4.15.2013

Харанхуй доторх аялгуу

Гунигийн хар сүйх тэрэг чамайг хэзээ ч эзэмдэхгүй
Тэнгэрийн элч нар чам дээр эргэж ирэх бодол байхгүй... Хар
         Хэлэх ганц үгийг ч алдалгүй чагнах гэж чих тавин сонсоно. Харамсалтай нь хэд сонссон ч энэ дуу миний сонорт үл хүрнэ. Дэндүү хүнд. Саарал, саарал дахиад л саарал өнгийн нэг  их гуниг, харуусал, шаналан дуу нэртэйгээр хөврөнө.
        Унгарын хөгжмийн зохиолч  Rezső Seress найз бүсгүйдээ тун их хайртай байж. Гэтэл тэд салаа замын эрхээр үү, салъя гэж салсан уу учир үл мэдэх нэгэн  шалтгаанаар салсан гэдэг. Тэр үед хөгжмийн зохиолчийн онгод ихээр хөглөгдөн нэгэн дууг зохиосон нь “Gloomy Sunday” хэмээх дуу юм. 1930-д оны үед баруун Европд энэ дуу анх цацагдаж , тухайн үеийн дайны дарамттай байсан ард түмний дунд амиа хорлох сэдэл болж байсан нь үнэн түүх юм. Шалтгаан нь энэ дуу нь сонсож буй хүндээ ер бусын уйтгар, шаналалыг төрүүлдэг, үхлийн тухай бодтол нь ховсдох чадвартай гэнэ. Анх Унгар, Германд энэ дуу дэлгэрч иргэд нь зуу зуугаараа амиа хорлож байснаас тухайн үед энэ дууг 1970-д онийг хүртэл хориглож байсан бөгөөд одоо ч хяналтанд байдаг ажээ. 1936 онд АНУ-д уг дууг алдарт Billie Holiday дуулснаар олны хүртээл болсон ба тэр үед ч бас л цөөнгүй хүний амийг авч одсон байна.
      Сонирхолтой бас нэгэн баримт байгаа нь уг хөгжмийн зохиолч дуугаа сонсож байгаад цонхоор үсэрч амиа хорлосон ба түүний салсан найз бүсгүй мөн хор ууж хорвоогоос хальсан нь ням гариг байж таарчээ. Амьсгал хураах мөчдөө тэрээр хоёрхон үг хэлсэн нь “Gloomy Sunday” гэсэн үг байж. Энэ нь хүмүүсийн жихүүцлийг улам бүр нэмэгдүүлдэг гэнэ. Цаг хугацаа ч улиран өнгөрсөөр энэ дууг маш олон дуучин өөрсдийн хувилбараар дуулсан ба тэдгээрийн дотор Бьорк хүртэл багтах аж. Тэрбээр рок, жааз, трип хоп, электроник, индастриал урсгалыг хослуулан хачин этгээд хөгжим, өнгө аясаар дуулдаг. Бьоркын хөгжмийг сонсох тусам улам бүр сонирхол төрж, дуртай болдог нэгэн нууцлаг хүч бий.  Тийм ч учраас хүмүүс Бьоркын дуулсан хувилбараар “Gloomy Sunday”-г сонсох дуртай байдаг. Уг дууг 1935 оноос эхлэн өнөөг хүртэл дал гаруй хувилбараар дуулсан байх юм. Эдгээр нь япон, герман, англи, франц, швейд, орос гэх мэт маш олон орны хэлээр дуулагдахын хажуугаар жил ирэх тусам хүмүүс сонирхож маш олон төрөл жанраар дуулж байна.
Харанхуй дотор төөрсөн мухар сүсэг
         Хүн бүр уг дууны түүхийг сонсоод маш их гайхдаг мөн тодорхой хэмжээний айдсыг өөртөө агуулдаг байх. Би ч гэсэн энэ дууг сонсоод яах бол, надад энэ дуу бусадтай адил нөлөөлж чадах болов уу гэж боддог байх гэж надад санагдах юм. Айдас агуулсан хэрнээ сонсохсон гэж тэмүүлэх. Үнэхээр хачирхалтай зан. Эсвэл уг дуунд хүмүүсийг өөртөө татах ямар нэгэн шид байна уу ч гэж бодох. Зарим хүмүүс энэ дууг зуун дамжин хараагдсан дуу ч гэж нэрлэх юм билээ. Хараалынх нь шидээр бид айдастай хэрнээ сонсох гэж татагдаад байна уу?. Аль эсвэл өмнө нь  сонссон хүмүүс амиа алдахад хүрсэн шиг би ч гэсэн гунигт ням гаригаас болж хорвоог орхино гэсэн үнэмшлийг өөртөө бий болгодог юм болов уу?. Итгэл гэдэг гойд сонин зүйл. Энэ бол хүч чадал, эрхэм чанар. Хүмүүс итгэдэг зүйлээ мэддэг юм шиг ярьдаг шүү дээ. Түүхийн хуудсыг сөхөөд үзвэл аль эртний Лалын түрэмгийлэл, загалмайтны аян дайнаас эхлээд өнөөгийн африк дахь шашны мөргөлдөөн, террорист халдлага, зохион байгуулалттай амиа хорлолт гээд л шашнаас үүдсэн гай гамшгууд хичнээн ч их байна вэ дээ. Энэ мэтчилэн мухар сүсэг, итгэл үнэмшил хэт туйлширсанаас болж өөрсдийгөө нөгөө ертөнцийн иргэн болоход ч хүргэсэн юм бил үү хэн мэдлээ.
Харанхуй хөгжмийн хүч
        Хүн төрлөхтний соёлын агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг бөгөөд ямар урсгал чиглэл гэдгээсээ хамаарч хүнд тайтгарал эсвэл дарамт ч учруулж болдог гэдгийг судлаачид хэлсэн байдаг. Гадаад ертөнцтэй биднийг холбож өгдөг хамгийн чухал мэдэрхүйн нэг бол сонсгол юм. Антропологийн зарим судалгаанаас харахад олон зуун жилийн турш хүн төрлөхтөн хөгжим болон дуу авиаг хүний оюун бодлыг өөрчлөхөд ашиглаж ирсэн байдаг. Хөгжим нь тархины физик ертөнцийг хүлээн авч, оюун ухаандаа ургуулан хүлээн авах болон биетүүдийн хоорондох ялгааг таних чадварыг хөгжүүлдэг ажээ. Энэ үед хүн мөрөөдөж, төсөөлж, ургуулан бодох чадвар хэт ихэсдэг. Өөрөөр хэлбэл бодит орчноос хэсэг хугцаанд тасрана гэсэн үг юм л даа. Тиймээс  уг дуунд хараал шингэсэнээс бус төсөөлөлдөө хэт хөтлөгдөж амиа ч хорлож болохыг үгүйсгэх аргагүй юм. Зарим үед хөгжим нь хүнд цаг хугацаа зогссон мэт сэтгэгдэл төрүүлдэг гэхээр дуу хөгжим ямар хүчтэйг харуулж байна. Тэр дундаа цөхрөл, гуниг, зовлон агуулсан утга санаатай дуу энгийн нэгэн дуунаас илүү хүний сэтгэл зүйд нөлөөлөх нь ойлгомжтой. Цагаан өнгө гэрлийг ойлгодог бол хар өнгө шингээдэг шүү дээ. Үүнтэй л яг адилхан хар мөртэй дуу таны сэтгэлзүйгээр яаж ч наадаж болох ажээ.




No comments:

Post a Comment