7.24.2015

Тогтмол хэвлэл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Монгол Улс НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц” болон түүний нэмэлт протоколд 2008 онд нэгдэн орсноор уг конвенциор баталгаажсан бүх эрх, эрх чөлөөг дүүрэн хангах эрмэлзлэлээ дэлхийн олон нийтэд нотлон харуулсны зэрэгцээ иргэдийнхээ өмнө энэхүү зайлшгүй чухал олон улсын гэрээг хэрэгжүүлэх амаргүй үүргийг хүлээсэн билээ. Одоо хөгжлийн бэрхшээл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх уламжлалт ойлголт, хандлагыг өөрчлөхөөс эхлээд тэдний эрхийг хүндэтгэсэн, нийгмийн бүхий л амьдралд бусадтай адил тэгш оролцох, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхүйц эерэг орчныг бүрдүүлэх хүртэлх хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилт, үзэл санаа, зарчмыг бодит үйл хэрэг болгож хэрэгжүүлэх асуудал хамгийн  чухлаар тавигдаж байна.

Хүнлэг ёс, хүмүүнлэг нийгмийн зарчмаар бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах нь үр дүнд хүрэх гол арга аж. Гэвч эдгээр хүмүүсийг тээршаасан, бусдаас өөр хүн гэж үзэх хандлага нийгэмд түгээмэл байна. Ийм хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүдүүлгээр зөрчих үндэс болж, тэдний хүнлэг ёсны хайр халамж хүртэх эрхийг боогдуулсаар байна. Иймд тэднийг бусад хүмүүстэй эрх тэгш байлгах, тэдний талаар нийгэмд зөв ойлголт төрүүлэхэд сэтгүүл зүйн салбар онцгой үүрэгтэй юм.

Одоогоос 10 жилийн өмнө Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн II Их хурлаар сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баталсан бөгөөд үүнд хувийн нууц, бусдын зовлон шаналалыг ойлгох, нас хүйс, шашин шүтлэг, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчилахгүй байх зэргийг заасан байдаг. Сэтгүүлчид нийгмийн аливаа асуудлаар бичихэд хүссэн хүсээгүй хүний эрхийн асуудалтай тулгарна. Аливаа нийгэмд хүнээс тусдаа асуудал гэж үгүй. Тиймээс сэтгүүлчид нийгмийн санаа бодлыг төлөвшүүлж байдгийнхаа хувьд хүний эрхийн асуудал тэр дундаа хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн тухай ОНМХ-ээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн, цацах тохиолдолд тухайн асуудлаар батлагдсан үндэсний хууль, тогтоомж, олон улсын гэрээ конвенцийг сайн  судлах, мэдлэг мэдээлэлтэй байх  шаардлагатай байна.

Амьдралын таагүй нөхцөл, хөдөлмөрийн аюултай орчин, ядуурал, хайхрамж болгоомжгүй байдал, хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа дутмагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо улам бүр өсөн нэмэгдэж байна. Монгол улсад 2010 оны жилийн эцсийн байдлаар нийт 82,631 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бол 2014 оны байдлаар ойролцоогоо 118 мянга гаруй хүн байна гэсэн тооцоо байдаг. Гэхдээ БСШУЯ, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, хүн ам орон сууцны тооллогын үр дүн хоорондоо зөрүүтэй гардаг аж.

Сэтгүүлчид ямар асуудлыг, аль өнцгөөс, хэр их нухацтай авч үзэхийг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдгаараа аливаа асуудлын талаарх олон нийтийн санаа бодолд маш хүчтэй нөлөөлдөг. Сэтгүүлчид хүмүүст эрхийнх нь талаар боловсрол олгох, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийн тулгамдсан асуудлыг олон нийтэд дэлгэн тавих зэргээр хүний эрхийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэж буй эдгээр олон чухал хувь нэмрийн дүнд идэвхитэй, мэдээлэлтэй, эрхээ шаардах чадвартай иргэд олноор бий болох боломжтой юм.

Монголын өнөөгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах олон нийтийн хандлага нь нэг бол хэт өрөвдөж хөөрхийлсөн байдалтай эсвэл бүр гадуурхаж төвөгшөөсөн хоёрхон хэлбэртэй байдаг нь тэдэнд сэтгэлзүйн томоохон дарамт учруулдаг байна. Хүний эрхийн зөрчил нь гол төлөв далд хэлбэрээр оршдог учир тэдгээрийг олж илрүүлэхэд сэтгүүлчдээс ихээхэн үүрэг хариуцлага шаардах болсон энэ үед Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлэгт иргэдийн улс төрийн болон иргэний эрхийн асуудлыг түлхүү тусгадаг, харин эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай бага хөндөж байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэтгэл дундуур байдаг талаараа Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл” сэдэвт сургалтын үеэр ярьсан байна.

Манай улс Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн конвенцид нэгдэж орсон 56 дахь орон. Харин АНУ 144 дэхь орон болж байж. Энэ хоёрын хооронд ихээхэн ялгаа байхаар харагдаж байгаач Америк 1973 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хуулийг, мөн ялгаварлан гадуурхалтынхаа эсрэг хуулийг батлуулжээ. АНУ-д бүх телевиз, радио сурталчилгааныхаа 200 минутыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулдаг байх жишээтэй. Энэ хугацаанд нийгмийн сэтгэл зүйд хандахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олоход нь туслах гэхчилэн үйл ажиллагаа явуулдаг байна.  

Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 2 дугаар бүлгийн 2.4.6, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөрийн 5.8-д тус тус хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх нийгэм, сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх талаар тусгасан боловч энэ асуудалд  хүний эрхийн үүднээс хандах олон нийтийн хандлагыг бий болгоход чиглэгдсэн үнэн бодитой мэдээлэл нийгэмд тэр бүр хүрч чадахгүй байгаа нь өнөөг хүртэл хэвээр байна.

1999 онд Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Яамны захиалгаар Монгол Улсын Их Сургуулийн социологийн тэнхимээс хийсэн “Тахир дутуу иргэдийн хэрэгцээ” судалгаанд оролцогчдын 71,4 хувь  нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусад хүмүүсээс ялгаатай “өөр хүмүүс” гэж үзэж байжээ. Судалгаанд оролцогчдоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн эмзэг, өвчин эмгэгтэй хүмүүс гэж 23,8 хувь нь, нийгмийн зүгээс анхаараал халамж байнга шаарддаг хүмүүс гэж 45,5 хувь нь үздэг талаар тэмдэглэжээ. Мөн 52,8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг, 14,7 хувь нь тэдний талаарх мэдээллийг авч чаддаггүй, харин 3,1 хувь нь мэдээлэл авахыг ч хүсдэггүй гэсэн байна. Арьс өнгө, хүйс, яс үндэс, гарал үүсэл, хэлбэр галбир, жин хэмжээ болон өөр өөр олон талаараа хүмүүс ялгаатай байдаг. Хөгжлийн бэрхшээл үүнтэй л адил. Хөгжлийн бэрхшээлээсээ болоод хүний хөдөлгөөн, эсвэл сонсох үнэрлэх, амтлах чадвар хязгаарлагдсан байж болно. Гэхдээ тэд бидний л нэгэн адил хүн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар өдөр тутмын сонинд хэрхэн тусгаж буй талаар контен анализ болон өдөр тутмын сонины мэргэжилтнүүдийн дунд ганцаарчилсан ярилцлагын аргаар судалгаа явуулсан юм. Өдөр тутмын сонинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар харьцангуй бага тусгадаг бөгөөд цөөн хэдэн асуудлын хүрээнд л мэдээлдэг байна. Үүний нэг шалтгаан нь мэдээлэл бэлтгэхэд сонины удирдлага, эх сурвалж, тодорхой тоо баримт байдаггүй  зэрэг нь сэтгүүлчдэд хүндрэл учруулдаг аж.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид тогтвортой үйл ажилгааныхаа дүнд нийгмийн санаа бодлыг төлөвшүүлж, үнэн зөв мэдээлээр мэдлэг оюунд нь хөрөнгө оруулах, хүлээн авагчдын харах өнцгийг зөв чигт залах учиртай. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид өөрсдөө буруу ойлголт, хандлагатай байгаа нь учир дутагдалтай юм. Тухайлбал, өдөр тутмын сонин бол мөн л нэг бизнесийн байгууллага. Тийм учраас сонины борлуулалт, уншигчийн тоог нэмэхийн тулд хүргэх мэдээлэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал байх нь тохиромжтой биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн фото зураг зэргийг сонины нүүрэнд нийтлэх нь гоо гүйд сөргөөр нөлөөлөх тал бий, хэдий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар мэдээлэл бэлтгэсэн ч сонины удирдлагууд нийтлэхээс татгалздаг зэрэг олон шалтгаан нь хэвлэл мэдээлийн аль ч хэрэгсэл мэдээлэх гэхээсээ урьтан ашиг орлого олох хүсэл нь давамгайлсан ба хэвлэн нийтлэгчдийн мэдлэг, мэдээллийн хүрээг тэлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. 

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хөндөж бичихэд баримтлах зарчмыг сэтгүүлчид, олон түмний үнэнийг мэдэх эрх ашигт захирагдан бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахгүй байх гэх мэтчилэн сэтгүүл зүйн үндсэн шаардлагаа хангах хэрэгтэйн дээр үг хэллэгийн сонголтондоо мөн анхаарах ёстой гэж хариулсан боловч судлагдсан нийт материалуудад үг хэллэгийн буруу сонголт тодорхой хэмжээгээр илрэх, мэдээллийн тэнцэрт байдлаа хадгалж чадаагүй буюу ярилцагчаа хэт баатарчилсан хандлага ажиглагдаж байлаа.
Хэвлэлийн хүрээлэнгийн 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол улсын хэмжээнд 506 мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж байгаагаас 123 сонин, 98 сэтгүүл, 72 радио, 142 телевиз, 71 веб сайт байна гэжээ. Үүнээс харахад  3 сая хүн амтай манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдий талаар нийгмийг  үнэн зөв, бодитой мэдээлээр хангах өргөн боломж бий юм.

3.20.2015

Анхны бичсэн шүүмжээ хуваалцаж байна

"Сэтгүүл зүй судлал шүүмж" хичээлийн хүрээнд хийсэн анхны шүүмжээ та бүгдтэй хуваалцаж байна. Шүүмж гэхээр хүмүүс хэн нэгнийг муулах, шүүмжлэх, доромжлох гэж ойлгох нь олонтаа. Гэвч шүүмж нь утга зохиол, урлагийн бүхий л бүтээл мөн ШУ-ны зохиолийг тайлбарлах, түүний агуулга ач холбогдолд үнэлэлт дүгнэлт өгдөг өвөрмөц төрөл юм. Мэдээж хэн нэгний оюуны бүтээлд үнэлэлт  дүгнэлт өгч, задлан шинжлэхэд тухайн шүүмжлэгч маш их мэдээ мэдээлэл, мэдлэгтэй байх шаардлагатай учраас шүүмж судлал нь их хүнд төрөл жанр юм. Би мэргэжлийн судлаач, шүүмжлэгч биш, мөн анхны шүүмж маань учир алдаа дутагдал байвал та бүгдийг ойлгоосой гэж хүсч байна. 

 “Ирмүүн” сэтгүүлийн  хоёр дахь дугаар 2009 онд уншигчдаа бүтэн 10 сар хүлээлгэсний эцэст 150 хуудастай гарч  байв. Уг дугаарт гарсан онцлох, уншигдыг нилээд шуугиулсан бүтээл бол “Open Door” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Б.Ганчимэгийн  дуучин Б.Сарантуяатай хийсэн  “Тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна” ярилцлага юм. Дуучин Б.Сарантуяатай хийсэн олон ярилцлага байдаг ч жинхэнэ эмэгтэй хүний чин үнэн зүрхний цохилтыг мэдрүүлсэн, худал үнэн нь ялгагдахгүй дам ярианд эцэст болгож сэтгэл дотрох бүхнээ уудласан ийм ярилцлага тун ховор юм. Алдаа гэдэг зөвийгөө олтол төөрөлддөг гэдэг шиг хүний алдаа тэр дундаа хайр сэтгэлийн тал дээр “зүрхээ дэндүү гэмээр хэмжээнд чангалчихсан байгаа” гээд зочиноо нулимсаа бөмбөрүүлж суухад хүргэсэн нь яагаад Б.Ганчилэг сэтгүүлчийг ярилцлагийн хатан хаан гэж нэрлэх болсоныг батлах биз. Сэтгүүлч ярилцлагаа “Сараа та бол тайзан дээр олон жил амьдарч байгаа дуучин. Бүр бидний амьдарч байгаа цаг үеийн салшгүй нэг хэсэг нь болчихсон ч юм шиг. Харин он жилүүдийг эргэн тунгаахад хэзээ хамгийн сүүлд хамгийн их эрх чөлөөтэй дуулсан бол. Ялангуяа сэтгэлийн?” гэсэн асуултаар эхлүүлжээ. Мэдээж дуучин хүнтэй ярилцаж байгаа учир ямар ч сэтгүүлч дуучны хувийн амьдрал гэхээс илүү уран бүтээлийн талаар яриагаа эхлэх нь зүйн хэрэг. Харин асуултын төгсгөлд ялангуяа сэтгэлийн гэж нэмж асуусан нь энэхүү ярилцлага цаашид хэрхэн өрнөх, юун талаар илүү ярилцахыг тодотгож өгчээ. 

Б.Ганчимэг сэтгүүлч  WWW.GOGO.MN сайтад өгсөн нэгэн ярилцагатаа “миний ярилцлага сайн болдог нууц нь миний ажилын технологитой холбоотой  байх” гэжээ. Тэгвэл “Тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна” ярилцлагад сэтгүүлчийн барьж буй арга барил, технологи нь ярианы хэлээр буюу энгийн, тийм юм гээд л, олон байгаа л даа, гэх маягтай гэх мэтчилэн өөрийн үзэл бодлийг эхлэж хэлээд дараа нь зочноосоо харьцуулсан хариулт авах маягаар цааш үргэлжилжээ. Жишээ нь: 
-“өмнө нь “Мартъя”  дууг анхны хэлбэрээр нь дуулахдаа харьцангуй томоотой дуулж байсан бол дараагийн удаа их өөр юм гаргаж чулуудах шиг болсон ”
-“манайхны аяг ааш хэн нэгнийгээ хүлээн зөвшөөрөх дургүй. Энний од гэж юу байдаг юм гээд л...”
‘”би бол гэртээ ямар нэгэн тийм чихмэл амьтан байлгамааргүй байна гэх маягтай” гэх мэтчилэн маш олон асуултыг энэ хэлбэрээр асуужээ. Энэ мэт өөрийн үзэл бодлийг эхлэж хэлээд зочноосоо эргэн хариулт хүсэх нь тийм, үгүй гэсэн ганц үгээр хариулахгүй, дэлгэрэнгүй хариулт авах нэг арга байж болох юм.
Энэхүү ярилцагийн гол зорилго нь дуучин Сараагийн хайр дурлал, амьдралаас түүнд өгсөн сорилт, тэр болгоныг хэрхэн сөрж яваа, түүний сэтгэл зүрхний угт юу хадаатай явдагийг л нээхийг зорьсон. Тиймээс энэхүү яриа руу орохдоо түүнийг дуу хөгжимтэй нь холбож уусгаж асуусан нь хамгийн зөв арга юм. Тийм ч учраас энэхүү ярилцлагаас сэтгүүлч зочныхоо тухай маш сайн судлаж, баримт зэргийг цуглуулсан нь харагдах бөгөөд энэ нь 
-“Асашёорюү аваргын хөдөлмөрийн баатрын хүлээн авалтын тайзан дээр гарч ирээд ‘чи хэрэггүй ээ’ гээд дуулж байгаа тань үнэхээр атаман санагдаж байсан шүү”
-“та телевизийн нэвтрүүлгээр бол дандаа би өөрөө уйдахаараа явдаг гэж хэлсэн шүү дээ” зэрэг тодорхой баримттай асуулт тавьж байгаа нь сэтгүүл зүйн бүтээлд тавигдах гол шалгуур юм.
Харилцан ярих ярилцлага нь сэтгүүлч, ярилцагч хоёрын санаа бодлын хоёуланг нь илэрхийлж, улмаар уншигчдад бодох хувь үлдээдгээрээ бусад ярилцлагийн төрлүүдээс онцлог бөгөөд үүн шиг хүний дотоод сэтгэлийг нээж ярилцахад тохиромжтой хэлбэр юм.

Аливаа ярилцлага, сурвалжлагад оролцогчид асуултаас бултах, мартах тохиолдол их гардаг. Тэгвэл Б.Ганчимэг сэтгүүлч нэг асуултандаа хариулт авахын тулд маш олон талаас, өөр өөр хэлбэрээр асууж буй байдал анзаарагдаж байна. Жишээ нь, түрүүн та учралуудынхаа тухай ярьж байхдаа 25 настай байхдаа би үнэхээр галзуу дурласан гэлээ? Гэхэд ярилцагч тодорхой бус хариулт хэлэв. Б.Ганчимэг сэтгүүлч дахин, залуухан хархүүтэй учрах боломжоос холдон явдаг гэснээс та чинь угаасаа өөрөөсөө дүү эрийг сонирходоггүй биз дээ? Гэх мэтчилэн 25 настай байхдаа чухам ямар хүнд дурлаж байсан тухай хэлүүлэх гэж олон янзаар асууж байна. Энэ мэтчилэн асуултын олон давтамжийн дүнд  ярилцагч  гэндэх, эсвэл хариулахаас өөр аргагүй байдалд орж хариулдаг. Мөн ярилцлагын дундуур тэр маш хөгжилтэй, чангаар инээв. Түүний нулимс бөмбөрч эхлэв зэрэг орчин нөхцөл, яриа ямар янзтай болж байгаа зэргийг зурагласан нь бичвэрийг илүү уншууртай болгож өгөх бөгөөд зурагласан ярилцлагын хэлбэр ч давхар харагдаж байна гэж хэлж болох юм.

Хэл найруулгын хувьд хэмжээ мэмжээ, аягүй ойрхон ажилладаг, аягүй их баярлаж явдаг, шдээ. түйвээжээлээ гэхчилэн уншигчдын анхаарлыг татах, энгийн гэх сэтгүүлчийн бичлэгийн онцлог байж болох ч сэтгүүлчийн асуусан асуулт, дуучны хариулсан хариултанд ч тэр “аймаар”  гэдэг үг маш олон давтагдаж байсан нь сэтгүүлч чөлөөт ярилцлага болгохын тулд хүний хэлсэн үгэн дээр их ажиллаж магадгүй утга дүйх үгээр орлуулж нилээд их засвар оруулдаг боловуу. Мөн атаман, сак зэрэг гадаад үг хэллэг хэрэглэх шаардлагагүй юм шиг санагдаж байна. Хэт задгай, чөлөөт ярилцлага хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэдэг гэдгийг санах хэрэгтэй.

Түүнчлэн сэтгүүлчдийн дийлэнх нь ярилцлагаа буулгахдаа 1 асуултанд 1 хариулт авч түүнийгээ цувруулсан бичдэг. Харин сэтгүүлч Б.Ганчимэгийн хувьд 1 ерөнхий асуултыг дотор нь 3-4 жижиг асуултанд задлаж дэлгэрэнгүй хариулт аваад 1 асуултын доор нэгтгэж гаргадаг байна. Энэ нь цэгцтэй юм шиг байвч зарим хариулт хэт нуршуу, магадгүй уншигч уншихаас залхуурч дараагийн асуултруу шууд шилжихэд хүргэж магадгүй юм. Үүнээс дурьдвал, 
-“та эр хүн бол чухал биш гэж тунхагласан. Би бол гэртээ ямар нэгэн тийм чихмэл амьтан байлгамааргүй байна гэх маягтай?” гэсэн асуултанд “эрэгтэй хүний зүрх чинь бас нэг тийм үнэнч зүрх биш шүү дээ. Өөрөө бол мэднэ биз дээ”гэсэн хариулт дээр “Дээрээс нь би аймар хартай. Миний дотор хоёр хэнхэг эмэгтэй амьдарч байдаг. Нэг нь аймаар мэргэжилдээ дуртай дуучин. Хоёр дахь аймаар хэнхэг эмэгтэйг нь манай Болдхуяг сэрээсэн. Эх болгосон намайг” гэсэн өөр нэг асуултын хариуг нэмсэн юм шиг санагдлаа. Яагаад гэвэл сэтгүүлч асуугаагүй байхад өөрийгөө хартай гээд тэр тусмаа өмнөх нөхөр Болдхуягынхаа тухай ярихгүй. 

Дуучин Б.Сарантуяагын дурлалын амьдрал бүтэлтэй, эс бүтэлтэй байх нь бүх хүнд хамаатай биш хэдий ч хүний сэтгэлийн угруу өндийсөн, магадгүй уншигчдад сургамж, Сараагийн тухай буруу бодлоо цэгцлэх боломж олгосоноороо энэхүү ярилцлага нь үр нөлөөтэй юм. Мөн ярилцлагад шүүмжлүүштэй хандмаар нэг зүйл нь хэт нуршуу урт байна. Ярилцлагаа оролцогчийн хэлсэн үгээр бус өөрөө шинэлэг, уянгалаг гарчиг олж өгсөн бол илүү бүтээлч гэж үнэлэгддэг. Түүнчлэн ярилцлагийн төгсгөлд сэтгүүлч тухайн ярилцлагын туршид өөрт төрсөн сэтгэгдэлийг нэгтгээд дүгнэж хэлсэн нь ярилцлагийг илүү амьд сонирхолтой болгож чаджээ. 

12.21.2014

Баяр ба бас хямрал

          Шинэ он гарахад ердөө арав гаруйхан хоног үлдээд байна. Энэхүү баярыг цагаан сар, наадам зэрэг үндэсний баяраасаа дутахааргүй өргөн тэмдэглэдэг болсон монголчуудын хувьд арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцэн баярын уур амьсгал орж, албан байгуулга, айл өрхүүд баярын бэлтгэлээ хангаж эхэлдэг.
         Бидний амьдралын хэв маяг, зан заншилтай холбоотойгоор аливаа зүйлийг сайнаар бэлэгдэж, билэгшээх дуртай ард түмэн. Тиймээс шинэ жилээр баярын ширээ аль болох идээ будаа элбэг, өнгөлөг байхын хэрээр ирэх ондоо хангалуун цатгалан байна хэмээн үүнд нилээд анхаарал хандуулдаг, тэр ч хэрээрээ багагүй зарлага гардаг.
            Айл бүрийн баярын ширээ тэдний бололцооноос хамааран харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ дундаж орлоготой өрхийн хэрэглээг 4 ам бүлтэй гээд зардлыг тооцож үзэе. Үүнд хоол, хачир, чихэр, жимс, бялуу, оргилуун дарс, ундаа гээд тоотой хэдэн зүйл оруулж хамгийн хямд буюу хүнсний захын үнээр тооцоход ойрлцоогоор 140 мянган төгрөг болж байна.

       Ядахад яр гэгчээр энэ мэт  баярын үеэр өргөн хэрэглээний барааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг нь ёс. Жишээ нь энэ сарын 10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Өргөн хэрэглээний хүнсний бараа гэдэгт мах, гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо багтаж байгаа юм.  Хэрэв тэмдэглэлт бус өдөр байсан бол дундаж орлоготой, 4 ам бүлтэй өрх 20-30 мянган төгрөгөөр гэртээ хооллох боломжтой буюу баярын өдрийнхөөс даруй 5 дахин бага зардал гаргана.  
      Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувь, оны эхнээс 10.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11.9 хувь өссөн тооцоог үндэсний статисткийн хорооноос гаргажээ. Энэ нь манай улсын эдийн засаг өдрөөс өдөрт муудсаар байгааг хэлж байна. 



         Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байна. Үүнээс 140 мянган төгрөгийг зөвхөн баярын нэг өдрийн хүнсний хэрэглээнд зарцуулна гэвэл үлдсэн 30 хоногт 52 мянган төгрөгийг хуваах буюу өдөрт 1700 төгрөг л зарцуулах шаардлага гарна.
         Шинэ жил бол хүүхдүүдийн хувьд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, хүлээлттэй баяр байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ баярлуулахаар бэлэг бэлддэг. Бөмбөгөр худалдааны төвд ууттай бэлэг чанараасаа хамааран 2500-20мянган төгрөгний үнэтэй байна. Уг үнийг дундажлаад, 2 хүүхэдтэй айл гэж тооцвол 23 мянган төгрөг хэрэгтэй болно. Энэ мэт бүх зардалаа нэмбэл та хамгийн багадаа 163 мянган төгрөгөөр гэр бүлийнхээ хүрээнд шинэ жилээ тэмдэглэх боломжтой. Ер нь хамгийн товчхондоо бараг л нэг сарын цалин салхинд хийсчихнэ гэсэн үг.

     Дашрамд сонирхуулахад айл өрх, албан байгууллагийн хоймрыг чимэн сүндэрлэх гацуур мод, чимэглэл сэлтийг хэдийнэ томоохон зах, дэлгүүрээр худалдаалж эхэлжээ. Үнийн хувьд хэмжээнээсээ хамааран харилцан адилгүй бөгөөд шинэ загвараас хамгийн хямд буюу жижиг ширээний гацуур мод 30 мянган төгрөг, 1.2 метрийн өндөртэй гацуур 75-150 мянга, 2,8 метр болон түүнээс дээш өндөртэй нь 160-380 мянган төгрөгний үнэтэй Нарантуул захд худалдаалагдаж байна. Харин өнгөрсөн жилийн загвар буюу эргэдэг, гэрэлтэй гацуур мод 55-200 мянган төгрөгний ханштай байна.