2.05.2014

Чимх инээд түүний чимэг

Намар өвөлийн заагт нэг хэсэг бөөн хар үүл нүүж ирээд баахан цас дарчихдаг. Хүний бодлын улирал ээлжлэхэд ч бас л нэг тиймэрхүү зүйл тохиолддог. Гэвч энэ бүхнээс зөвхөн сэтгэгдэл л үлдэнэ. Царай төрх, гадаад үзэмж, үндэс угсаа тийм ч чухал биш. Хэзээ хойно эргэн дурсахад тэр цэцэг нэг тиймэрхүү өнгөтэй байж дээ л гэж бодогддог. Төрсөн сэтгэгдэл хэдэн хоромын дотор ч, хэзээ хойны нэгэн өдөр ч ургаж төлжсөөр байдаг. Гаднаас нь муу гэж дүгнэж болох зүйл үнэндээ харин ч эсэргээрээ байх тохиолдол тун их. Сар дэлхий хоёул эргэлдэн байвч бид сарны 48 хувийг хэзээ ч харж чадахгүй. Тэртээх цаад харанхуйд нь ямар хүч нүүрэлчихээд хүний сэтгэл санаа, орчлонгийн хуулийг эзэрхэн захирдагийг мэдэхгүй шүү дээ. Энэ нь хэн нэгэнтэй анх танилцаад царай зүс, өмссөн зүүсэн өнгөн талыг нь хараад сайн, муу хүн гэж дүгнэхтэй утга нэг билээ.

       Саяхан л орох ангиа олохгүй сургуулийн хоёр байрны хооронд хөлхөж явсан хүүхдүүд хэдийнэ гурван жилийг ардаа үдэж хүмүүсийн хэлдэгээр архаг оюутнууд болчихсон явах юм. Оюутан болсоор анхны хичээлд суух гээд багшийг хүлээн нам гүмд “хучуулан” биенээсээ гэрэвшин сууцгаах оюутан байхад нам гүмийг эвдэн сайн байцгаана уу?  сэтгүүлийнхэн мөн үү гэж хашгарах шахан орж ирэх нэгэн ч байлаа. Энэ үед урт хар цув өмссөн, дуу цөөтэй нэгэн охин хажууханд минь ирж суусан нь яагаад ч юм тэр бусдаасаа нэг л хөндий, хэр барагийн хүнтэй дугардаггүй хүн юм шигээ гэсэн сэтгэгдэлийг надад үлдээж билээ. Өнөөдрийн миний хөрөгийн баатарбуюу тэр үеийн миний үнэлэлтээс тэс өөр нэгэн охины тухай би энд сийрүүлэх гэж хичээлээ.
        Бидний амьдралд маш энгийн атлаа хамгийн гайхамшигтай, үнэгүй атлаа хамгийн үнэ цэнэтэй, хэн ч хэзээ ч хүссэн үедээ хэрэглэх боломжтой нэгэн шидэт зүйл байдаг.Энэ нь шидэт удирдлага биш, бүхнийг биелүүлэгч бирд ч биш, харин эдгээр хүчин зүйлсээс ч илүү хүн болгоны хамгийн дэгжин “хувцас” болох инээмсэглэл юм. Тэр энэхүү чамин хувцасаар өдөр бүр гоёж, дэгжирхэдэг нэгэн билээ. Яг л нэр шигээ дэндүү жаргалтайн дээр хошин шогийн асар их мэдрэмжтэй охин. Ээж, аав нь түүнд  үүрд зол жаргалтай явахыг бэлэгдэж уг нэрийг хайрласан нь гарцаагүй. Тиймээс л энэ хүн ийм их баяр баясал, шогч наргианч, өхөөрдөм байдаг юм болов уу гэж би хэсэг бодлоо, гэтэл үгүй юм шиг ээ. Гэвч түүнтэй адил нэртэй хүн болгон ийм байдаггүй шүү дээ. Мэдээж хүний л амьдрал болсон хойно зовлон жаргал хэзээд  ээлжилж байдаг. Гагцхүү тэр ганц үгийг ч газар гээлгүй наргиан болгох ховор авьяастай аж. Саяханы нэг өдөр би интернэтээр аялаж яваад нэгэн зурхай олж уншлаа. Гүйлгээ ухаан сайтай хониныхон онигоонд орохоосоо хялбархан мултарчихдаг бас хэн нэгнийг элэглэн дуурайхдаа гаргууд хүмүүс ажээ. Тэд элдэв хөгжилтэй явдал, онигоог ярихаасаа илүү биеийн хөдөлгөөнөөр хошигнон дуурайхдаа илүү мэдрэмжтэй бас үнэмшилтэй байдаг гэдгийг уншаад зурхай, мэргэ төлөгт итгэх итгэл маань нэгээр нэмэгдлээ. Оюутан болсоор анх найзууд болж бид хамтдаа манай гэрт даалгавараа хамт хийхээр тохирч гэрийн зүг элдэвийн зүйл ам булаалдан ярьж явлаа. Ингэж явсаар тэр гэнэт гэрийн ойролцоох дэлгүүр лүү намайг дагуулан орлоо.  Халааснаасаа мөнгө гарган 3 ширхэг Chupa Chups авсанаа айлд яаж хоосон орох билээ дээ гэж хэлээд нэгийг нь надад  өгч билээ. Энэ мэт олон үйлдэл нь тэр элдэв хөгжилтэй явдал онигоог ярихаасаа илүү биеээр үзүүлэхдээ сайн хийгээд гүйлгээ ухаан сайтай гэсэн зурхайг гарцаагүй үнэн гээд баталчихаж байгаа юм.Ер нь дүнсгэр хийгээд энгийн байхаасаа инээмсэглэж, хошигнож явах нь түүнд олонтаа. Аав нь түүнрүү залгаад миний охин хаана явна гэж асуухад автобусанд гэв. Хариуд нь автобус нь хаана явж байна гэхэд хэнэг ч үгүй зам дээр гэж хэлэхэд аав нь хариу өгөлгүй утасаа тасалчихсан. Харилцаа тасарсан хойно л аавтайгаа ярьсанаа ухаарсан мэт яанаа ууралчихсан бол баларсаан гэж бидний ярих, инээлдэхийг хажууд зогссон охин сонсож, чимээгүйхэн инээж байлаа. Түүний наргианд ээж аав, найз нөхөдийн алинд нь ч тун гэж байдаггүй мэт. Би ч аавтай нь хэд хэдэн удаа уулзаж байсан. Царай зүс, ааш зан гээд л аавын охин биш гээд хэлчих вий гэсэн шиг л. Ээж нь ч гэсэн энэ тал дээр жаахан гомдлонгуй байдаг юм гэсэн. Надаас гарсан юм байж намайг дуурайсан зүйл огт байхгүй, аавын хүүхэд гээд л гомдлолын аяс гаргадаг гэнэ лээ. Ангийнхан маань ч бүгд л мэднэ түүний нийтэч, хошин зантай, барагийн зүйлд гомдлоод байдаггүй эр хүнээр бол манай монголчууд гүндүүдүй гэж ярьдаг даа. Гэхдээ түүний дэргэд нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн хүмүүс л түүнийг хошин марзан гэж хэлэх байх. Тэрээр өөрөө хэлэхдээ ч наргиан ч зан минь магадгүй миний хамгийн том давуу тал ч байж болох юм. Учир нь хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс чинь бусадтай амархан ойлголцож, хялбархан шинэ харилцаа тогтоож чаддаг. Гэхдээ намайг таних төдий хүмүүст бол би даруу, ноомой нэгэн шиг санагддаг. Учир нь хүмүүсээс өөрийнхөө тухай анхны сэтгэгдэлийг сонсоход бүгд л даруухан гэж боддог байсан гэж ярьж байсан. Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэж энэ байхдаа. Хаана, хэзээ  хэний дэргэд юу ярихаа хянаж байна гэдэг яалтачгүй давуу тал билээ. Зарим хүмүүс хэлэхдээ хамгийн их ганцаарддаг хүн хамгийн их инээдэг гэдэг. Гэхдээ би үүнтэй хэзээ ч санай нийлэхгүй. Найз маань ангидаа төдийгүй манай ангийнхан дунд ч нэр хүндтэй, ангийн хүүхдүүдийг нэгтгэж чаддаг хүмүүсийн нэг л дээ. Тэр хэзээ ч найзаар дутаж, инээмсэглэлээр гундаж явах хүн биш. Тэр ангийнхаа Хулантай өдөр болгон нулимсаа гартал инээлддэг гэхэд нэг их худал зүйл болохгүй. Энгийн л нэг ярианаас ямар нэг зүйлийг ургуулаад, үг үгэн дээрээ дөрөөлцөөд л эхлэнэ шүү дээ. Хэдий тэдний яриаг эхнээс нь сонсож чадаагүй ч гэлээ инээж байгааг нь хараад л хүмүүс дагаад инээчихдэг. Хөхрөлдөн хөөрөлдөх чимээ нь ангиар нэг тархана. Хүнийг инээмсэглэж буй байдлаас нь өөртөө хэр их итгэлтэй хүн бэ гэдгийг тодорхойлж болдог юм гэсэн. Миний хувьд бол түүнийг өөртөө 100 хувь итгэл дүүрэн хүн л гэж хэлнэ. Тэгж хэлэхээс ч аргагүй хариуцлагатай хүн л дээ. Туршлага, хариуцлагатай байж гэмээн л итгэл гэгчийг өөртөө бий болгодог биз. Гэхдээ тэр өнөөх л даруу зангаа гаргаж өөртөө итгэх итгэл гэдэг чинь их адармаатай асуудал шүү дээ. Хэлбэлзээд байдаг юм. Заримдаа... заримдаа шүү! Би л чадна гэж бодох үе байхад заримдаа би ерөөсөө юу ч хийж чадахгүй мэт санагддаг. Яавал тогтвортой байх, ямар үед тогтворгүй болчихдогоо одоо болтол мэдэж чадаагүй л явна” гэхэд нь түүний эргэлзээг тайлахын тулд та инээхдээ яаж инээдэг вэ? амаа дардаг уу гэлээ. Учир нь амаа дарж инээдэг хүмүүс өөртөө итгэлгүй, ноомой байдаг гэдэг нь хэдийнээ судалгаагаар батлагдсан аж. Харин тэр үгүй гэдэг хариултаараа өөртөө итгэлтэй гэдэгээ батлахад нь тээр харж байна уу чи бүхнийг даваад гарах хангалттай их хүчтэй, дахиж өөртөө бүү эргэлзээрэй гэсэн урамын үгийг хэлэхэд өө ингээд мэдчихдэг байсан юм уу? чи нээрээ “nice hand” шүү асуудлыг ямар хурдан шийдэж байнаа гэлээ. Ангилаар nice гэдэг нь сайхан, hand гэдэг нь гар гэсэн үг л дээ. Тэгээд нийлүүлээд уншихаар сайхан гар шүү гэсэн утга илэрхийлэх юм гэнэ. Дахиад л түүний шогч зангийн хариуд бид инээдээр амьсгална. Ийнхүү үргэлж л ангийн агаарыг инээдээр сүлж байдаг учраас түүнд ч гэсэн хэн бүхэн элгэмсэг хандана.

          Шог наргианд сайн шигээ хичээл номондоо ч гаргууд нэгэн билээ. Би чинь айл гэрийг авч явах айлын том охин шүү дээ. Үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэж хэлж байсаныг нь сонсож байсан юм. Бидний үеийнхэнд энэ мэт айл гэрийг авч явах охин хүн шүү би хэмээн ухамсарлаж, хичээж, зүтгэж яваа оюутан хэр их байдаг билээ. Гэр маань нэг зүгт байдаг болохоор бид хоёр хичээл тараад байнга л хамт явна. Харих замдаа цаг орчимыг замд зарцуулдаг учир бид элдэвийг л ярьдаг. Нэгнээсээ өрсөн ам булаалдаж заримдаа хажууд яваа хүнийг эргэн хартал нь инээлдэж ярьна. Нэг удаа бид хоёр бага насныхаа тухай ярьж байгаад ийм нэгэн яриаг өрнүүлсэн юм. Наймдугаар ангид байхдаа өгүүллэгийн тэмцээнээр анх алтан медаль авч байсан. Тэр үед өвөл байсан л даа. Ээж маань мөсөн дээр хальтарч унаад гараа хугалчихсан байсан юм. Тэгээд би хальтарч унасан газарынх нь мөсийг  уйлан байж хүрзээр арилгаж байсан. Түүнээсээ сэдэвлээд өгүүллэгээ бичиж байсан юм. “Хүн байхын учир” гэсэн сэдэвтэй тэмцээн байсан санагдаж байна. Би “Цэвэрлэгээ” гэсэн гарчиг өгч байсан” гэж хэсэг чимээгүй болсоноо одоо бодоход онцгүй нэр өгч байсан байна шүү гээд инээвхийлэн байж билээ. Жоохон байсан болохоор анхны медальаа аваад дэндүү их баярласан. Медальаа энгэрээсээ салгалгүй явсаар гэрийнхээ үүдэнд иртэл ээж дүүг маань салхилуулаад зогсож байсан. Гүйж очоод ээждээ үнсүүлчихээд дүүгээ тэврээд гэрлүүгээ орох гээд эрэгтэл ээж маань ард нулимсаа арчаад хоцорсон. Уйлж зогсохыг нь харсан ч би хараагүй  дүр үзүүлж шуудхан л явчихсан даа. Иймхэн зүйлд ээжийгээ баярлана гэж бодоогүй учраас илүү их хичээж ээжийгээ ахин баярлуулна гэж бодож байсан. Энэ бол миний хэзээ ч мартагдахааргүй баярын нулимс. Өдий наймдугаар ангид орчихоод ээжийгээ ийм зүйл хүлээж байсныг мэдээгүй явдаг би ч мөн гээд өөрийгөө голонгуй өнгөөр хэлэхэд нь үгүйдээ чи мэдээгүй явсан нь чухал биш мэддэг болсон нь хамгаас чухал гэж хэлэхийг хүссэн ч түүний яриаг тэр үед таслаж чадаагүй юм.Гэр бүл, найз нөхөд бол түүний амьдралын үнэт зүйлс билээ. Тэднийхээ тухай ярихдаа үнэтэй яриаг минь  тасалчихвий, тэднийхээ талаар нэг зүйлийг ч хэлэлгүй үлдээчихвий гэж айсан мэт яарангуй гэхдээ бас дэндүү их итгэлтэйгээр өгүүлэхдээ харцаа нэг удаа ч надаас буруулдаггүй юм. Яг л миний нүд рүү цоо ширтэн яриагаа эхэлсэн тэр л янзаараа гарцаагүй тэд миний амьдрал гэдгийг надад үгээрээ өгүүлэхийн дээр харцаараа бас дахин баталж чаддаг инээд итгэлээр жигүүрэлсэн нэгэн билээ.

Бид гарцаагүй хэрэглэгч мөн

Гудамжаар инээлдэж хөхрөлдөөд, цоо эрүүл яваа залуусыг харахаар дургүй хүрээд байх юм. Тэд биднээс нэг л ялгараад, бусдад эерэг сэтгэгдэл төрүүлээд байгаагаас болж бид олонд ад үзэгдээд байгаа хэрэг. Хэрэв тэд бидэнтэй адилхан архичин болчихвол санаа зовох зүйлгүй гудамжаар нэг сайхан, сэтгэл амар алхахсан. Хэрэв өөдөөс хэн нэг нь хэдэрлэвэл хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэхчээр адилхан архичин байж чи юу вэ гэж хэрэлдчихээд л явж байхгүй юу. Ер нь тэгээд яривал наад эрчүүд чинь бидэнтэй л адил нийгмийг хөлдөө чирэгч, архинд идэвхитэй донтогчид байсан байхгүй юу! Тэрийгээ мэдэхгүй одоо биднийг нүд үзүүрлэх нь зүйд нийцэхгүй хэрэг.
        Жилийн өмнө манай улсад архинд донтсон хүмүүсийн 51.2 хувийг эрэгтэйчүүд, таван хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байсан. Харин энэ жилийн судалгаагаар эмэгтэйчүүдийн маань эзлэх хувь ердөө л гуравхан хувиар өссөн байна лээ. Бүтэн жилийн дотор гэхэд маш бага тоо байгаа биз дээ. Ер нь тэгээд энэ бүгдийг ухаад яривал нөхөртөө хаягдах, өрх толгойлж яваа амьдралдаа гутрах, нөхөр нь гадаад руу яваад сураггүй болсон гээд л архи уух шалтгаан маань эрчүүдээс үүдэлтэй байдаг шүү дээ. Архи ууж байгаа эмэгтэйг хараад гайхдаг байсан монголчууд өнөөдөр гудамжаар халамцуу, хөл дээрээ тогтож ядан явахыг хараад гайхах хэрэггүй. Бид архийг зүгээр л уудаг болохоос архичин биш, найз нөхөдтэйгөө хааяа уудаг гэхдээ Дорж шиг уудаггүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өөрсдийгөө өмгөөлж, бусадтай харьцуулж байгаа нь архинд донтож буй эхний шинж тэмдэг гэх юм билээ. Архичин гэдэг чинь архи үйлдвэрлэдэг хүмүүсийг хэлдэг юм гээд хошин шогийнхон хэлж байгаа биз дээ. Тэд чинь гашуун үнэнийг л хэлдэг хүмүүс. Тэгэхээр бид архичид биш, хэрэглэгчид юм.

          2010 оны арваннэгдүгээр сард манай улс бие даасан эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байртай болсон. 2013 он гарсанаас хойш 1000 гаруй эмэгтэй эрүүлжүүлэхдсэн байна. Үүний цаана эрүүлжүүлэхэд морилохгүйгээр согтуурсан хичнээн хүн байгааг таашгүй. Үйлчлүүлэгчид олширч байгааг төр засаг маань гярхай ажиглаж тусгай байр бэлдэж өгсөн нь эмэгтэйчүүдийг маань эсэргүүцэх биш харин ч хөхүүлэн дэмжиж, зөв зүйлд хөрөнгө зарсан хэрэг болсон юм. Тэгэхгүй бол эрчүүдтэй нэг байранд эрүүлжүүлхдэнэ гэдэг цэвэр ичэмхий монгол бүсгүйчүүдийн маань нэрийг гутаасан хэрэг болно шүү дээ. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр нь маш тохь тухтай хийгээд тэдэнд цэвэр ус өгч, бие засуулж, тэр ч бүү хэл нэг үе бантан өгдөг байсан. Гэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоол ундгүй, хоног төөрүүлэх гэсэн хүн олширсон учраас үйлчилгээнээс бантанг хассан сурагтай байна лээ. Гэхдээ байр саваар хангаад өгсөн нь л талархууштай хэрэг. Юун төлөө бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа билээ дээ. Эрэгтэйчүүдэд эрүүлжүүлэх байхад эмэгтэйчүүдэд яагаад байж болохгүй гэж. Монголчууд маань архидан согтуурал зэрэгт ч жендерийн асуудлыг ярих хүртэлээ хурдтай хөгжиж байгаа нь гайхалтай хэрэг биш гэжүү?.  

Боловсролыг дээд сургуульд сурснаар олж авдаг уу

     Боловсрол хэмээх үгийг толь бичигт хүнийг бие сэтгэлийн хувьд цогц хөгжүүлж хувь хүнд буй үнэн чанар, авъяас билэгийг нээж өгөн тордохийг хэлнэ гэсэн байдаг. Гэхдээ боловсролыг чухам ямар түвшинд авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь хүн өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн гэж тодорхойлж болно. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар авч үзэх тохиолдолд иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа үйлчилгээ, түүний үр дүн гэж тодорхойлж болох юм.
Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа.
           Хүн төрлөхтөн насан туршдаа боловсорч, хөгжиж байдаг нь хүмүүсийн нүдэнд илт байдаг ч хэзээнээс эхэлдэг вэ гэдгийг хүн бүр мэддэггүй аж. Тэрээр хүн эхийн хэвлийд байхаасаа л боловсорч эхэлдэг гэж үздэг байна. Эхийн хэвлийд байхдаа л эцэг эхийн хүмүүжил, амьдралын хэв маягт дасан зохицож байдаг. Энэ бол бидний хамгийн анхны боловролын үе шат гэж хэлж болно. Хамгийн сонирхолтой нь хүүхэд төрсөн цагаасаа ийнхүү хөгжиж боловсорч байгаа нь нүдэнд харагдахуйц байдлаар мэдрэгдэхгүй ч насан туршид нь үлдэх хамгийн том боловсрол байдаг. Үүнийг Монголчууд гэр бүлийн боловсрол гэж нэрлэдэг. Нэгэн гүн ухаантан би төрдөг юм биш, буй болдог юм. Ний нуугуй хэлэхэд ердөө л төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явц юм гэсэн байдаг. Тийм шүү хүн хүмүүжих явцдаа хүн болж төлөвшдөг. Хүүхэд бүрийн үзэх дуртай Тарзан хүүхэлдэйн киног санаж байна уу?. Олон жил зэрлэг амьтадын дэргэд байснаас болоод хүн дүрстэй амьтан болж хувирдаг шүү дээ. Хүнийг амьтан болгож чадах уг зүйлийг л хүмүүжил гэх юм. Ийнхүү хүн нийгэм хамт олон, найз нөхдийнхөө дунд үнэлэгдэж, тэдний дотор тодорхой орон зайг эзлэн оршино гэдэг түүний эрдэм мэдлэг, эд хөрөнгөөс илүү хувь хүн, хүмүүжилээр үнэлэгддэг юм шиг санагддаг. Хэрвээ хүн багаасаа зөв хүмүүжилээр, ухамсартай гэр бүлийн хүрээнд өссөн бол их дээд сургуульд дөрвөн жил суралцсан, суралцаагүй өөрийгөө зөв залаад авч явж чадах хангалттай ухаантай, хүч чадалтай шүү дээ.
Чиний хэнээс төрсөн чинь бус, хэнтэй нөхөрлөж байгаа чинь чухал.
Сүүлийн жилүүдэд дийлэнх хүмүүсийн дунд гадаадад суралцвал дээд боловролыг төгс  эзэмшиж чадна гэх ойлголт байх болжээ. Харин гадаадад сурч чадахгүй бол улсдаа улсын сургуульд сурвал хамгийн сайн нь гэж төсөөлдөг. Харин миний хувьд ийм бодолтой явдаг хүмүүсийн эсрэг байдаг. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэж ярьдаг. Хувь хүн өөрийгөө дайчилж, хичээж л чадахгүй юм бол ямар ч сайн сургууль, багшаар заалгаад нэмэргүй шүү дээ. Мөн ах эгч нараасаа таны их дээд сургуульд суралцах болсон шалтгаан, зорилго юу вэ? Mэдлэг нэмэхийн тулд уу? аль эсвэл ямар нэгэн ажлын байран дээр очихын тулд диплом нэртэй цаас авахын төлөө дөрвөн жилийг ял хүлээсэн ялтан мэт тэнд уягдан өнгөрүүлж байв уу? гэж асуусан юм. Хүн болгоны хүсэл зорилго өөр л дөө. Гэхдээ тэдний хариулт бараг л адилхан байсан юм. Хүн их дээд сургуульд сурсанаар төгс мэдлэгийг хэзээ ч олж авдаггүй. Харин мэдлэг гэхээсээ илүү бие даах чадвар, олны дунд биеэ хэрхэн зөв авч явах, төлөвшил, олонтойгоо зөв харилцаж сурсан гэлээ. Хэн, ямар сурсаныг нь зөвөөр үнэлж дүгнээд дипломоо олгодог бол хүмүүсийн мэдлэг олж авах хүсэл эрмэлзэл одоо байгаагаас хэд дахин илүү байх байсан. Харин одоо цагт дипломыг мөнгөөр худалдаж авч болдогт хамгийн гол учир байгаа юм дүү минь гэж байлаа.
Асар том бүтээл, алдар нэр хүндийг амжилт гэх биш харин амжилт гэдэг маань өдөр бүрийн жижиг амжилттай байдлын нийлбэр юм.
Мэдээж үүгээрээ их дээд сургуульд суралцаад хэрэггүй, юу ч сурдаггүй юм гэж хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь хүнийг хүн болгодог зүйл нь хүн чанар, хүмүүжил учраас эхлээд өөрийгөө зөв төлөвшүүлчихээд дараад нь дээд боловсрол яривал үр өгөөжтэй мэт санагдана. Ганц л олдох амьдралдаа хүний дайтай амьдархад сайн боловсрол шаардагдах нь гарцаагүй. Боловсрол, хүмүүжил хоёрыг бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авдаг. Тиймээс өөрийн олж авсан хүмүүжлийн ачаар  зөв үйл, багахан амжилтыг цаг тутамд  бүтээгээд байвал энэ нь эцэстээ хуримтлагдаж хамгийн сайн боловсрол, агуу их амжилт болж чадах юм.

“Product placement” буюу нэвтрүүлэгт бүтээгдэхүүн байрших тухайд

Реклам яах аргагүй урлагийн хамааралтай бүтээл. Хэн, аль компани шилдэг менежментийг гаргаж, боловсруулж чадаж байна, тэр зах зээлд бүтээгдэхүүнээ брэнд болгодог нь хууль. Бараа бүтээгдэхүүний борлуултад хамгийн том байр суурь эзлэх энэхүү урлагийг хэрхэн яаж хийснээрээ хүмүүсийн анхаарал, хүсэл сонирхлыг татдаг. Рекламыг содон сонин шийдэлтэй хийхээс гадна реклам бүтээгч нар хэрэглэгчийнхээ мэдрэхүйн эрхтэн дээр нь тулгуурлан ажилладаг гэдэг. Рекламгvйгээр бизнес хийнэ гэдэг бол цаг нөхцөөсөн хэрэг гэж хэлсэн байдаг. Тэгвэл бизнест реклам гэдэг зvйл маш чухал бөгөөд vvнийг хийнэ гэдэг бол авьяас, мөн сэтгэлгээ шаардсан чухал ажил юм. Тэд маш богино хугацаанд ойлгомжтой, анхаарал татсан мөн санаагаа бvрэн илэрхийлэх шаардлагатай байдаг.
Өнөөдөр рекламыг түгээгч хэрэгслүүдээс хамгийн хүчирхэг нь телевиз юм. Маш олон үзэгчдийн сонирхлыг татдаг учраас ашиг орлогоороо бусад хэрэгслүүдээс илүү байдаг. 1999 оны рекламны зах зээлийн тайлангаас үзэхэд нийт сурталчилгааны олсон орлогын 42.8 хувийг телевиз олжээ. Өөрөөр хэлбэл энэ үзүүлэлт телевиз бол зар сурталчилгааны гайхамшигтай хүчтэй хэрэгсэл гэдгийг батлаж буй хэрэг юм.
Сүүлийн үед сэтгүүлч, блогчид кино шүүмж, тойм, сэтгэгдэлийг цөөнгүй бичих болсон. Сүүлийн үед монгол кино төдийгүй дэлгэцийн бүхий л бүтээлд дүрүүд ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах болон түүнийг тодоор дүрслэн харуулах нь ихэсчээ. Тэдгээрийг бичигчид далд реклам хэмээн буруу нэрлэж, цохон тэмдэглэж байна. харин үүнийг реклам судлаачид бүтээгдэхүүн байршуулах сурталчилгаабуюу “product placement” гэж нэрлэдэг.
Одоогийн бидний ярьж заншаад буй далд реклам гэх ойлголтын талаар Америкийн сэтгүүлч, судлаач Ванс Пэкард 1957 онд “The Hidden Persuaders” номдоо бичиж байжээ. Тэрбээр уг бүтээлдээ далд релкам гэж нэршлийг ашиглаагүй ч хэрэглэгчийг худалдан авалт хийхэд хүргэх сэтгэл зүйн нөлөөллийн талаар олон санааг тайлбарласан байна. Тэр үед буюу дайны дараах америкийн нийгэмд зар сурталчилгаа бүтээгчдийн нэг зорилго нь аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ тухайн хүнд шаардлагагүй байсан ч тэдний итгэл үнэмшил, айдас, сексийн мэдрэмж зэрэгт тулгуурлан хэрэглэгчээ болгох байжээ. Далд реклам нь ерөнхийдөө сурталчилгааны үг, зураг, хэлбэр дүрсэнд давхар илэрч байдаг агуулга юм. Үүний хэлбэрийн хувьд дөрөв ангилдаг.
·         Subthreshold stimuli буюу дуу явах хугацаанд өөр үг сонсогдох, дэлгэцэнд ямар нэг дүрс эгшин зуурт үзэгдэх
·         Masked
·         Unattended буюу зургийг эргүүлэн харах эсвэл сайн ажиглахад үндсэн дүрсээс гадна өөр зүйл харагдах
·         Figurally transformed stimuli буюу текст болон зургийг бүдгэрүүлэх, шууд танигдахааргүй болсон байх зэрэг олон арга бий.
Эдгээрээс онцлон “Subthreshold stimuli” буюу дуу явах хугацаанд өөр үг сонсогдох, дэлгэцэнд ямар нэг дүрс эгшин зуурт үзэгдэх аргийг ашиглан нэвтрүүлэгт хэрхэн бүтээгдэхүүн байршуулдаг талаар авч үзье.
Гадныханы телевизийн шоу, цувралд энэ хэлбэр түгээмэл байдаг. Бараа, үйлчилгээг хамгийн их буюу NBC телевизийн “The biggest loser” шоунд 6248, “American Idol” шоунд 4636, “One tree hill” цуврал, “American’s next top model”, “Hell’s Kitchen”-д тус тус 2000 удаа сурталчилгаа байршуулжээ. Мөн ном, зохиолд сурталчилгаа цөөнгүй байдгаас бидний хамгийн сайн мэдэх “Twilight” цувралд л гэхэд гол дүр Эдуард “Volvo” машинаа хөлөглөж буйг зохиогч олонтаа дурьдсан байдаг. Энэ төрлийн сурталчилгаанд хамгийн их ашиглагддаг бүтээгдэхүүнийг автомашин тэргүүлдэг. Үүний дараа элэектрон  бараа тэр дундаа гар утсыг хамгийн түгээмэл ашигладаг байна. түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, тамхи дарс гээд үргэлжилдэг байна.
“American idol” шоунд “Coca-Cola”-г байршуулсан нь
Телевизийн нэвтрүүлэгт бүтээгдэхүүн байршуулах нь бүтээгдэхүүний хувьд нэрийн бүтээгдэхүүнээ сурталчилаад зогсохгүй нэвтрүүлэг бэлтгэх багийн хувьд ч ашигтай зүйл юм. Учир нь бүтээгдэхүүн байршуулалтын мөнгө авахаас гадна шууд нэвтрүүлгийн үед хөтлөгч, нэвтрүүлэгт оролцогчид ямар нэгэн асуудал тулгарахад нэвтрүүлгийг таслаж болохгүй учраас ивээн тэтгэгч байгууллагын бүтээгдэхүүнээр нэвтрүүлгийг чимэглэж болдог аж. Жишээлбэл CBS студийн бэлтгэдэг нэвтрүүлгийн дугааруудад ч бүтээгдэхүүний дижитал байршлууд үе үе харагддаг.  1996 онь кино тусгаар тогтнолоор “Columbia pictures” эх компани болох “Sony products”, “Bravia” телевиз зэргийн бүтээгдэхүүнийг кинондоо оруулах болсон нь хожим телевизийн шоу нэвтрүүлэгт хүчтэй нөлөөлсөн ажээ.









Дээрх зурган дээр 2 хөтлөгчийн өмнө “Starbucks coffee” байгааг харж байна. Энэ ч гэсэн бүтээгдэхүүн байршуулалтын нэгэн хэлбэр юм. Үүнийг жирийн нэгэн үзэгч “Sturbucks coffee”-г сурталчилж байна хэмээн ойлгохгүй. Мэргэжилтүүнээс бусад бараг бүх л хүн сурталчилгаа гэдэг зүйлийг өөр тусдаа ойлголт хэмээн ойгодог учраас тэр юм. Гаднхыханы хувьд энэ мэтээр үл анзаарагдах төдийд бүтээгдэхүүн байршуулдаг байна.
Харин Монголчуудын хувьд реклам тэр дундаа нэвтрүүлэгт бүтээгдэхүүн байршуулна гэх ойлголт хожуу нэвтэрсэн учраас бүтээгдэхүүнийг нэвтрүүлгийн дундуур илэрхий сурталчилж байгаа нь анзаарагддаг. Үүнийг баталгаажуулахын тулд хэд хэдэн нэвтрүүлэгт ажиглалт хийсэн юм.

 














“Nandia’s Talk Show” нь анхдагч ток шоунд тооцоггдог, үзэгч олонтой нэвтрүүлэг юм. Тиймээс байгууллаггууд  нэвтрүүлгийг ивээн тэтгэж, бүтээгдэхүүн байршуулах сонирхолтой байдаг нь мэдээж. Тэрээр дээрх 2 зурган дээр “Biogen”, “Fuztea”, “Моя семья зэрэг бүтээгдэхүүнийг байршуулжээ. Зарим нэгэн нэвтрүүлэгтэй харьцуулахад бүтээгдэхүүнийг энд тэнд  байршуулсан нь оновчтой гэж үзэж байна. Учир нь эдгээр зүйлс нэг дор хүний хараанд тусвал реклам,сурталчилгаа гэдэг нь илт мэдэгдэнэ. Мөн үзэгчдийн анхаарлыг төвлөрүүлж чадахгүйд хүргэнэ. Түүнчлэн хөтлөгч Нандиа нь нэвтрүүлгийн явцад зочиддоо таныг ийм зүйлээр дайлая, тийм бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгье гэж байгаа нь ил сурталчилгаа болж харагддаг. Үүний оронд бүтээгдэхүүнийг тохиромжтой байрлуулчихсан байхад л энэ нь үзэгчдийн сэтгэхгүйд ухамсатгүйгээр нөлөөлж байдаг билээ. 
25-р суваг телевиз “Bon appetit” cook show
Энэхүү нэвтрүүлэг нь ивээн тэтгэгч байгууллагын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэгтээ ашигладаг ба нэг дор маш олон зүйлийг амаар болон дүрсээр сурталчилдаг нь бидний хэлж сурсанаар далд реклам байж чадахгүйд хүрж байгаа юм. Мөн бүтээгдэхүүнийг ойр, ойрхон 3-4 секундын хугацаатай харуулж байв.
MNB “1 минут, 1 сая цэнгээнт нэвтрүүлэг
Онцлон авсан нэвтрүүлгүүдээс Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “1 минут, 1 сая цэнгээнт нэвтэрүүлэг нь бүтээгдэхүүн байршуулах ажиллагааг хамгийн оновчтой бөгөөд үзэгчийн сэтгэхүйд нөлөөлж чадахуйц хэмжээнд хийж чадсан байна. Ажиглавал, шалан дээр “Coca Cola”-гийн логог байрлуулсан, тэмцээний явцад бүтээгдэхүүнээ ашиглаж байгаа нь үзэгчдэд реклам гэж тэр бүр ойлгогдохгүй. Мөн “’Ариун хуурай салфеткийг зэргийг хэрэглэж байгаа нь бүтээгдэхүүнээ чадварлаг байршуулж байгаа хэлбэр юм.
Энэ бүгдээс дүгнэн үзвэл сүүлийн үед манай улсад бүтээгдэхүүн байршуулах гэдэг ойлголт байгаа хэдий ч бүрэн утгаараа төгс хэрэгжиж чадахгүй байгаа юм. Хэрэв үүнийг зөв зохицтой хийж чадахгүй бол кино, нэвтрүүлэг, дуу зэрэг нь тэр чигтээ бизнесийн сурталчилгаа болчихсон гэж хүмүүс дургүйцэж, бүтээгдэхүүн сурталчилах биш харин ч залхааж орхих талтай. Харин зөв хэлбэрээр, соёлтой хийж чадвал байгууллага, компани хувь хүний хувьд хамгийн үр дүнтэй арга юм.