Тиранозавр Батаар “гэртээ ирлээ”
Далан сая жилийн настай
Тиранозавр Батаарыг нийтэд танилцуулах түр музейн нээлт Сүхбаатарын талбайд
болж өндөрлөлөө. “Би гэртээ ирлээ” нэртэй уг нээлтийн үйл ажиллагаанд Соёл
Спорт Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга
П.Цагаан, АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын бие
төлөөлөгч нар оролцож тууз хайчилсан юм. Мөн говиос олдсон энэхүү үлэг
гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байна хэмээн Монголчуудад анх
мэдээлэл хүргэсэн палеонтологич М.Болорцэцэгийг “Алтан гадас” одонгоор шагнасан
онцгой үйл явдал болсон юм. Бүрхэг сэрүүхэн өдөр байсан ч Тиранозавр Батаарыг
үзэх гэсэн хүсэлтэй нийслэлчүүд олноор цугларсан байлаа. Мөн энэ сарыг дуустал
түр музейгээр үнэгүй үйлчлүүлж болох ажээ. Түр музей гурван хэсгээс бүрдэх
бөгөөд энэ нь үзвэрийн гол хэсэг Тиранозавр Батаар, түүнийг эх нутагт нь авчрах
үйл ажиллагаа хэзээнээс, яаж өрнөсөн бэ гэдэг түүхнийг фото зургаар харуулсан
үзвэр болон бусад жижиг олдворууд байсан юм. Түүнчлэн батаарын нөхөд болох зургаан
төрлийн 22 олдвор удахгүй АНУ-аас ирэх юм байна. Бага, өсвөр, насанд хүрсэн гэх
мэтчилэн нас насны олдвор нэгэн зэрэг олдох, тэр дундаа үзвэр бүтнээрээ олдоно
гэдэг дэлхийн хэмжээнд ховор тохиолдол учраас шинжлэх ухааны үүднээс энэ нь чухал
ач холбогдол бүхний олдворт тооцогдож байгаа юм. Байгалийн ямар нэг гэнэтийн
өөрчлөлт, гамшиг болсон үед л олдвор бүтнээрээ олдох боломжтой аж. Тиранозавр Батаарын
урт 7, өндөр нь 2.5 метр бөгөөд ийм хэмжээтэй Тиранозавр нь нас биед гүйцээгүй
идэр залууд тооцогддог байна. Мөн 22 олдворын нэг болох “нугасан хошуут” хэмээгдэх
өвсөн тэжээлт тиранозаврын биеэн дээрээс Батаарын шүдний ором үлдсэн нь
тогтоогдсон. Үүнээс палеонтлогчид Батаарыг өөр бусад тиранозавруудаар хоололдог
махчин амьтан байсан гэдгийг батлаж байгаа юм. Харин Батаарыг эрэгчин эсвэл
эмэгчин гэдгийг тогтоож амжаагүй байгаа юм байна. Үүнийг тогтоохын тулд
Батаартай адил төстэй олон тиранозавр хэрэгтэй бөгөөд ясны сийрэгжилт хэр
явагдсан гэдгээр тодорхойлж болох гэнэ. Нью-Йорк хотын байгалийн түүхийн музейд
Монголын олдворууд маш их байдаг. Үүнийг
жилд таван сая хүн үздэг аж. Тиймээс бид Батаарыг эх оронд нь авчирснаар
шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг зэрэг олон талын ач холбогдолтой. Харин
одоо бидэнд 70 сая жилийн настай үнэт олдворыг байршуулах музейтэй болох л
үлдлээ.
No comments:
Post a Comment