2.05.2014

Бид гарцаагүй хэрэглэгч мөн

Гудамжаар инээлдэж хөхрөлдөөд, цоо эрүүл яваа залуусыг харахаар дургүй хүрээд байх юм. Тэд биднээс нэг л ялгараад, бусдад эерэг сэтгэгдэл төрүүлээд байгаагаас болж бид олонд ад үзэгдээд байгаа хэрэг. Хэрэв тэд бидэнтэй адилхан архичин болчихвол санаа зовох зүйлгүй гудамжаар нэг сайхан, сэтгэл амар алхахсан. Хэрэв өөдөөс хэн нэг нь хэдэрлэвэл хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэхчээр адилхан архичин байж чи юу вэ гэж хэрэлдчихээд л явж байхгүй юу. Ер нь тэгээд яривал наад эрчүүд чинь бидэнтэй л адил нийгмийг хөлдөө чирэгч, архинд идэвхитэй донтогчид байсан байхгүй юу! Тэрийгээ мэдэхгүй одоо биднийг нүд үзүүрлэх нь зүйд нийцэхгүй хэрэг.
        Жилийн өмнө манай улсад архинд донтсон хүмүүсийн 51.2 хувийг эрэгтэйчүүд, таван хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байсан. Харин энэ жилийн судалгаагаар эмэгтэйчүүдийн маань эзлэх хувь ердөө л гуравхан хувиар өссөн байна лээ. Бүтэн жилийн дотор гэхэд маш бага тоо байгаа биз дээ. Ер нь тэгээд энэ бүгдийг ухаад яривал нөхөртөө хаягдах, өрх толгойлж яваа амьдралдаа гутрах, нөхөр нь гадаад руу яваад сураггүй болсон гээд л архи уух шалтгаан маань эрчүүдээс үүдэлтэй байдаг шүү дээ. Архи ууж байгаа эмэгтэйг хараад гайхдаг байсан монголчууд өнөөдөр гудамжаар халамцуу, хөл дээрээ тогтож ядан явахыг хараад гайхах хэрэггүй. Бид архийг зүгээр л уудаг болохоос архичин биш, найз нөхөдтэйгөө хааяа уудаг гэхдээ Дорж шиг уудаггүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өөрсдийгөө өмгөөлж, бусадтай харьцуулж байгаа нь архинд донтож буй эхний шинж тэмдэг гэх юм билээ. Архичин гэдэг чинь архи үйлдвэрлэдэг хүмүүсийг хэлдэг юм гээд хошин шогийнхон хэлж байгаа биз дээ. Тэд чинь гашуун үнэнийг л хэлдэг хүмүүс. Тэгэхээр бид архичид биш, хэрэглэгчид юм.

          2010 оны арваннэгдүгээр сард манай улс бие даасан эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байртай болсон. 2013 он гарсанаас хойш 1000 гаруй эмэгтэй эрүүлжүүлэхдсэн байна. Үүний цаана эрүүлжүүлэхэд морилохгүйгээр согтуурсан хичнээн хүн байгааг таашгүй. Үйлчлүүлэгчид олширч байгааг төр засаг маань гярхай ажиглаж тусгай байр бэлдэж өгсөн нь эмэгтэйчүүдийг маань эсэргүүцэх биш харин ч хөхүүлэн дэмжиж, зөв зүйлд хөрөнгө зарсан хэрэг болсон юм. Тэгэхгүй бол эрчүүдтэй нэг байранд эрүүлжүүлхдэнэ гэдэг цэвэр ичэмхий монгол бүсгүйчүүдийн маань нэрийг гутаасан хэрэг болно шүү дээ. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр нь маш тохь тухтай хийгээд тэдэнд цэвэр ус өгч, бие засуулж, тэр ч бүү хэл нэг үе бантан өгдөг байсан. Гэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоол ундгүй, хоног төөрүүлэх гэсэн хүн олширсон учраас үйлчилгээнээс бантанг хассан сурагтай байна лээ. Гэхдээ байр саваар хангаад өгсөн нь л талархууштай хэрэг. Юун төлөө бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа билээ дээ. Эрэгтэйчүүдэд эрүүлжүүлэх байхад эмэгтэйчүүдэд яагаад байж болохгүй гэж. Монголчууд маань архидан согтуурал зэрэгт ч жендерийн асуудлыг ярих хүртэлээ хурдтай хөгжиж байгаа нь гайхалтай хэрэг биш гэжүү?.  

No comments:

Post a Comment