Намар өвөлийн
заагт нэг хэсэг бөөн хар үүл нүүж ирээд баахан цас дарчихдаг. Хүний бодлын
улирал ээлжлэхэд ч бас л нэг тиймэрхүү зүйл тохиолддог. Гэвч энэ бүхнээс зөвхөн
сэтгэгдэл л үлдэнэ. Царай төрх, гадаад үзэмж, үндэс угсаа тийм ч чухал биш.
Хэзээ хойно эргэн дурсахад тэр цэцэг нэг тиймэрхүү өнгөтэй байж дээ л гэж
бодогддог. Төрсөн сэтгэгдэл хэдэн хоромын дотор ч, хэзээ хойны нэгэн өдөр ч ургаж
төлжсөөр байдаг. Гаднаас нь муу гэж дүгнэж болох зүйл үнэндээ харин ч эсэргээрээ
байх тохиолдол тун их. Сар дэлхий хоёул эргэлдэн байвч бид сарны 48 хувийг
хэзээ ч харж чадахгүй. Тэртээх цаад харанхуйд нь ямар хүч нүүрэлчихээд хүний
сэтгэл санаа, орчлонгийн хуулийг эзэрхэн захирдагийг мэдэхгүй шүү дээ. Энэ нь
хэн нэгэнтэй анх танилцаад царай зүс, өмссөн зүүсэн өнгөн талыг нь хараад сайн,
муу хүн гэж дүгнэхтэй утга нэг билээ.
Саяхан л орох ангиа олохгүй сургуулийн хоёр байрны хооронд хөлхөж явсан
хүүхдүүд хэдийнэ гурван жилийг ардаа үдэж хүмүүсийн хэлдэгээр архаг оюутнууд болчихсон
явах юм. Оюутан болсоор анхны хичээлд суух гээд багшийг хүлээн нам гүмд
“хучуулан” биенээсээ гэрэвшин сууцгаах оюутан байхад нам гүмийг эвдэн сайн
байцгаана уу? сэтгүүлийнхэн мөн үү гэж
хашгарах шахан орж ирэх нэгэн ч байлаа. Энэ үед урт хар цув өмссөн, дуу цөөтэй
нэгэн охин хажууханд минь ирж суусан нь яагаад ч юм тэр бусдаасаа нэг л хөндий,
хэр барагийн хүнтэй дугардаггүй хүн юм шигээ гэсэн сэтгэгдэлийг надад үлдээж
билээ. Өнөөдрийн миний хөрөгийн баатарбуюу тэр үеийн миний үнэлэлтээс тэс өөр
нэгэн охины тухай би энд сийрүүлэх гэж хичээлээ.
Бидний амьдралд маш энгийн
атлаа хамгийн гайхамшигтай, үнэгүй атлаа хамгийн үнэ цэнэтэй, хэн ч хэзээ ч
хүссэн үедээ хэрэглэх боломжтой нэгэн шидэт зүйл байдаг.Энэ нь шидэт удирдлага
биш, бүхнийг биелүүлэгч бирд ч биш, харин эдгээр хүчин зүйлсээс ч илүү хүн
болгоны хамгийн дэгжин “хувцас” болох инээмсэглэл юм. Тэр энэхүү чамин
хувцасаар өдөр бүр гоёж, дэгжирхэдэг нэгэн билээ. Яг л нэр шигээ дэндүү
жаргалтайн дээр хошин шогийн асар их мэдрэмжтэй охин. Ээж, аав нь түүнд үүрд зол жаргалтай явахыг бэлэгдэж уг нэрийг
хайрласан нь гарцаагүй. Тиймээс л энэ хүн ийм их баяр баясал, шогч наргианч,
өхөөрдөм байдаг юм болов уу гэж би хэсэг бодлоо, гэтэл үгүй юм шиг ээ. Гэвч
түүнтэй адил нэртэй хүн болгон ийм байдаггүй шүү дээ. Мэдээж хүний л амьдрал
болсон хойно зовлон жаргал хэзээд
ээлжилж байдаг. Гагцхүү тэр ганц үгийг ч газар гээлгүй наргиан болгох
ховор авьяастай аж. Саяханы нэг өдөр би интернэтээр аялаж яваад нэгэн зурхай
олж уншлаа. Гүйлгээ ухаан сайтай хониныхон онигоонд орохоосоо хялбархан
мултарчихдаг бас хэн нэгнийг элэглэн дуурайхдаа гаргууд хүмүүс ажээ. Тэд элдэв
хөгжилтэй явдал, онигоог ярихаасаа илүү биеийн хөдөлгөөнөөр хошигнон дуурайхдаа
илүү мэдрэмжтэй бас үнэмшилтэй байдаг гэдгийг уншаад зурхай, мэргэ төлөгт итгэх
итгэл маань нэгээр нэмэгдлээ. Оюутан болсоор анх найзууд болж бид хамтдаа манай
гэрт даалгавараа хамт хийхээр тохирч гэрийн зүг элдэвийн зүйл ам булаалдан ярьж
явлаа. Ингэж явсаар тэр гэнэт гэрийн ойролцоох дэлгүүр лүү намайг дагуулан орлоо. Халааснаасаа мөнгө гарган 3 ширхэг Chupa
Chups авсанаа айлд яаж хоосон орох билээ дээ гэж хэлээд нэгийг нь надад өгч билээ. Энэ мэт олон үйлдэл нь тэр элдэв
хөгжилтэй явдал онигоог ярихаасаа илүү биеээр үзүүлэхдээ сайн хийгээд гүйлгээ
ухаан сайтай гэсэн зурхайг гарцаагүй үнэн гээд баталчихаж байгаа юм.Ер нь
дүнсгэр хийгээд энгийн байхаасаа инээмсэглэж, хошигнож явах нь түүнд олонтаа. Аав
нь түүнрүү залгаад миний охин хаана явна гэж асуухад автобусанд гэв. Хариуд нь
автобус нь хаана явж байна гэхэд хэнэг ч үгүй зам дээр гэж хэлэхэд аав нь хариу
өгөлгүй утасаа тасалчихсан. Харилцаа тасарсан хойно л аавтайгаа ярьсанаа
ухаарсан мэт яанаа ууралчихсан бол баларсаан гэж бидний ярих, инээлдэхийг
хажууд зогссон охин сонсож, чимээгүйхэн инээж байлаа. Түүний наргианд ээж аав,
найз нөхөдийн алинд нь ч тун гэж байдаггүй мэт. Би ч аавтай нь хэд хэдэн удаа
уулзаж байсан. Царай зүс, ааш зан гээд л аавын охин биш гээд хэлчих вий гэсэн
шиг л. Ээж нь ч гэсэн энэ тал дээр жаахан гомдлонгуй байдаг юм гэсэн. Надаас
гарсан юм байж намайг дуурайсан зүйл огт байхгүй, аавын хүүхэд гээд л гомдлолын
аяс гаргадаг гэнэ лээ. Ангийнхан маань ч бүгд л мэднэ түүний нийтэч, хошин
зантай, барагийн зүйлд гомдлоод байдаггүй эр хүнээр бол манай монголчууд
гүндүүдүй гэж ярьдаг даа. Гэхдээ түүний дэргэд нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн
хүмүүс л түүнийг хошин марзан гэж хэлэх байх. Тэрээр өөрөө хэлэхдээ ч наргиан ч
зан минь магадгүй миний хамгийн том давуу тал ч байж болох юм. Учир нь хошин
шогийн мэдрэмжтэй хүмүүс чинь бусадтай амархан ойлголцож, хялбархан шинэ
харилцаа тогтоож чаддаг. Гэхдээ намайг таних төдий хүмүүст бол би даруу, ноомой
нэгэн шиг санагддаг. Учир нь хүмүүсээс өөрийнхөө тухай анхны сэтгэгдэлийг
сонсоход бүгд л даруухан гэж боддог байсан гэж ярьж байсан. Эрдэмтэй хүн даруу
их мөрөн дөлгөөн гэж энэ байхдаа. Хаана, хэзээ
хэний дэргэд юу ярихаа хянаж байна гэдэг яалтачгүй давуу тал билээ.
Зарим хүмүүс хэлэхдээ хамгийн их ганцаарддаг хүн хамгийн их инээдэг гэдэг.
Гэхдээ би үүнтэй хэзээ ч санай нийлэхгүй. Найз маань ангидаа төдийгүй манай
ангийнхан дунд ч нэр хүндтэй, ангийн хүүхдүүдийг нэгтгэж чаддаг хүмүүсийн нэг л
дээ. Тэр хэзээ ч найзаар дутаж, инээмсэглэлээр гундаж явах хүн биш. Тэр
ангийнхаа Хулантай өдөр болгон нулимсаа гартал инээлддэг гэхэд нэг их худал
зүйл болохгүй. Энгийн л нэг ярианаас ямар нэг зүйлийг ургуулаад, үг үгэн дээрээ
дөрөөлцөөд л эхлэнэ шүү дээ. Хэдий тэдний яриаг эхнээс нь сонсож чадаагүй ч
гэлээ инээж байгааг нь хараад л хүмүүс дагаад инээчихдэг. Хөхрөлдөн хөөрөлдөх
чимээ нь ангиар нэг тархана. Хүнийг инээмсэглэж буй байдлаас нь өөртөө хэр их
итгэлтэй хүн бэ гэдгийг тодорхойлж болдог юм гэсэн. Миний хувьд бол түүнийг
өөртөө 100 хувь итгэл дүүрэн хүн л гэж хэлнэ. Тэгж хэлэхээс ч аргагүй
хариуцлагатай хүн л дээ. Туршлага, хариуцлагатай байж гэмээн л итгэл гэгчийг өөртөө
бий болгодог биз. Гэхдээ тэр өнөөх л даруу зангаа гаргаж өөртөө итгэх итгэл
гэдэг чинь их адармаатай асуудал шүү дээ. Хэлбэлзээд байдаг юм. Заримдаа...
заримдаа шүү! Би л чадна гэж бодох үе байхад заримдаа би ерөөсөө юу ч хийж
чадахгүй мэт санагддаг. Яавал тогтвортой байх, ямар үед тогтворгүй болчихдогоо
одоо болтол мэдэж чадаагүй л явна” гэхэд нь түүний эргэлзээг тайлахын тулд та
инээхдээ яаж инээдэг вэ? амаа дардаг уу гэлээ. Учир нь амаа дарж инээдэг хүмүүс
өөртөө итгэлгүй, ноомой байдаг гэдэг нь хэдийнээ судалгаагаар батлагдсан аж.
Харин тэр үгүй гэдэг хариултаараа өөртөө итгэлтэй гэдэгээ батлахад нь тээр харж
байна уу чи бүхнийг даваад гарах хангалттай их хүчтэй, дахиж өөртөө бүү
эргэлзээрэй гэсэн урамын үгийг хэлэхэд өө ингээд мэдчихдэг байсан юм уу? чи
нээрээ “nice hand” шүү асуудлыг ямар хурдан шийдэж байнаа гэлээ. Ангилаар nice
гэдэг нь сайхан, hand гэдэг нь гар гэсэн үг л дээ. Тэгээд нийлүүлээд уншихаар
сайхан гар шүү гэсэн утга илэрхийлэх юм гэнэ. Дахиад л түүний шогч зангийн
хариуд бид инээдээр амьсгална. Ийнхүү үргэлж л ангийн агаарыг инээдээр сүлж
байдаг учраас түүнд ч гэсэн хэн бүхэн элгэмсэг хандана.
Шог наргианд
сайн шигээ хичээл номондоо ч гаргууд нэгэн билээ. Би чинь айл гэрийг авч явах
айлын том охин шүү дээ. Үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэж хэлж байсаныг
нь сонсож байсан юм. Бидний үеийнхэнд энэ мэт айл гэрийг авч явах охин хүн шүү
би хэмээн ухамсарлаж, хичээж, зүтгэж яваа оюутан хэр их байдаг билээ. Гэр маань
нэг зүгт байдаг болохоор бид хоёр хичээл тараад байнга л хамт явна. Харих
замдаа цаг орчимыг замд зарцуулдаг учир бид элдэвийг л ярьдаг. Нэгнээсээ өрсөн
ам булаалдаж заримдаа хажууд яваа хүнийг эргэн хартал нь инээлдэж ярьна. Нэг
удаа бид хоёр бага насныхаа тухай ярьж байгаад ийм нэгэн яриаг өрнүүлсэн юм. Наймдугаар
ангид байхдаа өгүүллэгийн тэмцээнээр анх алтан медаль авч байсан. Тэр үед өвөл
байсан л даа. Ээж маань мөсөн дээр хальтарч унаад гараа хугалчихсан байсан юм.
Тэгээд би хальтарч унасан газарынх нь мөсийг
уйлан байж хүрзээр арилгаж байсан. Түүнээсээ сэдэвлээд өгүүллэгээ бичиж
байсан юм. “Хүн байхын учир” гэсэн сэдэвтэй тэмцээн байсан санагдаж байна. Би
“Цэвэрлэгээ” гэсэн гарчиг өгч байсан” гэж хэсэг чимээгүй болсоноо одоо бодоход
онцгүй нэр өгч байсан байна шүү гээд инээвхийлэн байж билээ. Жоохон байсан
болохоор анхны медальаа аваад дэндүү их баярласан. Медальаа энгэрээсээ
салгалгүй явсаар гэрийнхээ үүдэнд иртэл ээж дүүг маань салхилуулаад зогсож
байсан. Гүйж очоод ээждээ үнсүүлчихээд дүүгээ тэврээд гэрлүүгээ орох гээд
эрэгтэл ээж маань ард нулимсаа арчаад хоцорсон. Уйлж зогсохыг нь харсан ч би
хараагүй дүр үзүүлж шуудхан л явчихсан
даа. Иймхэн зүйлд ээжийгээ баярлана гэж бодоогүй учраас илүү их хичээж ээжийгээ
ахин баярлуулна гэж бодож байсан. Энэ бол миний хэзээ ч мартагдахааргүй баярын
нулимс. Өдий наймдугаар ангид орчихоод ээжийгээ ийм зүйл хүлээж байсныг
мэдээгүй явдаг би ч мөн гээд өөрийгөө голонгуй өнгөөр хэлэхэд нь үгүйдээ чи
мэдээгүй явсан нь чухал биш мэддэг болсон нь хамгаас чухал гэж хэлэхийг хүссэн
ч түүний яриаг тэр үед таслаж чадаагүй юм.Гэр бүл, найз нөхөд бол түүний
амьдралын үнэт зүйлс билээ. Тэднийхээ тухай ярихдаа үнэтэй яриаг минь тасалчихвий, тэднийхээ талаар нэг зүйлийг ч
хэлэлгүй үлдээчихвий гэж айсан мэт яарангуй гэхдээ бас дэндүү их итгэлтэйгээр
өгүүлэхдээ харцаа нэг удаа ч надаас буруулдаггүй юм. Яг л миний нүд рүү цоо
ширтэн яриагаа эхэлсэн тэр л янзаараа гарцаагүй тэд миний амьдрал гэдгийг надад үгээрээ өгүүлэхийн дээр харцаараа бас дахин
баталж чаддаг инээд итгэлээр жигүүрэлсэн нэгэн билээ.