Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам аргагүй наашилжээ. Байгаль дэлхий ч өнгөө
шинэчилж, соньхон харагдана. Энэ үед Дундговь аймгаас 300 км зайд орших Гачуурт
тосгоныг гэр бүлийнхэн маань зорьсон юм. Бид замаараа Улаанбаатар хотоор дайрсан
бөгөөд нам гүмхэн тал газраар хурдтай давхиж явсан бидэнд хотын түгжрэл
нилээдгүй төвөгтэй санагдаж байлаа. Холхих олонтой зэрэгцэн замын түгжрэл бага
багаар л урагшилна. Нилээдгүй цагыг ингэж явсаар бид их хотын өрнүүн хөдөлгөөнөөс
бага зэрэг ангжирлаа. Машины цонхоор харахнээ туул голын ойр орчимд явна.
Хэдийгээр нар хур тэгширч, хур бороо элбэгшээгүй ч цаанаа л нэг дулаахан агаар
хацар илбэнэ. Голын эргээр хаяалсан амрагчид хаяа нэг үзэгдэнэ. Туул голын
хоржигнон урсах чимээ шувуудын жиргээнтэй таатайяа хоршино. Ийнхүү явсаар хотын
төвөөс холгүйхэн орших Гачуурт тосгонд ирлээ.
Энд ирсэн гол зорилго бол ээж аав
маань хусны шүүс уух байсан юм. Сүүлийн үед хүмүүс
хусны шүүс маш өргөн хэрэглэсээр байна. Шүүс нь подагри, үе мөчний өвчин, хаван, хатигшилт, хоолойны ангина,
уушигны багтраа зэрэг өвчнүүдийн үед ууж хэрэглэдэг. Мөн ханиад,
ходоод гэдэс, элэг цөс гээд ер
нь л бүх л өвчинд тустай. Хусны
шүүсийг жил бүрийн хавар тавдугаар сарын
1-20 ны дотор цаг агаарын байдлаас шалтгаалан хусны гүйдэл
эхлэхээс дуусах хугацаанд бэлтгэж авдаг.
Говийн хүмүүс бидэнд хус, нарс, гацуур
гэх зэрэг модны мэдлэг хомс тул тосгоны айлаар бууж шүүсийг хэрхэн гаргаж авах
талаар зөвлөгөө авсан юм. Лхагва гэх айлынх бөгөөд эхнэр Чулуунцэцгийн хамтаар
амьдардаг аж. Бид нар шингэхээс өмнө буцна гэж яаран зөвөлгөөгөө түргэхэн аваад
явах гэтэл хусны шүүс гарган авах нь тийм амархан ажил биш бололтой. Модны
хамгийн доод талын мөчрийн дээхэн талд ёзоороосоо ойролцоогоор 1.5-2 метрийн өндөрт нүх гаргана. Ойролцоогоор 1 см голчтой,
3 см орчим гүн нүхийг ташуу өрөмдөж, эсвэл холтосыг гурвалжин хэлбэрээр зүсч
түүндээ нарийхан гуурсийг зоон байрлуулдаг. Мөн 3-5 литрийн сав дүүргэхэд дунджаар 7 цаг зарцуулдаг гэнэ.
Тиймээс ямар ч мэдлэггүй говийн хүмүүс бидэнд нилээд хэцүү санагдаж тэднийг хамт
ууланд гарахыг гуйсан юм.
Ийнхүү бид зааврын дагуу ажилаа хийж
эхэлцгээлээ. Мод бүхнээс дуслах шүүсний хэмжээ харилцан адилгүй байх аж. Учир
нь залуу модноос шүүс элбэг, хурдан гарч хөгшин моддос дусал дуслаар гардаг юм
байна лээ. Шүүс ялгарч дууссаны дараа нүхийг хусаар заавал бөглөх ёстой гэв. Эс
тэгвэл хус уйлууллаа гэж ихэд дургүйцэж байсан. Нэг хуснаас 2-3 литрээс их шүүс авахгүй байх нь чухал. Хэрэв хэт
их шүүс авах буюу гүн
зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус үхэх
учир хянуур болгоомжтой эв дүйтэй байх хэрэгтэй байдаг байна. Түрүүчлэн дүүрсэн савнаас хусыг амсаж
үзсэн юм. Сайхан үнэртэйн дээр исгэлэн амттай. Шүүсэнд сахар /О.5 – 7%/, шүү, калийн давс,
төмөр, кальц болон бусад бодис агуулагдсан байдаг. Хэдхэн минутын дотор маш олон
шүүсийг бэлтгэж аваад нар жаргахаас өмнө замдаа гарна гэсэн бидний бодол ийнхүү
талаар өнгөрлөө. Бөнжигнөн гоожих дусал бүрийг харж, хүлээн суух зуураа Лхагва
гуайтай тосгоны амьдрал, байгаль зэргийг ярилаа. “Хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болжээ. Мэдлэг мэдээлэл
ч сайтай болж. Хусны шүүс нь бие организмыг цэвэршүүлэх, сэргээх
үйлчилгээтэй, биед маш сайн. Тиймээс шүүс уухаар өдөрт 10 гаруй машинтай хүмүүс ирж
харагддаг шүү. Хотоос ойрхон болохоор ч наашаа зорьдог байх. Тэр болгонд нь
чадахаараа туслаад буцаадаг даа” гэж байлаа. Аргагүй л
монгол хүний тусч, зочломтгой зан анзаарагдаж байлаа. Мөн нутгын өвгөн маарамба
эмчилгээндээ хусны шүүсээр гурил зуурч
хэрэглэдэг байсан ба ходоодны хавдартай байсан нутгын иргэн 3 жил өвөл, зун тасларлтгүй
шүүс уусаар өвчнөө илааршуулсан гэнэ. Хэрэв намар өвөл уухаар нөөцөлж авах
шаардлагатай гэвэл цэвэрхэн, таглаатай саванд хийж хөлдөөдөг байна. Харин
дараад нь задалсан шүүсийг нэг л удаа хэрэглэхгүй бол сүү шиг гашилдаг гэлээ.
Энэ бүгдийг сонссон аав маань “жил болгоны тавдугаар сард Лхагва гуайнд ирж хусны шүүс
ууж байнаа гэж хэзээний танил хүмүүс шиг ярьж байлаа”. “Монголчууд бид гадаадын
үнэтэй, үнэн худал нь мэдэгдэхүй эм авч уухын оронд, өөрсдийн баялаг, байгалийн
гаралтай цэвэр бүтээгдэхүүнээ судлаж, хэрэглэж заншвал илүү үр өгөөжтэй. Мөн
хямд төсөрч байх болно. Тиймээс энэ бүгдийг хүүхдүүдэд дунд дургуульд байхаас
нь л энэ мод ийм ашиг тустай, түүнийг нь хэрхэн боловсруулж, хэрэглэх гэх
мэтчилэн зааж байвал уг нь хэрэгтэй юмсан” гэж Чулуунцэцэг гуай ээжтэй
хүүрнэлдэн суусан юм.
No comments:
Post a Comment