5.18.2013

“Хайрын хүч”-д татагдав



Зөөлөн нялхамсаг өнгө төрхийг тээсэн хавар цаг хэдийнээ айлчлан иржээ. Үүрээр багахан бороо орсон бололтой өглөө босоход газар чийгтэн нялх ногооны тансаг үнэрийг сэн татуулан байсан юм. Ийнхүү шинэ өглөөг сэтгэл өөдрөг угтаж Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг яаравчлан зорьсон юм. Нүүдэлчдийн соёл, уран бүтээлийн өвийг хадгалах, хамгаалах, сурталчилах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тус музейгээр өмнө нь зочилож байгаагүй учир замдаа таарсан хүмүүсээс байршлыг сураглаж явсаар олсон юм. Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь засгийн газрын XIII байрны харалдаа байрлах аж. Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-нд зураач, дизайнер Ч. Сэндэмийн “Хайрын хүч” нэртэй торгон зургийн үзэсгэлэн хаалтаа хийж байсан юм. Уг уран бүтээлч нь 1997 онд Москвагийн Урлагийн академ төгссөн бөгөөд чөлөөт уран бүтээлч, “Говь” ХХК-д дизайнер хийж байсан ажээ.
Тэрбээр Монголд анх удаа торгон дээр зураг зурах урлагийг нэвтрүүлсэн чадварлаг уран бүтээлч юм.  1997 онд “Гоёл” наадмаас ноолууран болон торгон дээр зурсан хувцасаараа анхны шагналаа хүртсэнээр түүний уран бүтээл улам хөгжингүй болжээ. Торгон дээр зурах урлаг бол Швейцарь технологи юм. 1993 оны үед “Арьс Импекс”-т ажиллаж байх үедээ  Швейцарьуудаар уг урглагийгг заалгасан аж. Үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд нэг л өнгөлөг, шийдэмгий санагдав. Хурц тод өнгөөр бүтсэн зургийг ханаар эгнүүлэн өлгөж, яг л  өдий үед зүүмээр саан хээтэй гоёмсог хүзүүний алчуур зэргийг манеканд донжийг нь олон зүүжээ.  Бүсгүй хүн болгон сайхан үнэртэй цэцгэнд дуртай байдаг. Тиймээс ч Ч. Сэндэмийн бүтээлийг үзээд өглөө сэрээд нялх ногооны үнэрийг үнэртсэн тэр л таатай мэдрэмж дахин сэргэв. Хүн болгонд өөрийг нь илэрхийлэх нэгэн содон чанар, хобби зэрэг байдаг шүү дээ. Тэгвэл түүний бүтээлээс онцлох нэг зүйл нь бүтээл  болгондоо зун цагийг санагдуулам өнгөлөг, солонгорсон цэцгийг нисэж буй сонотой хамт зурсан байх юм. Ханын зураг, хүзүүний алчуур бүгдэд нь л байх аж. Энэ нь түүний Бясалгал хийдэгтэй холбоотой гэнэ. Тэрбээр өдгөө 13 жил бясалгал хийж байгаа бөгөөд бясалгал хийснээс хойш миний бүтээл гэрэлтэй болсон. Уран бүтээлч сэтгэлгээ маань задарч, сансрын өнгөөр зурдаг болсон гэж Www.Everyday.mn сайтад өгсөн ярилцлагдаа дурьдсан байна лээ.  Үзэсгэлэнг сонирхох үедээ Ч. Сэндэмийн уран бүтээлийн найзтай тааралдсан бөгөөд зарим нэгэн зүйлийг сонирхон асуусан юм. “Тэр үнэхээр дайчин, чадварлаг уран бүтээлч. Торгон дээр торгон будгаар зурна гэдэг нилээд ур чадвар, цаг хугацаа шаарддаг гэхдээ тэр шантралгүй харин ч хийж буй ажилдаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. Төрийн соёрхолт Ц. Саранцацралт ч түүний бүтээлийг хараад биширч байсан” гэв.Түүний торгон болон ноолууран дээрх бүтээлүүд нь уран зураг, хувцас эдлэл болон текстиль дизайныг хослуулсан дахин давтагдашгүй шинж чанартай байдгийг түүний олон зуун бүтээлээс харж болох аж.
Үзэсгэлэнгээ гаргахын тулд тэрбээр арван жилийг зарцуулсан гэнэ. Мөн нэг алд хэмжээтэй хүзүүний алчуурыг хийхэд бүтэн өдөр тасралтгүй ажиллаж байж гараас гаргадаг аж. Бүтээлийн хувьд үнэ янз бүр. Үзэсгэлэнг сонирхогчдийн ихэнх нь бүсгүйчүүд байсан бөгөөд хүзүүний алчуурыг бараг л бүгд зүүж үзэж харагдлаа. Хүзүүний алчуур нь 150 мянга, 400 мянга гэхчилэн өнгө будаг, хэмжээнээсээ хамаараад янз бүр байв. Ch. Sendem гэсэн гарийн үсгийг бүтээл болгоныхоо хажууд алтлаг шар өнгийн будгаар бичсэн нь цаанаа л нэг дэгжин. Чадварлаг дизайнерийн гараар урласан торгомсог ороолтоор өөрийгөө чимэх хүсэлтэй ганган хээнцэр бүсгүйчүүд маань музейн дэлгүүрээс худалдан авах боломжтой гэж тус музейн ажилтангууд хэлж байв. Торгон будаг нь усанд өнгө чанараа алдаж, уусдаггүй. Тиймээс уг хүзүүний ороолтоор гангарсан бүсгүй та солонгын өнгөт цэцгэн хээ, соно зэрэг нь угаах үед арилна гэж санаа зовох хэрэггүй ажээ. “Ч. Сэндэм зураачийн бүтээлд салхи, ус агаар, эрх чөлөөний бэлэгдэл болсон соно тусгагдаж, орчлонгийн дүрстэй хийгээд дүрсгүй, өнгөтэй атал өнгөгүй мэт хоосон чанар торгон даавуунд уусан дүрсгүйтэх өнгө будгын хослолоор найралджээ” гэж Д. Гоомарал хэлэв. Гүйцэтгэл, өнгө, дизайны хувьд өвөрмөц болж дэлхийн хэмжээнд үнэлэгдэж чадсан түүний бүтээлүүд нэрнээсээ л эхлээд үзэгчдийн сонирхолыг татаж байсан нь гарцаагүй юм.

Миний сонсоогүй хайрын дуу


Дурлалт бүсгүйгээ эргээд ирээч хэмээн арагдах мэт намдуухан тийм нэгэн ая, гитарийн хөг, хааяа нэг цохих бөмбөрийн тоот түүний хоолойгоор хөглөгдөн гарах нь гайхалтай. 1950, 1960-д оны америк залуусын өнгө төрх, сэтгэл хөдлөл, орчинг энэ дуунаас тод харж болмоор. Намайг бага байхад яг л ийм дуугаар дэвсгэрлэсэн хар цагаан кино их гардаг байсан. Салж чадахгүй биедээ тэмүүлэх хайрын тухай. Дурлалт бүсгүй нь мөрөө дөнгөж  далдалсан үсийг буржийлган толгойдоо том саравчтай малгайг хазайлган донжтой гэгч нь өмсч, дэрэвгэр хормойтой платьаар. Харин залуу нь шоон хээтэй питжак, шагайгаар татсан өмд, кепикэн малгай зэргээр гоёно. “Are you lonesome tonight” дууг сонсоход яг л ийм өнгө төрх нүднээ буулаа. Дууг ганц сонсоод тухайн үеийн төсөөллийг олж харна гэдэг дуучны ур чадвар, сэтгэл зүрх, авьяас гайхалтай гэдгийн илрэл юм.
        Би хайрын тухай дуу сонсох дуртай. Бүтэлтэй, эс бүтэлтэй дурлалын дуу энэ дэлхийд түм бумаараа. Магадгүй хайрын тухай сэдэвтэй дуу хамгийн их нь байдаг гээд хэлчихэд алдах зүйлгүй байх. Гэхдээ миний сонсдог дурлалын аяз, хэмнэл “Are you lonesome tonight” дуунаас тэс өөр. Ая, үг, дүрс ер нь бүгд л өөр. Дуучид нь тод өнгийн хувцасаар гоёж, эвлэг намдуухан дуулж, хайртай хүнийхээ гараас атгахдаа ч ичингүйрэх гэнэхэн хайрын тухай өгүүлэн, дүрсжүүлсэн солонгос дууг би сонсдог. Харин өнөөдөр рок-н-роллын хаантай анх удаa “танилцаж дууг нь сонсож үзлээ. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементийг хослуулж чадсан түүний тайзан дээр биеэ авч явах этгээд араншин, гайхалтай хоолой нь тэс өөр урсгалын хорхойтон надад үнэхээр содон байж чадсан юм.
       Элвис 25 настайдаа  цэргээс түрүүч цолтой халагдан Америкт иржээ. Ингээд тэр ондоо “Elvis is back” цомгоо гаргасан бөгөөд чартийн хоёрт бичигджээ. Тэрээр Европоос “o soli mio”, “Sorrento”, “La paloma” хэмээх улс төрийн шинж чанартай шинэ дуунуудтай ирсэн байлаа. Ийнхүү 1960 онд “Are you lonesome tonight” дуу нь хит парадийг тэргүүлэх болсон байна. ХХ зууны хамгийн алдартай жүжигчин, дуучин, бүсгүйчүүдийн зүрхийг булаасан хүн бол яах аргагүй Элвис Пресли.  “Rolling stone” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг 50 уран бүтээлчийн жагсаалтад гуравдугаарт бичигдсэн байдаг. Уг дуу нь өнөөг хүртэл дэлхийн алдартай романтик дууны нэгд зүй ёсоор ордог нь түүний хоолойны ур чадвар, сэтгэл хөдлөл, этгээд сонин төрх, дур булаам царайтай салшгүй холбоотой бизээ. Босгосон зах, нарийн өмд, өвөрмөц үс засалт зэргээр түүнийг хүн бүр андахгүй.

         Энэ хорвоо дээр төгс хүн гэж угаас байдаггүй шүү дээ. Зарим хүн Элвисийг хүүхэмсэг, завхай нэгэн ч гэдэг  байлаа. Үүнийг дуулахдаа гуяа хөдөлгөдөг байсан солиотой гэмээр бүжигтэй нь ч холбон тайлбарладаг гэнэ. Хуучинсаг үзэлтнүүд түүнийг Элвис Пэлвис гэж нэрлэн дургүйцлээ илэрхийлдэг байжээ. Pelvis гэдэг нь аарцаг, сүүж гэсэн утгатай үг юм. Гэхдээ ч Элвис нилээд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож салсан нь үнэн. Тэр ч бүү хэл тэдний араас гунигласан, тэдэнд зориулсан дууны нэг нь “Are you lonesome tonight” ажээ. “Always on my mind”, “Separate ways”, “Take good of her” зэрэг дуу нь тэдгээр бүсгүйд зориулагдсан гэнэ. Нэрнээсээ л анзаарагдах аж. Алдарт Бруно Марс хүртэл Элвис шиг  охидын зүрх сэтгэлийг эзэмдэгч болохыг хүсдэг байсан ч гэж хэлсэн байдаг.

       Түүний бүх л дуу гайхалтай. Бүгд л хит болсон. Гэхдээ “Are you lonesome tonight” нь илүү алдартай, ихэвчлэн бүсгүйчүүд сонсдог ажээ.

Хэн нэгэн зохиолчийн хичнээн сайхан ая, үгтэй дуу байлаа гээд дуучин түүнийг мэдэрч, чин сэтгэлээсээ дуулж чадахгүй бол дуу амьлахгүй. Нэгэн цагт хайрлаж явсан бүсгүйнхээ араас санаж, бодлогширч дуулсан учраас түүний бодол санаа, сэтгэл хөдлөл, хэлэхийг хүссэн үг, үйлдэл болгон дуунд шингэж тэр ч хэмжээгээрээ сонсогчдод хүчтэй хүрдэг байх. Тэдгээр сонсогчдийн нэг нь би. Рок, блюз, кантри урсгалын хөгжмөөс ангид явсан надад нэг сонсоод л сэтгэлд хүрсэн гэхээр уг дуу чихэнд чимэгтэй, хүчтэй, аргагүй л дуундаа амь ортол зүрхний гүнээс дуулсан гэдэг нь гарцаагүй. Ер нь ганц дуу ч гэлтгүй сэтгэлээсээ хийж бүтээсэн үйл болгон эргээд үр шимээ гарцаагүй өгдөг шүү дээ. Хэдий дурлал нь бүтэлгүйтэж салсан ч тэднийг хүндэтгэн, чин сэтгэлээсээ дуулсан нь түүний бас нэгэн өвөрмөц чанар ч байж болох юм. Хэн нэгнийг хайрлаж, уярааж сэтгэлийн үгээ намуухан аятай сүлэн дуулахыг нь сонсмоор, нэг л эрхэмсэг байдлыг бодогдуулах миний мэдэхгүй энэ дуу цаанаа л нэг чамин. 

Хар цагаан



Амьдралын бүхий л элемент хар, цагаан тогтоц дээр суурилдаг. Хар цагаан өнгийг өөр бусад өнгөөр чимэж, хольж, найруулж амьдралаасаа ямар гэрэл цацрахыг гагцхүү та шийднэ. Нэг л хэвийн амьдрал, сэтгэлгээ, өдөр хоногуудыг хэн илүү өнгөлж байна түүнээс хэзээд гэрэл цацарч байдаг. Мөн байх ёстой өнгийг дутааж, аль эсвэл нэг өнгө нь дутаж буйг мэдэх хэрнээ түүнийг өөрчлөх, өнгийг нэмэх тэнхээ тамиргүй, эсхүл айдас эргэлзээндээ хүлэгдсэн дүр зураг ч ажиглагдсаар байдаг. Тиймээс энэ ертөнцийн бүхий л зүйл хар цагааны ялгарлаар тайлбарлагдах аж. Амьдрал ч тэр. Харин одоо энэ ялгааг энгийнээр тайлбарлах гэж оролдоё.
       Эхийн цагаан сүү. Энэ бол хинхэнэ цагаан өнгө. Бид хүмүүн заяаг олж, аавын гэрийн амар тайвныг алдагдуулж, ачлалт эхээ арван сар зовоосны эцэст орь дуу хадаан байж мэндэлдэг. Энэ үед хамгийн түрүүнд танийг эхийн тань цагаан сүү, цагаахан сэтгэл, цагаан хайр угтаж авдаг. Эхийн уургийг л амлан бид хүн болдог. Тиймээс юм бүхэн цагаанаас улбаатай. Ээжийн цагаан сүү, бүүвэйн дууны аяс биднийг хаашаа явахыг зааж өгдөг мэт санагдана. Хүний амьдрал баян, ядуу аль нь ч бай хамаагүй цагаанаар эхэлдэг. Гэнэн томоогүй хүүхэд нас, цагаахан мөрөөдөл гэхчилэн эхлэл адил ч таниас хамаарч төгсгөл өөр болох юм.
     Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Өнөөдөр аяласан дуундаа маргааш дургүй болох мэт цав цагаан дундуур бүдчин явах үе ч байдаг юм. Гэвч цагаан анхдагч, хар хоёрдог ч бие юм. Нэг ёсондоо та амьдрах байшиндаа цагаан өнгөөр суурийг сутгаж, хөр өнгөөр ханаа босголоо гэж үзэе. Ханыг хэзээд ч нураагаад, шинэчилэх боломж байдаг шүү дээ. Харин суурь бол тун хэцүү. Хараас цагаан болох гэж хичээх шаардлагагүй. Харин цагаанаас хар болох эхлэлийг бүү тавиасай, анхаарч хичээх хэрэгтэй. Сайхан бүхнийг хайж бадарчилан явахдаа зарим нь цагаанаас харлуу хоромхон зуурт шилждэг. Архиар угжуулаагүй хэрнээ сүүг биш архийг дотно нөхрөө болгож хамгийн эрхэм, нандин чанар бүхнээ гээж байгааг мэддэг хэрнээ түүнд ухаангүй дурлах хүмүүс ч байна. Тиймээс энэ бол жинхэнэ хар.
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай
гэж бид шүлэглэх дуртай шүү дээ.
Хар цагаанаар сүлэлдэх өөр бусад өнгө энд өрнөнө.
        Сүүгээр угжуулж, цагаахан сэтгэлээр жигүүрлэн явах үе байсан бол архинд хөлчүүрхэж авирлах цаг тохионо. Энэ бол амьдрал. Цагаанаас харлуу шилжих амархаан, тuйлын амархан. Харин хараас цагаан руу тэмүүлэхэд таниас тэсвэр тэвчээр, хүлээц, итгэл зориг, ухамсар алив бүгдийг шаардана. Eнэ бүхнийг тэсвэрлээд, өөрчлөгдсөн болон өөрчлөгдөж буй энэ үе бол өнөөх хар цагаанаар сүлэлдэх өөр бусад өнгө нь юм. Дунд сургуульд байхад Монгол хэлний багш маань хүн алтан дунджийг барьж амьдрах хамгийн сайхан гэдэг байлаа. Хэрэв эхийн ангир уургаас хэдийнээ гарч цагаан өнгөн дээр тогтож чадахгүй байвал, ядаж л өөр бусад өнгө байхыг хичээх хэрэгтэй мэт. Гол нь хар л биш.
          Миний сэтгэл, оюун санаа, эрүүл, цэвэр байснаар надаас гэрэлтэх ёстой хар, цагаан болон бусад солонгын долоо өнгө зөв зоицолдоотой цацарч, тэр чинээгээрээ бие эрүүл, миний бусадтай харилцах харилцаа, алхаж буй зам, гаргаж буй шийдвэр зөв бөгөөд, орчиноо гэрэлтүүлэх байх. Тиймээс бүхнийг өөрөөсөө эхэлж би л бусдыг цагаан руу хөтлөн оруулна гэдэгт итгэлтэйгээр хар цагаан сүлэлдэх амьдралд амьдрах ёстой шүү.