4.05.2014

Намар чи хичнээн уянгатайсан билээ

Намрын намарт би нэгийг олж нэгийг гээдэг. Олсон зүйлдээ бардамнаж алдсан зүйлдээ харамсдаггүй. Жилийн жилд л омголон залуу насыг минь зэмлэн, орчлонгийн явдлыг ухааруулсар буй та нэгэн цагт миний ижий байсан юм уу? Алс мордсон хүүгээ хүлээж цөхсөн эх санаа алдах шиг намрын хөндүүр салхи хэдэн хүний гунигийг арчиж, хэнийх нь сэтгэлд үүл хуруулсныг таашгүй. Зуны наранд элэгдэж цөхөрсөн навчис одоо л нэг амралтаа авч сэтгэл нь тайтгарвуу гэмээр алгуурханаар дээрээс унана. Нэгийг бодож хоёрыг тунгаана...
Хавар шиг бүх зүйлийн эхлэл гэсэн тодотгол түүнд мэдээж зохихгүй, нартай бороо, солонготой тэнгэр доор удаан гэгч нь болзоод зогсмоор агшин хормууд ч намарт өмчлөгдөхгүй. Гэхдээ л дуртай дуугаа сонсоод алхаад л алхаад л, гав ганцаарханаа алхаад л баймаар намар чи хичнээн уянгатайсан билээ.




4.01.2014

Хүйтэн бороо орох бүрт

Норох тусам гэгээн дурсамж минь бүдгэрсээр алхаа минь удааширч аяархан мэгшинэ.
Түүний инээмсэглэл, өөдөөс минь ширтэн ярих тэр агшин, толгойгоо ялимгүй гэлжийлгэн эгцлэн ширтэх тэр мөч. Гэхдээ энэ бүхнийг сэтгэлдээ буулгатал нилээд хэдэн хором зарцуулахаар болж. Эхэндээ түүний дүр төрх таван эгшинд буудаг байсан бол аажмаар арав, хорь болж, сүүлдээ минут хэртэй бодож байж сэтгэлд минь тодроно. Энэ хугацаа үдэш болоход сүүдэр уртсах шиг улам бүр нэмэгдэнэ. Эцэстээ тэр чигтээ харанхуйд автах бизээ. Тэртээд үлдсэн тэр өдөр хайрт минь юу ярьж байсансан билээ? хавар, хайр, сүрчигнийхээ үнэрийг ялимгүй шингээж надад бэлэглэсэн торгон ягаан алчуур...
Үгүй ээ, үгүй бид тийм сайхан зүйлсийн талаар тэргэл сарны доор анх болзож байхдаа л ярьсан байх. Хуучин бүхэн мөнхөд үргэлжилсэн бол хичнээн сайхан бэ?
Гэхдээ би чамайг тэс өөр ертөнцөөс хоромхонд ч гэлээ мэдэрч байна. Аяганаас савсах халуун кофены уур, янжуурын утаа, сүрчигний үнэр, хатан хийлийн сонгодог аяз...
Энэ бүх дурсамжийг сэтгэлд тод байх үед нь сийрүүлж авах минь яасан билээ? магадгүй хэт тод томруун байсан тул хэрхэн эхлэх учраа олохгүй байсан биз. Хэт нарийвчилсан газрын зураг хэрэг дээрээ хэргийг гүйцээж чаддаггүйтэй адил.
Төрхийг чинь, хоолойг чинь тодохон санахгүй ч чамайг сануулах зүйлсийг санах гэж хичээнэ. Янжуурын утаа манантсан давчуу өрөөний буйдхан мухар дахь намхан ширээний дэргэд аягатай халуун кофег таатайхан амтлан суухдаа өглөөний нар, цас, бороог өмчлөх бяцхан цонхоор бодлогширонгүй ширтэнэ. Цонхны цан, кофены уур бодлыг чинь манантуулж ашгүй намайг анзаарах сөхөөг чамд олгоно. Эрхлэн инээнэ, чиний энгэрт тэврүүлэх хичнээн дулаахан. Хананд өлгөсөн том том нэхээстэй зузаан цамцыг чинь харж л үүнийг санана. Арваннэгэн сарын бороо газар, сэтгэлийг хүйтнээр чийглэж ядахад Joe Hisaishi-The Rain намууханаар явсан газар бүрт эгшиглэнэ. Энэ аялгууг сонсохоор толгой эргэнэ. Үнэндээ эргэх биш дурсамж сэргэж буй нь тэр. Энэ л чиний хичнээн яруухан байсныг сануулна. Чи биш чамтай холбоотой зүйлсийг л би санана. Дурсамж дурдатгалаа үүнээс өөрөөр хадгалж, хаацайлах аргагүй болсон нь юутай харамсалтай.
Хүжийн гэрэлд ч хайрын захиа бичих шантрашгүй зүтгэл надад байдаг ч өглөө босоход үс минь санамсаргүй нэг л гоё хэвэнд орчихсон байвал тэр өдөржингөө сэтгэл хичнээн өөдрөг явгдыг минь хэн л мэдэх билээ. Бүдэгхэн ч гэлээ өөрийн гаргаж буй гэгээ хэмээн баясаж өчүүхэн сэтгэлийн мухраасаа уудлан уудлан сацлана. Хэн нэгнийг хайрлахдаа тэгтэл их шанална, хэлэхийг хичээнэ, хайрыг нь хүлээж авахгүй гэж эмээнэ. Үнэндээ юуг ч харалган боддоггүй, магадгүй хайртай хүнээ өөртөө сэтгэлтэйг мэдэх хамгийн том жаргал. Урьтаж өөрөөсөө алдааг хайна, гомдлоо өөрөө тайлж уучлалыг өөртөө дайна. Учир нь би бүсгүй хүн.
 Зүгээр дээ хааяа хүнд ганцаардах үе байдаг шүү дээ. Магадгүй ганцаардал минь намайг өндрөөс өндөрт нисгэх түүчээ ч юм билүү. Алив зүйлийг урьдаас таашгүй шүү дээ. Энэ миний тайтгарал... 
Усан борооноор явсан тэр угаас надад эргэж ирэхгүй биз. 


Ийнхүү чи надаас бүдэгрэн бүдэгрэн алсрах ч гэлээ би чамд хайртай. Чи минь үзэн ядмаар гэхдээ бас унаж дурламаар агуу Гамлетийн дүрд хувиран дотоод сэтгэлдээ шатаж шаналан, үзэн ядаж гэхдээ түүнийгээ тэвчиж бүүр солиорч эцэстээ эмтэрсэн зүрх сэтгэлд нухлагдаж эхэлбэл миний захидлыг уншиж зүрх сэтгэлээ сонсоорой.