6.24.2014

Санаандгүйн дундах тэмдэглэл

Машины хүлээн авагчаар аллагын тухай мэдээлж байх нь тэр.
Шарын шашныг үндэслэгч Зонховын мэндэлсэн газар Гүмбум хийдэд хүн амины хэрэг гарчээ. Навчин дээр Буддагийн дүр тодордог хэмээх алдарт модны доор залуухан лам алагдсан байна...

Хэдэн сарын өмнөөс л уншихсан хэмээн бодож явсан романаа өнөөдөр уншиж дуусгав. Өнгөрсөн хоёрдугаар сарын 20  хавьцаа юмуу даа номын дэлгүүрээр ороод гарахдаа уг бүтээлийг зурвасхан хараад өнгөрсөн билээ. Нэг найз маань номын хорхойтон тул төрсөн өдрөөр нь ном бэлэглэх санаатай тийнхүү ном худалдаж аваад гарахдаа Шүгдэн хэмээн нийлээд томоор бичсэн номыг олж харсан юм. Шүгдэн хэмээх үгийг өмнө нь сонсч байгаагүй тул юуг ийнхүү нэрлэдэг юм бол гэж их л сониучирхан бодов. Тухайн үед уг номыг аваад агуулга, оршил зэргийг нь уншаад номтой танилцах зав байгаагүй л хэрэг, бодож явсаар орой гэртээ ирэнгүүтээ интернетээр хайж Шүгдэн хэмээх нь нэгэн сахиусыг ийнхүү нэрлэдэг болохыг олж мэдлээ. Толгой өндийх завгүй хичээл ихтэй үе биш байсан ч дараа завтай болохоороо л авч уншья хэмээн өөрийгөө аргалав. Ийнхүү өөрийгөө чөлөөлж явсаар зуны амралт ч болж гэрт зурагт ширтэхээс өөр ажилгүй хэдэн өдрийг барав. Би ч уг нь удаан л уншдаг болохоос ном унших сонирхолтой. Үүнийг ээж маань Шүгдэн”-г хоёр хоногт уншиж дуусгасан байхад би тав хоног зарцуулсан гэдгээр баталж болох юм. Чингээд номын сангийн гэрээр ном олгох тасагт очиж өнөөх номоо 7 хоногийн хугацаатай авлаа. Гэртээ иртэл ээж маань ихэд сонирхож ээж нь эхлээд уншихаад өгөе гэлээ. Ээжийн хэлсэн үгэнд татгалзах шалтаг байсангүй тул зөвшөөрөв.
Өвөө маань бага наснаасаа бурханы ном судалж,  Дундговь аймгийн Дашгэнпиллэн хийдэд Гавж ламаар олон жил суусан хүн. Тиймээс ч бид багаасаа л  бурханы шашинд итгэж, сүсэглэж ирсэн билээ. Шүгдэн хэмээх бүтээлд бурханы шашин, итгэл үнэмшил, үйлийн үр, амьдралын утга учир зэрэг олон зүйлийг энгийн хэрнээ сонирхолтой байдлаар өгүүлсэн байдаг.  Бурханч хүний дэргэд маани мэгзэм цээжлэж өссөн болоод ч тэрүү энэ ном нэг л үнэмшмээр, зарим нэгэн хуудсанд дурьдагдах ишлэлийг цээжиндээ тогтоомоор, нээрээ л юм гэдэг сонин шүү гээд сүүрс алдмаар, бас бус гэнэтийн гэмээр сонин тохиолдолууд номыг уншаад дуусгах үест хажуугаар минь жирэлзээд өнгөрсөнд бүр ч гайхсан даа энэхүү тэмдэглэлээ бичиж эхлүүлсэн билээ.

 Дундговь аймаг Дашгэнпиллэн хийдийн хашаанаа 21.06.2014

Хуанди хэмээх феодал маягийн нэртэй, хэв галбир муутай, бас дээр нь байнгын ачааллаас болоод өтлөх янз орон байргашиж буй нохой Гүмбум хийдэд эзэн Сэржамц, зарим цэрэг цагдаагынхантай мөрдлөгө хийхээр ирдэг. Учир нь тэмдэглэлийн эхэнд тус газар хүн амины хэрэг гарсан талаар өгүүлсэн шүү дээ. Хэдий Хуанди өтлөх янз орсон ч гэлээ ямар нэгэн өвчин эмгэгүй, соргог,  ер нь энэ дэлхий дээр түүний хэмжээний чадвартай нохой үгүй ажээ.
Энэхүү тэмдэглэлийг бичихээс барагцаалбал 14 хоногийн л өмнө юмуу даа манайх нэг кавказ гөлөг худалдаж авсан юм. Аливаа амьтаны үр төл ер нь л яагаад ч юм их хөөрхөн байдаг даа, балчирхан болоод ч тэр юмуу. Дүү маань ч бидэнтэй ярьж хэлэлцэлгүй нохойндоо Хүдэр хэмээх нэр хайрлачихав. Бидэнд ч эсэргүүцэх шалгаан юу байхсан билээ. Хүдэээр, Хүдэр гээд дуудангуут л богинохон босоо 2 чихээ соотогнуулаад, баацагнаад давхих нь нэг л хөөрхөн...         Кавказ нохой нь ямар ч төрлийн цаг агаарт амархан зохицон амьдрах чадвартай, анхаарал халамж төдийлөн шаардахгүй тэсвэр хатуужилтай, төрөлхийн хамгаалагч шинжтэй, зоригтой байдаг нь надад насны ялгаа л гэхээс биш ном уншиж төсөөлөлдөө бий болгосон мөрч Хуанди нохойтой адил санагдсан билээ.
анхны болон сүүлийн... 20.06.2014
Шүгдэн романы зангилаа, гол баатар гучаадхан настай, залуухан эр бөгөөтөл Гүмбумын лам нарын ярьснаар бол түүний амьдрал гэж эх адаг нь олдохооргүй ээдрээ будлиантай, өвгөн хүнийх шиг ярвигтай урт түүх болчихмоор аж. Тэрээр эд хөрөнгө аривжуулагч хэмээх Шүгдэн сахиусыг нууцаар тахигч байсан юм. Нэгээс бусад лам хэлэлцсэн юм шиг бүгд л бүрлээчийг би сайн мэдэхгүй л дээ хэмээн яриагаа эхэлдэг. Тэр нэг нь арилаачийн номын анд Саманд юм.  Номыг дэлгэвээс  лам Дарамбалын учир битүүлэг үхлийн талаар өрнөх бөгөөд үүний зангилаа яг л эхлэл шигээ хамгийн сүлийн хуудас, төгсгөлийн мөрнөө тайлагдана. Зохиолчийн авьяас чадвар агууяа. Эцсийн амьсгалаа татахдаа хамгийн нандин шүтээн рүүгээ сарвайсан хөөрхий ламын үхлийн нууц хэзээ тайлагдах бол гэхээс хэрэндээ л хурдан уншиж дуусгах хүсэлд автсан надад номыг эхлүүлсний маргааш утас гэнэт дуугарч үүн лүгээ таагүй мэдээ дуулгав. Хорвоогийн жам юм даа... энд бид нэгнээр дутав.
Хорвоод хэн ч бай төрсөн бол үхнэ, үхсэн бол эргэж төрнө. Яг л гээсэн бол олдог, олсон бол гээдэг шиг. Хэн нэгэн чамаас илүү зүйл хонжиж авсан бол, хожим нь тэр хэмжээний гарз чамаас зайлшгүй гарна. Хорвоогийн зохицол тэнцвэр энэ. Үүний ачаар л орчлон хорвоо хэлбийж хөмөрчихгүй оршин тогтнож буй ажээ.
-Хуанди мөр хай! хэмээн Сэржамц нохойгоо зандрахдаа өдийд Хуанди үнэр олчихсон байх ёстой, гэхдээ одоохондоо эргэлзээд л байна гэв. Уг нь Хуандид үнэр гол биш. Тэр зөнгөөрөө л ямар нэгэн сэжүүр олдог. Сэржамцийн өнөөдрийг хүртэл авсан хэргэм зэрэг болгонд Хуанди хамт байсан гэвэл тэр нохой ямар их чадвартайг дахин батлаж буй хэрэг юм. Машинд удаан явсан болоод ч тэрүү тэр нэг л болж өгөхгүй байсан тул мөрдлөгийн ажлыг маргааш үргэлжүүлэхээр болсноор зохиол өрнөдөг. Гэтэл тэрхүү шөнө нь Хуанди Дарамбал лам шиг учир битүүлгээр шарх, бэртэл гэмтэл авалгүйгээр нас бардаг. Арилаач нэгэн удаа найз Саманддаа амь нас усны хөөс, өвсний шүүдэр шиг хэврэг. Залуу нас өтөлж дуусна, эрүүл мэнд өвчилж дуусна, жаргалыг зовлон залгаж, амийг үхэл авч одно. Зурхийсэн санааг тэрхэн дор нь л хэрэгжүүлэхгүй бол энэ насанд ч, дараагийн төрөлд ч ахиад ийм завшаан таараа ч уу, үгүй  юу? Хэзээ ч үхэж болзошгүй учир яг одоо эхлэл хэрэгтэй гэж хэлж байжээ. Дарамбал юмыг нэг сонсоод л цээжилчихдэг, жихтэйхэн ойтой. Гэхдээ номоо барагтай л бол давтдаггүй байсныг Саманд хүүхэд насаа ямагт л Дарамбалын хажууд өнгөрөөснийхөө хувьд хэнээс ч илүү мэдэх билээ. Тиймээс ч учир битүүлэг энэхүү хэргийн золиос Дарамбалын араас Саманд шиг харамссан хүн үгүй! Мөн Хуандигийн араас Сэржамцын харамсч, халаглаж, өрөвдөж, ганцаардаж байсныг би хэдхэн мөрт багтааж хүчирхэхгүй ээ. Хуандиг эхнэрээсээ ч дээгүүрт тавьдаг байсан гээд л бод. Ердөө л 14 хонож байхад би ч Хүдэртээ их дасчээ. Гарж орох болгонд л үгүйлэгдээд. Тийм байхад зургаа, долоон жилийг зүү орох зайгүй найзууд гэхчээр өнгөрүүлсэн Сэржамц, Хуанди хоёр ч аргагүй биз.
Шинжээчид арилаачийн гэрт очтол хэр баргийн хүний бэл хүрэхээргүй үнэтэй шүтээнүүдийг цагдаа нар тахилын шүүгээ, гүнгэрваа сэлтээс нь авч тус тусад нь даавуунд ороогоод алт, мөнгө, зандан мод гэхчилэн хаяглаад ангилж ялгасан байдаг талаар өгүүлдэг. Энэ бүгдээс харвал арилаач маань бэл бэнчинтэй хүн болох нь гарцаагүй боллоо. Харин номын анд Самандын хэлснийг эргэн санавал арилаач маань адтай сэргэлэн ч тэр ухаанаа номонд зорилагүй гэсэн билээ. Муу хүн сайн хүнтэй нөхөрлөвч төдий л сайжирдаггүй, Харин сайн хүн муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болдог гэдэг. Бурханы ном бол энэ амьдралыг зөв туулах хөтөч, удаан амьдрана гэсэн мөрөөдөлдөө хууртахаас сэрэмжлэгч юм. Үхэл үүдэнд отож байдгийг ухаараагүй хүн хөрөнгө мөнгө, нэр хүнд мэтийн зуурдын зүйлд шунасаар толгой нь эргэдэг. Уг нь лам хүнд сурсан эрдэм, хураасан буянаас өөр юу ч хэрэггүй. Энэ бол миний үг бус, номоос харж тогтоосон минь л билээ...
Хүний шунал гэж гүйцэгдэшгүй сонин зүйл шүү. Улаантай болвол цагаантай болмоор, цагаантай болвол ногоонтой болмоор санагдаад. Нэгэнт л хэзээдээ гүйцэгдэшгүй зүйл тул бид хүслээ номхотгож сурах нь л хамгийн зөв арга ажээ. О.Дашбалбарын тэнгэр шиг бай шүлэгт ч хүсэл бүхэн биелэх албагүй чандалж хорь, хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай гэдэг дээ. Хүслээ номхотгож чадаагүй хүн нөгөө ертөнцөд одохдоо шунал гээч барагдашгүй хүнд ачаагаа үүрээд явдаг. Энэ бүхнийхээ үрийг тэнд хураагаад, эргэн төрөхдөө ахиад л шунал хүслийнхээ хүлээсэнд унадаг байна. Шашин шүтлэггүй хүнд энэ хий хоосон зүйл шиг санагдаж, инээд нь хүрч болох л юм. Харин шүтлэгтэй хэрнээ зарим нэг зүйлийн мөн чанарыг ойлгож чадаагүй явсан над мэт хүн байдаг учраас л уншиж ухаарсан зүйлээ бусадтай хуваалцах гэсэн билээ. Өөрөөр хэлбэл бид дүрэм журмыг сахидаг дүр эсгэгчид ажээ. Харин одоо учир битүүлэг үхлийн учгийг өөрийн ухаанаар тайлая.
Алуурчин нь хохирогчоосоо өмнө үхвэл тэр жинхэнэ аллага биш, алуурчин хэдийнээ өөр төрөл авчихсан учраас тэр...
Энэ бол үхлийн шалтгааныг тайлсан ишлэл билээ. Алуурчин, хохирогч хэмээх үгс номын нөхөд арилаач Дарамбал, Саманд хоёртой холбоотой. Гэнэтхэн яагаад Самандын нэр үхлийн хэрэгт холбогдчихсон бэ гэж үү? Дарамбалд энэ насанд нь цуглуулсан эд хөрөнгө бага мэт санагдаж хойтын төрөлдөө бурханы дүрээр төрөхийг хүсч, сэтгэлийнхээ дэнсийг тэнцүүлж сурахын тулд номыг шүтэгч Самандын эрдэм ухаанд атаархсандаа өөрийгөө ч, өрөөлийг ч хороосон билээ. Түвдийн хооронд хууль бус наймаа хийдэг зарим хүмүүстэй нийлснээрээ бүрлээч маань нисванист хэтэрхий автжээ. Элдвийн мэдээгээр дүүргэсэн хүний ухаан нэгэн цагт тэр олон баримтыг цэгцлэхээс өөрцгүйд хүрнэ. Цаг зуурын ийм юмсаар ухаанаа дүүргэж байх уу, үгүй юу гэдгээ бид өөрсдөө л шийдэх учиртай. Ухааны сав бас хязгаартай л гэдэг юм. Харин Хуандигийн үхлийн тухайд гэвэл мөн л арилаач Дарамбалд бурханы оронд ч гэлээ нохойн хэрэг гарсанд эцсийн хүслээ шивнэн  хөөрхийг араасаа авч одсон аж. Учир нь Шүгдэн сахиус цагаан сэгсгэр нохой хөлөглөн явдаг нь түүнтэй адил болох гэсэн хүслийх билээ. Харин манай Хүдэр?...


5.18.2014

Ахих бус буурая, гэхдээ цөлжилтөөр

       Та цөлжилт, цөл гэсэн хоёр үгийн алийг нь олон сонсож байсан бэ? Мэдээж цөлжилт гэсэн үгийг хавь илүү сонссон болов уу хэмээн бодож байна. Хэрэв та эргэлзэж байвал интернет хайлтын хэсэгтээ цөлжилт болон цөл гэсэн үгийг бичээд хайж үзээрэй. Цөлжилт хэмээх хайлтад Цөлжилт Монголыг залгиж байна, цөлжилтөөс хэрхэн ангижрах вэ, цөлжилт бол чимээгүй үхэл л гэсэн үгзэрэг олон мэдээллийг олох бол цөл хэмээх хайлтад Сахарын цөл, Намибийн цөл зэрэг цөөн хэдэн мэдээллийг олж харна. Учир нь манай улс цөлжилтөнд нилээд хэдэн жилийн өмнө өртөж энэ талаараа судалгаа шинжилгээ, шүүмж, маргаан, зөвлөмж зэргийг ихээр хэлэлцэж ирсэн юм.
    Цөлжилт бол удаан хугацаагаар үрэглжлэх газар доройтох үйл явц, харин цөл бол энэ үйл явцын төгсгөлийн үе шат гэж үздэг. Монгол орны хувьд 1960-аад онд газарзүйч Цэгмэд Орог нуурын ширгэлттэй холбоотойгоор тусгай улсын комисс гаргаж судалгаа хийсний үр дүнд манай улсад хуурайшилтын болон чийглэг үе гэж байдаг юм байна. Хуурайшилтынх нь үед говийн бүс нутагт эко системийн томоохон доройтлууд бий болдог гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Уг үнэлгээний дүнгээр зөвхөн говь хээрийн бүс нутгийн 92 хувь цөлжсөн байна гэх дүгнэлтийг хийсэн байдаг. Харин 2010 оны цөлжилтийн нэгдсэн зургаас харвал Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн гэж цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны нарийн бичгийн дарга Д.Баярбат хэлсэн юм. Тодруулж хэлбэл бид цөлжилтийн талаар 30-аад жилийн өмнөөс шүүмжилж, харамсаж, хэн нэгнээ хийхийг хүлээж суусаар Монгол улсаа өнөө маргаашгүй цөл гэсэн ангилалд бүртгүүлэхээр хэмжээнд аваачсан гэсэн үг. АНУ-ын сансар судлалын NASA агентлагаас дэлхийн цөлжилтийн ойрын 20 жилийн явцын талаар гаргасан судалгаагаар 2030-аад онд Монгол Улсын газар нутгийн 90 хувь нь дэлхийн цөлийн бүсэд харъяалагдана гэжээ. Энд цөлжилт, цөл гэсэн хоёр өөр үе шат дурьдаж байгааг анзаарах нь зүйтэй болов уу.
      Хэрвээ цөлжилтийн эсрэг яаралтай тэмцэхгүй бол 15-20 жилийн дараа Монголд агаарын температур хэд хэдэн хэмээр дулаарна. Харин зуны саруудад дулаарах нь эргэлзээтэй. Үүнээс болж 0 градусаас дээш температуртай өдрийн тоо ихсэж хаврын гангийн давтагдал нэмэгдэж болзошгүй. Хур тундасны хэмжээ ерөнхийдөө нэмэгдэх боловч зуны улиралд онцын өөрчлөлт орохгүй. Ерөнхийдөө дулаарсан дэвсгэр дээр ууршилт ихээхэн нэмэгдэх ба дээр нь дулаан үеийн хур тундас ихсэж чадахгүй бол цөлжих явц улам гүнзгийрч мэднэ. Ерөнхий дулааралтаас болж улирлын болон олон жилийн мөнх цэвдэг ихээхэн илэгдэх гэнэ. Энэ нь хөрс элэгдэх нэгэн том шалтгаан болно хэмээн эрдэмтэн Д.Даш тэмдэглэжээ.
        Сүүлийн үед Монголоос үүдэлтэй гэх шар шороон шуурга олон оронд хохирол учруулж байгаа талаар их ярих болсон. Үүнээс үүдэн бүтэлтэй, эс бүтэлтэй янз бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж зарим нь үүгээр өөрсдийгөө рекламдах хандлага ч ажиглагдаж байгаа нь нууц биш юм. Гэхдээ эрдэмтдийн хийсэн судалгаагаар шуурга дэгддэг таван том үүсвэрийн нэг нь Монголд хамаатай гэдгийг тогтоосон. Энэхүү голомт нь Дундговь, Өмнөговь аймгийн урд хэсгээр бий. Харин үлдсэн дөрвөн эх үүсвэр, голомт нь Хятадын умард хэсэг тэр чигээрээ орж байгаа гэдгийг Японы цөл судлалын хүрээлэн олж тогтоосон хэмээн Төв Азийн цөлжилтийн асуудлууд олон улсын төслийн Монгол дахь зохицуулагч Н.Алтансүх хэлсэн юм. Хятад улс өнгөрсөн зууны сүүлч хүртэл жилд 10 гаруй мянган ам километэрээр нэмэгдэж байсан цөлжилтийг  4500 ам км болтол бууруулж чадсан түүх бий. Гэвч цөлжилтийг бүрэн зогсооход 300 жил шаардлагатай байгаа аж. Тэгэхээр манайх шиг цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа нь сул байгаа орон энэ янзаарааа хэдэн жилийн дараа цөлжилтөө зогсоож чадахыг хэлэхэд бэрх юм.

          Бид яг л энэ хэвээрээ цааш үргэлжилбэл 50 жилийн дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африкийн халуун орон шиг дулаарна гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ бүгд тооцоолон харсан хэтийн төлөв болохоос цор ганц үнэн биш юм. Тиймээс цөлжилтийг зогсоох, сааруулахад хэдийнээ оройтсон гэж бодолгүй мөн манай оронд бусад улсад хохирол учруулах голомт дөрөв биш ганц байгаа хэмээн тайвшралгүй хүн бүр байгаль орчноо эзний ёсоор хайрлан хамгаалах хэрэгтэй. Эх болсон газар шорооныхоо эс ширхэг бүхэнд элгэмсэг халуун хайртай байна гэдэг юуны өмнө өөртөө болоод өргөн түмэн, ирээдүйдээ хайртай байна гэсэн үг юм. Ийм эрхэм ухамсар ч Монголчуудын дунд эртнээс төлөвшиж, уламжлаж ирснийг мартаж болохгүй.