэцгээ гээж өнгөө хувиргадаг богинохон настайд нь би бүр ч хайртай. Өнгөө алдаж өмхөрч унасан ч тэр ирэх жилийн хаврын нэг сайхан өдөр дахин миний сэтгэлийг баясгах нь гарцаагүй. Иймд ч Япончууд сакүраг үүрд мөнх, үнэнч шударгын бэлэгдэл хэмээдэг. Хаваржин, зунжин гоо хэвээрээ буй бол тэр хэний ч анхаарлыг татахгүй, олны нэг болон хувирч орхино.
Тойрон эргэлдэх дөрвөн цагийн хамгийн урин нь, хамгийн хайрламаар нь, хамгийн зөөлөн нь ч байж магад энэ хаврын хаварт чи миний сэтгэлийг баясган гийгүүлнэ гэдэгт чинь би итгэж, энэ нь л итгэлээ алдахгүй чамайг л хүлээх миний сэтгэлд чи итгэнэ. Яг л наран орны хавар, үзэсгэлэнт сакүра цэцэг хоёр шиг.
Яахав өвөл болог, хүйтэн байг
Яахав өвөл болог, хүйтэн байг
Ярдаг шуурга цасан хэлээ цухуйлгаг
Ялгуусан хаврыг хайрлаж явдаг хүн
Яруу түүнээс сална гэж байдаггүй юм гэж Ч.Чимэдийн шүлэглэсэн нь ч бий билээ.
Ирж яваа цаг Сакvра модыг чимсээр айсуй...
No comments:
Post a Comment