5.18.2013

Миний сонсоогүй хайрын дуу


Дурлалт бүсгүйгээ эргээд ирээч хэмээн арагдах мэт намдуухан тийм нэгэн ая, гитарийн хөг, хааяа нэг цохих бөмбөрийн тоот түүний хоолойгоор хөглөгдөн гарах нь гайхалтай. 1950, 1960-д оны америк залуусын өнгө төрх, сэтгэл хөдлөл, орчинг энэ дуунаас тод харж болмоор. Намайг бага байхад яг л ийм дуугаар дэвсгэрлэсэн хар цагаан кино их гардаг байсан. Салж чадахгүй биедээ тэмүүлэх хайрын тухай. Дурлалт бүсгүй нь мөрөө дөнгөж  далдалсан үсийг буржийлган толгойдоо том саравчтай малгайг хазайлган донжтой гэгч нь өмсч, дэрэвгэр хормойтой платьаар. Харин залуу нь шоон хээтэй питжак, шагайгаар татсан өмд, кепикэн малгай зэргээр гоёно. “Are you lonesome tonight” дууг сонсоход яг л ийм өнгө төрх нүднээ буулаа. Дууг ганц сонсоод тухайн үеийн төсөөллийг олж харна гэдэг дуучны ур чадвар, сэтгэл зүрх, авьяас гайхалтай гэдгийн илрэл юм.
        Би хайрын тухай дуу сонсох дуртай. Бүтэлтэй, эс бүтэлтэй дурлалын дуу энэ дэлхийд түм бумаараа. Магадгүй хайрын тухай сэдэвтэй дуу хамгийн их нь байдаг гээд хэлчихэд алдах зүйлгүй байх. Гэхдээ миний сонсдог дурлалын аяз, хэмнэл “Are you lonesome tonight” дуунаас тэс өөр. Ая, үг, дүрс ер нь бүгд л өөр. Дуучид нь тод өнгийн хувцасаар гоёж, эвлэг намдуухан дуулж, хайртай хүнийхээ гараас атгахдаа ч ичингүйрэх гэнэхэн хайрын тухай өгүүлэн, дүрсжүүлсэн солонгос дууг би сонсдог. Харин өнөөдөр рок-н-роллын хаантай анх удаa “танилцаж дууг нь сонсож үзлээ. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементийг хослуулж чадсан түүний тайзан дээр биеэ авч явах этгээд араншин, гайхалтай хоолой нь тэс өөр урсгалын хорхойтон надад үнэхээр содон байж чадсан юм.
       Элвис 25 настайдаа  цэргээс түрүүч цолтой халагдан Америкт иржээ. Ингээд тэр ондоо “Elvis is back” цомгоо гаргасан бөгөөд чартийн хоёрт бичигджээ. Тэрээр Европоос “o soli mio”, “Sorrento”, “La paloma” хэмээх улс төрийн шинж чанартай шинэ дуунуудтай ирсэн байлаа. Ийнхүү 1960 онд “Are you lonesome tonight” дуу нь хит парадийг тэргүүлэх болсон байна. ХХ зууны хамгийн алдартай жүжигчин, дуучин, бүсгүйчүүдийн зүрхийг булаасан хүн бол яах аргагүй Элвис Пресли.  “Rolling stone” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг 50 уран бүтээлчийн жагсаалтад гуравдугаарт бичигдсэн байдаг. Уг дуу нь өнөөг хүртэл дэлхийн алдартай романтик дууны нэгд зүй ёсоор ордог нь түүний хоолойны ур чадвар, сэтгэл хөдлөл, этгээд сонин төрх, дур булаам царайтай салшгүй холбоотой бизээ. Босгосон зах, нарийн өмд, өвөрмөц үс засалт зэргээр түүнийг хүн бүр андахгүй.

         Энэ хорвоо дээр төгс хүн гэж угаас байдаггүй шүү дээ. Зарим хүн Элвисийг хүүхэмсэг, завхай нэгэн ч гэдэг  байлаа. Үүнийг дуулахдаа гуяа хөдөлгөдөг байсан солиотой гэмээр бүжигтэй нь ч холбон тайлбарладаг гэнэ. Хуучинсаг үзэлтнүүд түүнийг Элвис Пэлвис гэж нэрлэн дургүйцлээ илэрхийлдэг байжээ. Pelvis гэдэг нь аарцаг, сүүж гэсэн утгатай үг юм. Гэхдээ ч Элвис нилээд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож салсан нь үнэн. Тэр ч бүү хэл тэдний араас гунигласан, тэдэнд зориулсан дууны нэг нь “Are you lonesome tonight” ажээ. “Always on my mind”, “Separate ways”, “Take good of her” зэрэг дуу нь тэдгээр бүсгүйд зориулагдсан гэнэ. Нэрнээсээ л анзаарагдах аж. Алдарт Бруно Марс хүртэл Элвис шиг  охидын зүрх сэтгэлийг эзэмдэгч болохыг хүсдэг байсан ч гэж хэлсэн байдаг.

       Түүний бүх л дуу гайхалтай. Бүгд л хит болсон. Гэхдээ “Are you lonesome tonight” нь илүү алдартай, ихэвчлэн бүсгүйчүүд сонсдог ажээ.

Хэн нэгэн зохиолчийн хичнээн сайхан ая, үгтэй дуу байлаа гээд дуучин түүнийг мэдэрч, чин сэтгэлээсээ дуулж чадахгүй бол дуу амьлахгүй. Нэгэн цагт хайрлаж явсан бүсгүйнхээ араас санаж, бодлогширч дуулсан учраас түүний бодол санаа, сэтгэл хөдлөл, хэлэхийг хүссэн үг, үйлдэл болгон дуунд шингэж тэр ч хэмжээгээрээ сонсогчдод хүчтэй хүрдэг байх. Тэдгээр сонсогчдийн нэг нь би. Рок, блюз, кантри урсгалын хөгжмөөс ангид явсан надад нэг сонсоод л сэтгэлд хүрсэн гэхээр уг дуу чихэнд чимэгтэй, хүчтэй, аргагүй л дуундаа амь ортол зүрхний гүнээс дуулсан гэдэг нь гарцаагүй. Ер нь ганц дуу ч гэлтгүй сэтгэлээсээ хийж бүтээсэн үйл болгон эргээд үр шимээ гарцаагүй өгдөг шүү дээ. Хэдий дурлал нь бүтэлгүйтэж салсан ч тэднийг хүндэтгэн, чин сэтгэлээсээ дуулсан нь түүний бас нэгэн өвөрмөц чанар ч байж болох юм. Хэн нэгнийг хайрлаж, уярааж сэтгэлийн үгээ намуухан аятай сүлэн дуулахыг нь сонсмоор, нэг л эрхэмсэг байдлыг бодогдуулах миний мэдэхгүй энэ дуу цаанаа л нэг чамин. 

Хар цагаан



Амьдралын бүхий л элемент хар, цагаан тогтоц дээр суурилдаг. Хар цагаан өнгийг өөр бусад өнгөөр чимэж, хольж, найруулж амьдралаасаа ямар гэрэл цацрахыг гагцхүү та шийднэ. Нэг л хэвийн амьдрал, сэтгэлгээ, өдөр хоногуудыг хэн илүү өнгөлж байна түүнээс хэзээд гэрэл цацарч байдаг. Мөн байх ёстой өнгийг дутааж, аль эсвэл нэг өнгө нь дутаж буйг мэдэх хэрнээ түүнийг өөрчлөх, өнгийг нэмэх тэнхээ тамиргүй, эсхүл айдас эргэлзээндээ хүлэгдсэн дүр зураг ч ажиглагдсаар байдаг. Тиймээс энэ ертөнцийн бүхий л зүйл хар цагааны ялгарлаар тайлбарлагдах аж. Амьдрал ч тэр. Харин одоо энэ ялгааг энгийнээр тайлбарлах гэж оролдоё.
       Эхийн цагаан сүү. Энэ бол хинхэнэ цагаан өнгө. Бид хүмүүн заяаг олж, аавын гэрийн амар тайвныг алдагдуулж, ачлалт эхээ арван сар зовоосны эцэст орь дуу хадаан байж мэндэлдэг. Энэ үед хамгийн түрүүнд танийг эхийн тань цагаан сүү, цагаахан сэтгэл, цагаан хайр угтаж авдаг. Эхийн уургийг л амлан бид хүн болдог. Тиймээс юм бүхэн цагаанаас улбаатай. Ээжийн цагаан сүү, бүүвэйн дууны аяс биднийг хаашаа явахыг зааж өгдөг мэт санагдана. Хүний амьдрал баян, ядуу аль нь ч бай хамаагүй цагаанаар эхэлдэг. Гэнэн томоогүй хүүхэд нас, цагаахан мөрөөдөл гэхчилэн эхлэл адил ч таниас хамаарч төгсгөл өөр болох юм.
     Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Өнөөдөр аяласан дуундаа маргааш дургүй болох мэт цав цагаан дундуур бүдчин явах үе ч байдаг юм. Гэвч цагаан анхдагч, хар хоёрдог ч бие юм. Нэг ёсондоо та амьдрах байшиндаа цагаан өнгөөр суурийг сутгаж, хөр өнгөөр ханаа босголоо гэж үзэе. Ханыг хэзээд ч нураагаад, шинэчилэх боломж байдаг шүү дээ. Харин суурь бол тун хэцүү. Хараас цагаан болох гэж хичээх шаардлагагүй. Харин цагаанаас хар болох эхлэлийг бүү тавиасай, анхаарч хичээх хэрэгтэй. Сайхан бүхнийг хайж бадарчилан явахдаа зарим нь цагаанаас харлуу хоромхон зуурт шилждэг. Архиар угжуулаагүй хэрнээ сүүг биш архийг дотно нөхрөө болгож хамгийн эрхэм, нандин чанар бүхнээ гээж байгааг мэддэг хэрнээ түүнд ухаангүй дурлах хүмүүс ч байна. Тиймээс энэ бол жинхэнэ хар.
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай
гэж бид шүлэглэх дуртай шүү дээ.
Хар цагаанаар сүлэлдэх өөр бусад өнгө энд өрнөнө.
        Сүүгээр угжуулж, цагаахан сэтгэлээр жигүүрлэн явах үе байсан бол архинд хөлчүүрхэж авирлах цаг тохионо. Энэ бол амьдрал. Цагаанаас харлуу шилжих амархаан, тuйлын амархан. Харин хараас цагаан руу тэмүүлэхэд таниас тэсвэр тэвчээр, хүлээц, итгэл зориг, ухамсар алив бүгдийг шаардана. Eнэ бүхнийг тэсвэрлээд, өөрчлөгдсөн болон өөрчлөгдөж буй энэ үе бол өнөөх хар цагаанаар сүлэлдэх өөр бусад өнгө нь юм. Дунд сургуульд байхад Монгол хэлний багш маань хүн алтан дунджийг барьж амьдрах хамгийн сайхан гэдэг байлаа. Хэрэв эхийн ангир уургаас хэдийнээ гарч цагаан өнгөн дээр тогтож чадахгүй байвал, ядаж л өөр бусад өнгө байхыг хичээх хэрэгтэй мэт. Гол нь хар л биш.
          Миний сэтгэл, оюун санаа, эрүүл, цэвэр байснаар надаас гэрэлтэх ёстой хар, цагаан болон бусад солонгын долоо өнгө зөв зоицолдоотой цацарч, тэр чинээгээрээ бие эрүүл, миний бусадтай харилцах харилцаа, алхаж буй зам, гаргаж буй шийдвэр зөв бөгөөд, орчиноо гэрэлтүүлэх байх. Тиймээс бүхнийг өөрөөсөө эхэлж би л бусдыг цагаан руу хөтлөн оруулна гэдэгт итгэлтэйгээр хар цагаан сүлэлдэх амьдралд амьдрах ёстой шүү. 

Гэрэлт цохны булш



Гэрэлт цохны дүнгэнэлдэн нисэх чимээгээр хөг нэмэж эгшиглэх аяз намууханаар хөврөнө. Сэйта, Сэцүко хоёрын нүдэнд хурсан гунигыг гэрэлт цох үргээх гэж оролдон өмнө хойгуур нь нисэх мэт.
             Гэдэс нь хонхолзож, хоолгүй хонох уртаас урт шөнийг тэд гэрэлт цохтой хөөцөлдөн эрхэлжхомслоно. Сэцүко охин балчир тул айх, санаа зовох зүйл нь арай л бага. Гэхдээ тэд дайны улмаас өөрсдөд байсан үнэтэй бүхнээ алдсан адилхан шаналантай байсан юм. Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг хүмүүс бол бидний аав гэж монголчууд бид шүлэглэдэг. Харин арвандөрөвхөн настай Сэйта хүү дүү охиндоо аав нь ч, ээж нь ч... тэдэнд өөрсдөөс нь өөр зүйл үгүй. Хоолгүй олон хонож өлсөөн ч бяцхан дүүдээ ширхэг будааг ч зориулна, өөрөөсөө харамлана. Түнэр харанхуйг гэрэлтүүлэгч гэрэлт цохнууд тэдэнд хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөл, инээдийг бэлэглэх авч өглөө босоход эргээд л гунигыг мэдрэнэ. Баяр баясал, шүтээн болсон ээж аав нь тэднийг өглөө сэрэхэд нь үгүй болсонтой яг адил. Сэцүко охин өглөө болгон үхсэн гэрэлт цохыг цуглуулж, газар булан араас нь нулимс дуслуулна. Дайны бөмбөг дэлбэрэлтэд өртөж шархдсан ээжийгээ чандарлаж байсан нь яг л үүнтэй адилаар Сайтагын нүдэнд харагдаж гуниг нь зузаарна. Бурхан ах дүү хоёрт дааж болох хэмжээнд нь тултал зовлон зүдгүүрийг мэдрүүлж буй мэт санагдана. Ганц дайны хор уршигаар ямар олон хүн энэлж шаналж буйг уг кино тодоос тод харуулдаг. Америкийн кино шүүмжлэгчид ч уг киног дайны тухай өгүүлсэн шилдэг киноны нэг гэж  дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байна. Хүн аливааг өөрийн биеэр мэдэрч байж л гол утга учир, үнэ цэнийг нь ухаардаг юм шигээ. Уг кино нь дэлхий дахинд тархаж, гайхагдсаны гол нууц нь дэлхийн II-р дайны сүүл үед амьдарч байсан Isao Takahata өөрийн амьдралаас сэдэвлэн 1988 онд бүтээсэн юм. Тэрээр хоёр охин дүүтэй байсан бөгөөд нэг нь дайнд амь үрэгдэж, нөгөө нь өлсөгөлөнгөөс болж өнгөрсөн гэдэг. Амьдралын хатуу хөтүүг туулж, үхлийн ирмэгт тулсан үе түүнд байсан ч тэр одоо Япон төдийгүй дэлхий дахиныг өөрийн суут бүтээлээрээ байлдан дагуулагч, найруулагч, анимэшний эцэг хэмээн нэрлэгдэх болжээ. Түүний бүтээл бүр гайхалтай өвөрмөц, утга өгүүлэмжтэйн дээр үзэгчдэд гарцаагүй нэгийг бодогдуулдагаараа алдартай юм.
               Киноны зохиол сайн байхаас гадна түүнд хөг нэмэх дуу хөгжим хамгаас чухал. Тиймээс хөгжмийн зохиолч Joe Hisash-тай байнга хамтран ажилладаг. Түүний бүтээл алдартай байхын нэг хэсэг нь Hisashi-гийн бүтээлээс ч хамааралтай бизээ. Тэрбээр Chibile Studio-той хамртан ажиллад 25 жил болж байгаа юм. “Grave of the fireflies”  анимэшний эхлэл болон төгсгөлийн хөгжмийг яг зэрэгцүүлэн сонсож үзлээ. Дүрсийг нь харахгүй ч ямар үйл явдал болж буй нь сэтгэлд буухаар аж. Эхлэл хөгжим нь намдуухан агаад хэсэгхэн ч болов гэрэлт цохны гэрэлд ах дүү хоёрын нэг л таьван тэнгэр өөд ширтэн хэвтэх үеийг санагдууллаа. Тэд ээж аавтайгаа юугар ч дутахгүй, сэтгэл тайван амьдарч байсан үеэ гэрэлт цохны тусламжтайгаар түнэр харанхуй дундаас олж харсандаа баярлаж буй мэт. Гэрэлт цох л үгүй бол тэд дэндүү бяцхан учраас бэрхшээлээ даван гарч чадахгүй харанхуйн өмнө өвдөг сөгдөх юм шиг тийм нэг мэдрэмж төрсөн. Харин төгсгөл хөгжим нь дэндүү хүнд, хатуу сонсогдоно. Ээж аав, охин дүү гээд үнэтэй бүхнээ алдсан Сэйтагын нулимс ч энэ аязыг дэвтээж, зөөлрүүлж чадахгүй юм шиг. Идэх дуртай чихэр, хайртай хүхэлдэй зэрэгтэй нь өөрийн гараар дүүгээ чандарлах нь түүнд дааж давшгүй их зовлон болов. Ширхэг будааг ч өөрөөсөө харамлан өлсөглөнд нэрвэгдсэн дүүгээ аврахыг хүссэн ч тэд гарцаагүй хагцсан.  Тэд гэрэлт цохны гэрэлд өлсөглөнгөө мартан баясах тийм л бяцхан...гэтэл зовлон шанлал нь үүнээс мянга дахин их байх аж.