Багшаа! Би өмнөх хичээл дээр ирсэн билүү? хичээлээ
тэмдэглээгүй байх юм гэж тэр дэвтэрийн хуудасыг хойш урагш эргүүлж, чимээ
аниргүйг эвдэн гэнэт асуув. Багш суудал дээрээсээ гайхсан өнгөөр яасан гэнээ
гэж лавлан асуунгаа өмнөө тавьсан ногоон өнгийн журналыг хэд хэд эргүүлж,
ирцийн бүртгэлийг харснаа ирсэн байна гэж хоёрхон үгээр хариулахдаа бага зэрэг инээвхийлэн байлаа. Мөн ч хамаагүй хүн
шүү энэ Т.
Дэлгэрцэцэг гэж би бодохтой зэрэгцэн магадгүй тэр үед багш бид хоёрын бодол яг
нэг цэг дээр огтлолцсон учир багш инээвхийлэн суусан байх гэж санагдлаа.
Багшаас ингэж асуугаад байхдаа
яахав дээ!
Дэлгэрцэцгээ гэж би түүнийг хажуунаас нь ёврон хэлхэд, ямар хамаатай юм гэж юу
ч болоогүй мэт ийш тийш нүд цолмонтуулан зүггүй гэмээр харах нь гэнэн томоогүй
хийгээд хамаагүйн илрэл мэт. Хоёр жилийн хугацаанд зүү орох зайгүй найзлахдаа
би түүнийг үргэлж л Дээгий гэж дууддаг байлаа. Харин сүүлийн үед өөрийн
мэдэлгүй Т. Дэлгэрцэцгээ гэж бүтэн нэрээр нь дууддаг болчихож. Нэг өдөр цонхтой
цагаар номын санд хоорондоо юм ярьж суутал би ахиад л өөрийн мэдэлгүй түүнийг
бүтэн нэрээр нь дуудчихаж л дээ. Энэ яриаг Айьмгүл өлгөн авч чи яагаад ойрд
Дэлгэрцэцгээ гэж дууддаг болчохсон юм бэ гэж асуухад нэг нь хажуунаас
нэртэйгээр нь регистерийн дугаарыг нь хэлчихээч гэж тоглоом шоглоом болгон байж
билээ. Айьмгүл бол манай ангийн ганц
Казак хүүхэд л дээ. Тиймээс бидний яриаг ойлгохгүй хоцрох тохиолдол цөөнгүй. Эцэг
эхчүүд хүүхдээ үймүүлж, болохгүй зүйл хийх үед нь голдуу бүтэн нэрээр дуудаж
хэрэггүй, болохгүй гэсэн санааг хэлж байдаг шүү дээ. Үүнтэй адил бид эцэг эх,
хүүхэд шиг бие биедээ дэндүү гэмээр хэмжээнд хүртлээ дасч, хэн хэнийхээ занг
өөрөөсөө ялгаагүй мэдэж таньсаны илрэл байх.
Т. Дэлгэрцэцэг бол хэт өөдрөг
үзэлтэй, цагаан цайлган, үнэнч, хөгжилтэй, нийтэч, томоогүй. Нүүрэндээ үргэлж л
инээмсэглэл тодруулан явдаг охин юм. Яруу найрагч Д. Нямаад сарыг өнхөрүүлж
тогломоор, мөрөнг амандаа багтаан сорчихмоор, навчийг завь болгож дээр нь
суугаад зугаалмаар, шагайг морь болгож унамаар гэнэн томоогүй бодлууд төрдөг нь
ердийн хэрэг мэт төсөөлөгддөг гэж Б. Золбаяр хэлсэн нь би ч гэсэн найзыгаа
ийнхүү төсөөлүүлэн хэлж болмоор сангдана. Найз маань өртөө хэзээд ч итгэл төгс
байдаг хүн юм. Магадгүй
энэ зан чанар нь түүний сүсэг бишрэлтэй ч холбоотой байж болох юм. Хоол
идэхийнхээ өмнө чин сэтгэлээсээ залбиран суудаг ганцхан жишээ нь түүнийг хэр их
шүтлэгтэй вэ гэдгийг харуулна. Шашин, сүсэг бишрэлийнхээ хүчээр тэр өнөөдөр
өөдрөг, зоригтой, үнэнч, маргаашийг өнөөдрөөс сайхнаар төсөөлж хардаг өөдрөг
үзэлтэн юм шиг сангаддаг. Нэг жишээ байна. Өнгөрсөн жил тэр англи хэлийн
дүнгийн шалгалтаа таслаад, сүмийн зуглаанд явчихаж билээ. Энэ мэт зүйлээс
түүний хамгийн эрхэм дээд зүйл нь түүнийг сүсэг гэж надад мэдрэгдсэн юм. Түүний
өөдрөг үзэл, зориг тэвчээр биед нь багтхааргүй их. Үүнийг аль ч найзаас нь
асуусан танд итгэл дүүрэн хэлж чадна. Гэхдээ өөдрөг үзэл, асар их зоригынхоо үрээр
юу ч бодолгүй хэлэх нь заримдаа түүний сул талуу гэлтэй.
Нэг өдөр би дунд сургуулийн
найзтайгаа уулзлаа. Найз маань утасан дээр хадгалсан зургуудыг үзэж сууснаа,
энэ чиний утас биш энэ охины утас юмуу гэж наргиан болгон Т. Дэлгэрцэцгийн зураг руу заалаа. Учир нь
хадгалсан зурагны тал хувь нь Дээгийгийн зургаар дүүрсэн аж.
Дунд сургуулийн найз маань
хамгийн ихдээ л зургаа, долоон минутыг зураг үзэхэд зарцуулсан хэрнээ Т.
Дэлгэрцэцгийг сэргэлэн, овсгоотой, хөдөлгөөнтэй, зоригтой охин гэдгийг түүний
нүдний харц, инээмсэглэлээс ажсан байв. Хөгжилтэй, хөдөлгөөнтэй гэнэн томоогүй
балчир хүүхэд шиг хэрнэ, түүнээс сурах зүйл дэндүү их байдаг нь гайхалтай. Амжилтанд
хүрсэн хүмүүсийн өөрийн тухай бичэн дурьдатгал, амжилтанд хүрсэн алтан дүрмийг
уншихад эерэг энерги халгиж цалгисан, би чадах ёстой гэсэн өөдрөг үзэл, хэзээ ч
мохож цуцаагүй сэтгэлийн тэнхээ, зоригтой байх л гол үндэс нь байдаг. Энэ бүх
зан найзад маань байна.
Энэ хүнтэй харьцуулхад тэр их зориг, сэргэлэн зан, хөгжилтэй наргианч байдал
надад хомс. Гэхдээ дутууг гүйцээж, дундуураа дүүргэх нэг насны найзууд байхаар
бид учирсан гэж боддог юм.
No comments:
Post a Comment