
Сургууль, гэр, замын түгжрэл гуравт хамаг цагаа зарцуулдаг миний амьдрал
өнөөдөр бусад өдөртэйгөө л адил нэгэн хэвийн урсгалаар урсаж өнгөрлөө. Гэрээс
гараад минийхээр яг 221 алхамын зайтай автобусны буудал дээр ирж сургуулийн зүг
хүргэж өгөх шар өнгийн автобусыг саравчлан хүлээнэ. Бүүдгэр тэнгэр өмнө зүгт
үүлээ хөөж зэврүүхэн салхилна. Автобус хүлээх зуураа
хүзүүгээ ороосон эрээн ороолтруу шургаж нүдний булангаар элдвийг ажиглана. Энэ
хүн ч даарж байгаа байхдаа тун нимгэн хувцаслаж, энэ нь ч дулаан явбал мянган
лан гэдгийг харуулжээ гэхчлэн нөгөөг нь ажиглана. Хэнд ч хэрэггүй энэ бодлын
маань дундуур хүлээж байсан шар өнгийн автобус дайран орж ирлээ. Автобуснаас
буух арван хүнтэй зөрж хорин хүн суух шиг л болов. Настайчууд
нь суудал дээр “заларч”
над шиг оюутнууд нь бариулаас “дүүжлэгдэн” зам ахина. Энэ автобусанд бариулаас барих шаардлага ч
үгүй юм шигээ. Учир нь бариулаас барихгүй явлаа гээд ийш тийшээ холбирч, үсэрч
ойчих зай завсар энд алга. Түмэн хүмүүсийн чихэлдээн дундуур давшсаар автобусны
хамгийн урд хэсэгт хүрээд ирлээ. Урд хэсэгт нь чихэлдээн арайл гайгүй...