2.05.2014

Боловсролыг дээд сургуульд сурснаар олж авдаг уу

     Боловсрол хэмээх үгийг толь бичигт хүнийг бие сэтгэлийн хувьд цогц хөгжүүлж хувь хүнд буй үнэн чанар, авъяас билэгийг нээж өгөн тордохийг хэлнэ гэсэн байдаг. Гэхдээ боловсролыг чухам ямар түвшинд авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь хүн өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн гэж тодорхойлж болно. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар авч үзэх тохиолдолд иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа үйлчилгээ, түүний үр дүн гэж тодорхойлж болох юм.
Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа.
           Хүн төрлөхтөн насан туршдаа боловсорч, хөгжиж байдаг нь хүмүүсийн нүдэнд илт байдаг ч хэзээнээс эхэлдэг вэ гэдгийг хүн бүр мэддэггүй аж. Тэрээр хүн эхийн хэвлийд байхаасаа л боловсорч эхэлдэг гэж үздэг байна. Эхийн хэвлийд байхдаа л эцэг эхийн хүмүүжил, амьдралын хэв маягт дасан зохицож байдаг. Энэ бол бидний хамгийн анхны боловролын үе шат гэж хэлж болно. Хамгийн сонирхолтой нь хүүхэд төрсөн цагаасаа ийнхүү хөгжиж боловсорч байгаа нь нүдэнд харагдахуйц байдлаар мэдрэгдэхгүй ч насан туршид нь үлдэх хамгийн том боловсрол байдаг. Үүнийг Монголчууд гэр бүлийн боловсрол гэж нэрлэдэг. Нэгэн гүн ухаантан би төрдөг юм биш, буй болдог юм. Ний нуугуй хэлэхэд ердөө л төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явц юм гэсэн байдаг. Тийм шүү хүн хүмүүжих явцдаа хүн болж төлөвшдөг. Хүүхэд бүрийн үзэх дуртай Тарзан хүүхэлдэйн киног санаж байна уу?. Олон жил зэрлэг амьтадын дэргэд байснаас болоод хүн дүрстэй амьтан болж хувирдаг шүү дээ. Хүнийг амьтан болгож чадах уг зүйлийг л хүмүүжил гэх юм. Ийнхүү хүн нийгэм хамт олон, найз нөхдийнхөө дунд үнэлэгдэж, тэдний дотор тодорхой орон зайг эзлэн оршино гэдэг түүний эрдэм мэдлэг, эд хөрөнгөөс илүү хувь хүн, хүмүүжилээр үнэлэгддэг юм шиг санагддаг. Хэрвээ хүн багаасаа зөв хүмүүжилээр, ухамсартай гэр бүлийн хүрээнд өссөн бол их дээд сургуульд дөрвөн жил суралцсан, суралцаагүй өөрийгөө зөв залаад авч явж чадах хангалттай ухаантай, хүч чадалтай шүү дээ.
Чиний хэнээс төрсөн чинь бус, хэнтэй нөхөрлөж байгаа чинь чухал.
Сүүлийн жилүүдэд дийлэнх хүмүүсийн дунд гадаадад суралцвал дээд боловролыг төгс  эзэмшиж чадна гэх ойлголт байх болжээ. Харин гадаадад сурч чадахгүй бол улсдаа улсын сургуульд сурвал хамгийн сайн нь гэж төсөөлдөг. Харин миний хувьд ийм бодолтой явдаг хүмүүсийн эсрэг байдаг. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэж ярьдаг. Хувь хүн өөрийгөө дайчилж, хичээж л чадахгүй юм бол ямар ч сайн сургууль, багшаар заалгаад нэмэргүй шүү дээ. Мөн ах эгч нараасаа таны их дээд сургуульд суралцах болсон шалтгаан, зорилго юу вэ? Mэдлэг нэмэхийн тулд уу? аль эсвэл ямар нэгэн ажлын байран дээр очихын тулд диплом нэртэй цаас авахын төлөө дөрвөн жилийг ял хүлээсэн ялтан мэт тэнд уягдан өнгөрүүлж байв уу? гэж асуусан юм. Хүн болгоны хүсэл зорилго өөр л дөө. Гэхдээ тэдний хариулт бараг л адилхан байсан юм. Хүн их дээд сургуульд сурсанаар төгс мэдлэгийг хэзээ ч олж авдаггүй. Харин мэдлэг гэхээсээ илүү бие даах чадвар, олны дунд биеэ хэрхэн зөв авч явах, төлөвшил, олонтойгоо зөв харилцаж сурсан гэлээ. Хэн, ямар сурсаныг нь зөвөөр үнэлж дүгнээд дипломоо олгодог бол хүмүүсийн мэдлэг олж авах хүсэл эрмэлзэл одоо байгаагаас хэд дахин илүү байх байсан. Харин одоо цагт дипломыг мөнгөөр худалдаж авч болдогт хамгийн гол учир байгаа юм дүү минь гэж байлаа.
Асар том бүтээл, алдар нэр хүндийг амжилт гэх биш харин амжилт гэдэг маань өдөр бүрийн жижиг амжилттай байдлын нийлбэр юм.
Мэдээж үүгээрээ их дээд сургуульд суралцаад хэрэггүй, юу ч сурдаггүй юм гэж хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь хүнийг хүн болгодог зүйл нь хүн чанар, хүмүүжил учраас эхлээд өөрийгөө зөв төлөвшүүлчихээд дараад нь дээд боловсрол яривал үр өгөөжтэй мэт санагдана. Ганц л олдох амьдралдаа хүний дайтай амьдархад сайн боловсрол шаардагдах нь гарцаагүй. Боловсрол, хүмүүжил хоёрыг бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авдаг. Тиймээс өөрийн олж авсан хүмүүжлийн ачаар  зөв үйл, багахан амжилтыг цаг тутамд  бүтээгээд байвал энэ нь эцэстээ хуримтлагдаж хамгийн сайн боловсрол, агуу их амжилт болж чадах юм.

No comments:

Post a Comment