5.18.2014

Ахих бус буурая, гэхдээ цөлжилтөөр

       Та цөлжилт, цөл гэсэн хоёр үгийн алийг нь олон сонсож байсан бэ? Мэдээж цөлжилт гэсэн үгийг хавь илүү сонссон болов уу хэмээн бодож байна. Хэрэв та эргэлзэж байвал интернет хайлтын хэсэгтээ цөлжилт болон цөл гэсэн үгийг бичээд хайж үзээрэй. Цөлжилт хэмээх хайлтад Цөлжилт Монголыг залгиж байна, цөлжилтөөс хэрхэн ангижрах вэ, цөлжилт бол чимээгүй үхэл л гэсэн үгзэрэг олон мэдээллийг олох бол цөл хэмээх хайлтад Сахарын цөл, Намибийн цөл зэрэг цөөн хэдэн мэдээллийг олж харна. Учир нь манай улс цөлжилтөнд нилээд хэдэн жилийн өмнө өртөж энэ талаараа судалгаа шинжилгээ, шүүмж, маргаан, зөвлөмж зэргийг ихээр хэлэлцэж ирсэн юм.
    Цөлжилт бол удаан хугацаагаар үрэглжлэх газар доройтох үйл явц, харин цөл бол энэ үйл явцын төгсгөлийн үе шат гэж үздэг. Монгол орны хувьд 1960-аад онд газарзүйч Цэгмэд Орог нуурын ширгэлттэй холбоотойгоор тусгай улсын комисс гаргаж судалгаа хийсний үр дүнд манай улсад хуурайшилтын болон чийглэг үе гэж байдаг юм байна. Хуурайшилтынх нь үед говийн бүс нутагт эко системийн томоохон доройтлууд бий болдог гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Уг үнэлгээний дүнгээр зөвхөн говь хээрийн бүс нутгийн 92 хувь цөлжсөн байна гэх дүгнэлтийг хийсэн байдаг. Харин 2010 оны цөлжилтийн нэгдсэн зургаас харвал Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн гэж цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны нарийн бичгийн дарга Д.Баярбат хэлсэн юм. Тодруулж хэлбэл бид цөлжилтийн талаар 30-аад жилийн өмнөөс шүүмжилж, харамсаж, хэн нэгнээ хийхийг хүлээж суусаар Монгол улсаа өнөө маргаашгүй цөл гэсэн ангилалд бүртгүүлэхээр хэмжээнд аваачсан гэсэн үг. АНУ-ын сансар судлалын NASA агентлагаас дэлхийн цөлжилтийн ойрын 20 жилийн явцын талаар гаргасан судалгаагаар 2030-аад онд Монгол Улсын газар нутгийн 90 хувь нь дэлхийн цөлийн бүсэд харъяалагдана гэжээ. Энд цөлжилт, цөл гэсэн хоёр өөр үе шат дурьдаж байгааг анзаарах нь зүйтэй болов уу.
      Хэрвээ цөлжилтийн эсрэг яаралтай тэмцэхгүй бол 15-20 жилийн дараа Монголд агаарын температур хэд хэдэн хэмээр дулаарна. Харин зуны саруудад дулаарах нь эргэлзээтэй. Үүнээс болж 0 градусаас дээш температуртай өдрийн тоо ихсэж хаврын гангийн давтагдал нэмэгдэж болзошгүй. Хур тундасны хэмжээ ерөнхийдөө нэмэгдэх боловч зуны улиралд онцын өөрчлөлт орохгүй. Ерөнхийдөө дулаарсан дэвсгэр дээр ууршилт ихээхэн нэмэгдэх ба дээр нь дулаан үеийн хур тундас ихсэж чадахгүй бол цөлжих явц улам гүнзгийрч мэднэ. Ерөнхий дулааралтаас болж улирлын болон олон жилийн мөнх цэвдэг ихээхэн илэгдэх гэнэ. Энэ нь хөрс элэгдэх нэгэн том шалтгаан болно хэмээн эрдэмтэн Д.Даш тэмдэглэжээ.
        Сүүлийн үед Монголоос үүдэлтэй гэх шар шороон шуурга олон оронд хохирол учруулж байгаа талаар их ярих болсон. Үүнээс үүдэн бүтэлтэй, эс бүтэлтэй янз бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж зарим нь үүгээр өөрсдийгөө рекламдах хандлага ч ажиглагдаж байгаа нь нууц биш юм. Гэхдээ эрдэмтдийн хийсэн судалгаагаар шуурга дэгддэг таван том үүсвэрийн нэг нь Монголд хамаатай гэдгийг тогтоосон. Энэхүү голомт нь Дундговь, Өмнөговь аймгийн урд хэсгээр бий. Харин үлдсэн дөрвөн эх үүсвэр, голомт нь Хятадын умард хэсэг тэр чигээрээ орж байгаа гэдгийг Японы цөл судлалын хүрээлэн олж тогтоосон хэмээн Төв Азийн цөлжилтийн асуудлууд олон улсын төслийн Монгол дахь зохицуулагч Н.Алтансүх хэлсэн юм. Хятад улс өнгөрсөн зууны сүүлч хүртэл жилд 10 гаруй мянган ам километэрээр нэмэгдэж байсан цөлжилтийг  4500 ам км болтол бууруулж чадсан түүх бий. Гэвч цөлжилтийг бүрэн зогсооход 300 жил шаардлагатай байгаа аж. Тэгэхээр манайх шиг цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа нь сул байгаа орон энэ янзаарааа хэдэн жилийн дараа цөлжилтөө зогсоож чадахыг хэлэхэд бэрх юм.

          Бид яг л энэ хэвээрээ цааш үргэлжилбэл 50 жилийн дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африкийн халуун орон шиг дулаарна гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ бүгд тооцоолон харсан хэтийн төлөв болохоос цор ганц үнэн биш юм. Тиймээс цөлжилтийг зогсоох, сааруулахад хэдийнээ оройтсон гэж бодолгүй мөн манай оронд бусад улсад хохирол учруулах голомт дөрөв биш ганц байгаа хэмээн тайвшралгүй хүн бүр байгаль орчноо эзний ёсоор хайрлан хамгаалах хэрэгтэй. Эх болсон газар шорооныхоо эс ширхэг бүхэнд элгэмсэг халуун хайртай байна гэдэг юуны өмнө өөртөө болоод өргөн түмэн, ирээдүйдээ хайртай байна гэсэн үг юм. Ийм эрхэм ухамсар ч Монголчуудын дунд эртнээс төлөвшиж, уламжлаж ирснийг мартаж болохгүй. 

No comments:

Post a Comment