7.24.2015

Тогтмол хэвлэл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Монгол Улс НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц” болон түүний нэмэлт протоколд 2008 онд нэгдэн орсноор уг конвенциор баталгаажсан бүх эрх, эрх чөлөөг дүүрэн хангах эрмэлзлэлээ дэлхийн олон нийтэд нотлон харуулсны зэрэгцээ иргэдийнхээ өмнө энэхүү зайлшгүй чухал олон улсын гэрээг хэрэгжүүлэх амаргүй үүргийг хүлээсэн билээ. Одоо хөгжлийн бэрхшээл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх уламжлалт ойлголт, хандлагыг өөрчлөхөөс эхлээд тэдний эрхийг хүндэтгэсэн, нийгмийн бүхий л амьдралд бусадтай адил тэгш оролцох, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхүйц эерэг орчныг бүрдүүлэх хүртэлх хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилт, үзэл санаа, зарчмыг бодит үйл хэрэг болгож хэрэгжүүлэх асуудал хамгийн  чухлаар тавигдаж байна.

Хүнлэг ёс, хүмүүнлэг нийгмийн зарчмаар бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах нь үр дүнд хүрэх гол арга аж. Гэвч эдгээр хүмүүсийг тээршаасан, бусдаас өөр хүн гэж үзэх хандлага нийгэмд түгээмэл байна. Ийм хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүдүүлгээр зөрчих үндэс болж, тэдний хүнлэг ёсны хайр халамж хүртэх эрхийг боогдуулсаар байна. Иймд тэднийг бусад хүмүүстэй эрх тэгш байлгах, тэдний талаар нийгэмд зөв ойлголт төрүүлэхэд сэтгүүл зүйн салбар онцгой үүрэгтэй юм.

Одоогоос 10 жилийн өмнө Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн II Их хурлаар сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баталсан бөгөөд үүнд хувийн нууц, бусдын зовлон шаналалыг ойлгох, нас хүйс, шашин шүтлэг, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчилахгүй байх зэргийг заасан байдаг. Сэтгүүлчид нийгмийн аливаа асуудлаар бичихэд хүссэн хүсээгүй хүний эрхийн асуудалтай тулгарна. Аливаа нийгэмд хүнээс тусдаа асуудал гэж үгүй. Тиймээс сэтгүүлчид нийгмийн санаа бодлыг төлөвшүүлж байдгийнхаа хувьд хүний эрхийн асуудал тэр дундаа хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн тухай ОНМХ-ээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн, цацах тохиолдолд тухайн асуудлаар батлагдсан үндэсний хууль, тогтоомж, олон улсын гэрээ конвенцийг сайн  судлах, мэдлэг мэдээлэлтэй байх  шаардлагатай байна.

Амьдралын таагүй нөхцөл, хөдөлмөрийн аюултай орчин, ядуурал, хайхрамж болгоомжгүй байдал, хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа дутмагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо улам бүр өсөн нэмэгдэж байна. Монгол улсад 2010 оны жилийн эцсийн байдлаар нийт 82,631 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бол 2014 оны байдлаар ойролцоогоо 118 мянга гаруй хүн байна гэсэн тооцоо байдаг. Гэхдээ БСШУЯ, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, хүн ам орон сууцны тооллогын үр дүн хоорондоо зөрүүтэй гардаг аж.

Сэтгүүлчид ямар асуудлыг, аль өнцгөөс, хэр их нухацтай авч үзэхийг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдгаараа аливаа асуудлын талаарх олон нийтийн санаа бодолд маш хүчтэй нөлөөлдөг. Сэтгүүлчид хүмүүст эрхийнх нь талаар боловсрол олгох, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийн тулгамдсан асуудлыг олон нийтэд дэлгэн тавих зэргээр хүний эрхийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэж буй эдгээр олон чухал хувь нэмрийн дүнд идэвхитэй, мэдээлэлтэй, эрхээ шаардах чадвартай иргэд олноор бий болох боломжтой юм.

Монголын өнөөгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах олон нийтийн хандлага нь нэг бол хэт өрөвдөж хөөрхийлсөн байдалтай эсвэл бүр гадуурхаж төвөгшөөсөн хоёрхон хэлбэртэй байдаг нь тэдэнд сэтгэлзүйн томоохон дарамт учруулдаг байна. Хүний эрхийн зөрчил нь гол төлөв далд хэлбэрээр оршдог учир тэдгээрийг олж илрүүлэхэд сэтгүүлчдээс ихээхэн үүрэг хариуцлага шаардах болсон энэ үед Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлэгт иргэдийн улс төрийн болон иргэний эрхийн асуудлыг түлхүү тусгадаг, харин эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай бага хөндөж байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэтгэл дундуур байдаг талаараа Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл” сэдэвт сургалтын үеэр ярьсан байна.

Манай улс Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн конвенцид нэгдэж орсон 56 дахь орон. Харин АНУ 144 дэхь орон болж байж. Энэ хоёрын хооронд ихээхэн ялгаа байхаар харагдаж байгаач Америк 1973 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хуулийг, мөн ялгаварлан гадуурхалтынхаа эсрэг хуулийг батлуулжээ. АНУ-д бүх телевиз, радио сурталчилгааныхаа 200 минутыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулдаг байх жишээтэй. Энэ хугацаанд нийгмийн сэтгэл зүйд хандахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олоход нь туслах гэхчилэн үйл ажиллагаа явуулдаг байна.  

Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 2 дугаар бүлгийн 2.4.6, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөрийн 5.8-д тус тус хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх нийгэм, сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх талаар тусгасан боловч энэ асуудалд  хүний эрхийн үүднээс хандах олон нийтийн хандлагыг бий болгоход чиглэгдсэн үнэн бодитой мэдээлэл нийгэмд тэр бүр хүрч чадахгүй байгаа нь өнөөг хүртэл хэвээр байна.

1999 онд Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Яамны захиалгаар Монгол Улсын Их Сургуулийн социологийн тэнхимээс хийсэн “Тахир дутуу иргэдийн хэрэгцээ” судалгаанд оролцогчдын 71,4 хувь  нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусад хүмүүсээс ялгаатай “өөр хүмүүс” гэж үзэж байжээ. Судалгаанд оролцогчдоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн эмзэг, өвчин эмгэгтэй хүмүүс гэж 23,8 хувь нь, нийгмийн зүгээс анхаараал халамж байнга шаарддаг хүмүүс гэж 45,5 хувь нь үздэг талаар тэмдэглэжээ. Мөн 52,8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг, 14,7 хувь нь тэдний талаарх мэдээллийг авч чаддаггүй, харин 3,1 хувь нь мэдээлэл авахыг ч хүсдэггүй гэсэн байна. Арьс өнгө, хүйс, яс үндэс, гарал үүсэл, хэлбэр галбир, жин хэмжээ болон өөр өөр олон талаараа хүмүүс ялгаатай байдаг. Хөгжлийн бэрхшээл үүнтэй л адил. Хөгжлийн бэрхшээлээсээ болоод хүний хөдөлгөөн, эсвэл сонсох үнэрлэх, амтлах чадвар хязгаарлагдсан байж болно. Гэхдээ тэд бидний л нэгэн адил хүн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар өдөр тутмын сонинд хэрхэн тусгаж буй талаар контен анализ болон өдөр тутмын сонины мэргэжилтнүүдийн дунд ганцаарчилсан ярилцлагын аргаар судалгаа явуулсан юм. Өдөр тутмын сонинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар харьцангуй бага тусгадаг бөгөөд цөөн хэдэн асуудлын хүрээнд л мэдээлдэг байна. Үүний нэг шалтгаан нь мэдээлэл бэлтгэхэд сонины удирдлага, эх сурвалж, тодорхой тоо баримт байдаггүй  зэрэг нь сэтгүүлчдэд хүндрэл учруулдаг аж.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид тогтвортой үйл ажилгааныхаа дүнд нийгмийн санаа бодлыг төлөвшүүлж, үнэн зөв мэдээлээр мэдлэг оюунд нь хөрөнгө оруулах, хүлээн авагчдын харах өнцгийг зөв чигт залах учиртай. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид өөрсдөө буруу ойлголт, хандлагатай байгаа нь учир дутагдалтай юм. Тухайлбал, өдөр тутмын сонин бол мөн л нэг бизнесийн байгууллага. Тийм учраас сонины борлуулалт, уншигчийн тоог нэмэхийн тулд хүргэх мэдээлэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал байх нь тохиромжтой биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн фото зураг зэргийг сонины нүүрэнд нийтлэх нь гоо гүйд сөргөөр нөлөөлөх тал бий, хэдий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар мэдээлэл бэлтгэсэн ч сонины удирдлагууд нийтлэхээс татгалздаг зэрэг олон шалтгаан нь хэвлэл мэдээлийн аль ч хэрэгсэл мэдээлэх гэхээсээ урьтан ашиг орлого олох хүсэл нь давамгайлсан ба хэвлэн нийтлэгчдийн мэдлэг, мэдээллийн хүрээг тэлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. 

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хөндөж бичихэд баримтлах зарчмыг сэтгүүлчид, олон түмний үнэнийг мэдэх эрх ашигт захирагдан бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахгүй байх гэх мэтчилэн сэтгүүл зүйн үндсэн шаардлагаа хангах хэрэгтэйн дээр үг хэллэгийн сонголтондоо мөн анхаарах ёстой гэж хариулсан боловч судлагдсан нийт материалуудад үг хэллэгийн буруу сонголт тодорхой хэмжээгээр илрэх, мэдээллийн тэнцэрт байдлаа хадгалж чадаагүй буюу ярилцагчаа хэт баатарчилсан хандлага ажиглагдаж байлаа.
Хэвлэлийн хүрээлэнгийн 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол улсын хэмжээнд 506 мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж байгаагаас 123 сонин, 98 сэтгүүл, 72 радио, 142 телевиз, 71 веб сайт байна гэжээ. Үүнээс харахад  3 сая хүн амтай манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдий талаар нийгмийг  үнэн зөв, бодитой мэдээлээр хангах өргөн боломж бий юм.