3.20.2015

Анхны бичсэн шүүмжээ хуваалцаж байна

"Сэтгүүл зүй судлал шүүмж" хичээлийн хүрээнд хийсэн анхны шүүмжээ та бүгдтэй хуваалцаж байна. Шүүмж гэхээр хүмүүс хэн нэгнийг муулах, шүүмжлэх, доромжлох гэж ойлгох нь олонтаа. Гэвч шүүмж нь утга зохиол, урлагийн бүхий л бүтээл мөн ШУ-ны зохиолийг тайлбарлах, түүний агуулга ач холбогдолд үнэлэлт дүгнэлт өгдөг өвөрмөц төрөл юм. Мэдээж хэн нэгний оюуны бүтээлд үнэлэлт  дүгнэлт өгч, задлан шинжлэхэд тухайн шүүмжлэгч маш их мэдээ мэдээлэл, мэдлэгтэй байх шаардлагатай учраас шүүмж судлал нь их хүнд төрөл жанр юм. Би мэргэжлийн судлаач, шүүмжлэгч биш, мөн анхны шүүмж маань учир алдаа дутагдал байвал та бүгдийг ойлгоосой гэж хүсч байна. 

 “Ирмүүн” сэтгүүлийн  хоёр дахь дугаар 2009 онд уншигчдаа бүтэн 10 сар хүлээлгэсний эцэст 150 хуудастай гарч  байв. Уг дугаарт гарсан онцлох, уншигдыг нилээд шуугиулсан бүтээл бол “Open Door” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Б.Ганчимэгийн  дуучин Б.Сарантуяатай хийсэн  “Тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна” ярилцлага юм. Дуучин Б.Сарантуяатай хийсэн олон ярилцлага байдаг ч жинхэнэ эмэгтэй хүний чин үнэн зүрхний цохилтыг мэдрүүлсэн, худал үнэн нь ялгагдахгүй дам ярианд эцэст болгож сэтгэл дотрох бүхнээ уудласан ийм ярилцлага тун ховор юм. Алдаа гэдэг зөвийгөө олтол төөрөлддөг гэдэг шиг хүний алдаа тэр дундаа хайр сэтгэлийн тал дээр “зүрхээ дэндүү гэмээр хэмжээнд чангалчихсан байгаа” гээд зочиноо нулимсаа бөмбөрүүлж суухад хүргэсэн нь яагаад Б.Ганчилэг сэтгүүлчийг ярилцлагийн хатан хаан гэж нэрлэх болсоныг батлах биз. Сэтгүүлч ярилцлагаа “Сараа та бол тайзан дээр олон жил амьдарч байгаа дуучин. Бүр бидний амьдарч байгаа цаг үеийн салшгүй нэг хэсэг нь болчихсон ч юм шиг. Харин он жилүүдийг эргэн тунгаахад хэзээ хамгийн сүүлд хамгийн их эрх чөлөөтэй дуулсан бол. Ялангуяа сэтгэлийн?” гэсэн асуултаар эхлүүлжээ. Мэдээж дуучин хүнтэй ярилцаж байгаа учир ямар ч сэтгүүлч дуучны хувийн амьдрал гэхээс илүү уран бүтээлийн талаар яриагаа эхлэх нь зүйн хэрэг. Харин асуултын төгсгөлд ялангуяа сэтгэлийн гэж нэмж асуусан нь энэхүү ярилцлага цаашид хэрхэн өрнөх, юун талаар илүү ярилцахыг тодотгож өгчээ. 

Б.Ганчимэг сэтгүүлч  WWW.GOGO.MN сайтад өгсөн нэгэн ярилцагатаа “миний ярилцлага сайн болдог нууц нь миний ажилын технологитой холбоотой  байх” гэжээ. Тэгвэл “Тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна” ярилцлагад сэтгүүлчийн барьж буй арга барил, технологи нь ярианы хэлээр буюу энгийн, тийм юм гээд л, олон байгаа л даа, гэх маягтай гэх мэтчилэн өөрийн үзэл бодлийг эхлэж хэлээд дараа нь зочноосоо харьцуулсан хариулт авах маягаар цааш үргэлжилжээ. Жишээ нь: 
-“өмнө нь “Мартъя”  дууг анхны хэлбэрээр нь дуулахдаа харьцангуй томоотой дуулж байсан бол дараагийн удаа их өөр юм гаргаж чулуудах шиг болсон ”
-“манайхны аяг ааш хэн нэгнийгээ хүлээн зөвшөөрөх дургүй. Энний од гэж юу байдаг юм гээд л...”
‘”би бол гэртээ ямар нэгэн тийм чихмэл амьтан байлгамааргүй байна гэх маягтай” гэх мэтчилэн маш олон асуултыг энэ хэлбэрээр асуужээ. Энэ мэт өөрийн үзэл бодлийг эхлэж хэлээд зочноосоо эргэн хариулт хүсэх нь тийм, үгүй гэсэн ганц үгээр хариулахгүй, дэлгэрэнгүй хариулт авах нэг арга байж болох юм.
Энэхүү ярилцагийн гол зорилго нь дуучин Сараагийн хайр дурлал, амьдралаас түүнд өгсөн сорилт, тэр болгоныг хэрхэн сөрж яваа, түүний сэтгэл зүрхний угт юу хадаатай явдагийг л нээхийг зорьсон. Тиймээс энэхүү яриа руу орохдоо түүнийг дуу хөгжимтэй нь холбож уусгаж асуусан нь хамгийн зөв арга юм. Тийм ч учраас энэхүү ярилцлагаас сэтгүүлч зочныхоо тухай маш сайн судлаж, баримт зэргийг цуглуулсан нь харагдах бөгөөд энэ нь 
-“Асашёорюү аваргын хөдөлмөрийн баатрын хүлээн авалтын тайзан дээр гарч ирээд ‘чи хэрэггүй ээ’ гээд дуулж байгаа тань үнэхээр атаман санагдаж байсан шүү”
-“та телевизийн нэвтрүүлгээр бол дандаа би өөрөө уйдахаараа явдаг гэж хэлсэн шүү дээ” зэрэг тодорхой баримттай асуулт тавьж байгаа нь сэтгүүл зүйн бүтээлд тавигдах гол шалгуур юм.
Харилцан ярих ярилцлага нь сэтгүүлч, ярилцагч хоёрын санаа бодлын хоёуланг нь илэрхийлж, улмаар уншигчдад бодох хувь үлдээдгээрээ бусад ярилцлагийн төрлүүдээс онцлог бөгөөд үүн шиг хүний дотоод сэтгэлийг нээж ярилцахад тохиромжтой хэлбэр юм.

Аливаа ярилцлага, сурвалжлагад оролцогчид асуултаас бултах, мартах тохиолдол их гардаг. Тэгвэл Б.Ганчимэг сэтгүүлч нэг асуултандаа хариулт авахын тулд маш олон талаас, өөр өөр хэлбэрээр асууж буй байдал анзаарагдаж байна. Жишээ нь, түрүүн та учралуудынхаа тухай ярьж байхдаа 25 настай байхдаа би үнэхээр галзуу дурласан гэлээ? Гэхэд ярилцагч тодорхой бус хариулт хэлэв. Б.Ганчимэг сэтгүүлч дахин, залуухан хархүүтэй учрах боломжоос холдон явдаг гэснээс та чинь угаасаа өөрөөсөө дүү эрийг сонирходоггүй биз дээ? Гэх мэтчилэн 25 настай байхдаа чухам ямар хүнд дурлаж байсан тухай хэлүүлэх гэж олон янзаар асууж байна. Энэ мэтчилэн асуултын олон давтамжийн дүнд  ярилцагч  гэндэх, эсвэл хариулахаас өөр аргагүй байдалд орж хариулдаг. Мөн ярилцлагын дундуур тэр маш хөгжилтэй, чангаар инээв. Түүний нулимс бөмбөрч эхлэв зэрэг орчин нөхцөл, яриа ямар янзтай болж байгаа зэргийг зурагласан нь бичвэрийг илүү уншууртай болгож өгөх бөгөөд зурагласан ярилцлагын хэлбэр ч давхар харагдаж байна гэж хэлж болох юм.

Хэл найруулгын хувьд хэмжээ мэмжээ, аягүй ойрхон ажилладаг, аягүй их баярлаж явдаг, шдээ. түйвээжээлээ гэхчилэн уншигчдын анхаарлыг татах, энгийн гэх сэтгүүлчийн бичлэгийн онцлог байж болох ч сэтгүүлчийн асуусан асуулт, дуучны хариулсан хариултанд ч тэр “аймаар”  гэдэг үг маш олон давтагдаж байсан нь сэтгүүлч чөлөөт ярилцлага болгохын тулд хүний хэлсэн үгэн дээр их ажиллаж магадгүй утга дүйх үгээр орлуулж нилээд их засвар оруулдаг боловуу. Мөн атаман, сак зэрэг гадаад үг хэллэг хэрэглэх шаардлагагүй юм шиг санагдаж байна. Хэт задгай, чөлөөт ярилцлага хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэдэг гэдгийг санах хэрэгтэй.

Түүнчлэн сэтгүүлчдийн дийлэнх нь ярилцлагаа буулгахдаа 1 асуултанд 1 хариулт авч түүнийгээ цувруулсан бичдэг. Харин сэтгүүлч Б.Ганчимэгийн хувьд 1 ерөнхий асуултыг дотор нь 3-4 жижиг асуултанд задлаж дэлгэрэнгүй хариулт аваад 1 асуултын доор нэгтгэж гаргадаг байна. Энэ нь цэгцтэй юм шиг байвч зарим хариулт хэт нуршуу, магадгүй уншигч уншихаас залхуурч дараагийн асуултруу шууд шилжихэд хүргэж магадгүй юм. Үүнээс дурьдвал, 
-“та эр хүн бол чухал биш гэж тунхагласан. Би бол гэртээ ямар нэгэн тийм чихмэл амьтан байлгамааргүй байна гэх маягтай?” гэсэн асуултанд “эрэгтэй хүний зүрх чинь бас нэг тийм үнэнч зүрх биш шүү дээ. Өөрөө бол мэднэ биз дээ”гэсэн хариулт дээр “Дээрээс нь би аймар хартай. Миний дотор хоёр хэнхэг эмэгтэй амьдарч байдаг. Нэг нь аймаар мэргэжилдээ дуртай дуучин. Хоёр дахь аймаар хэнхэг эмэгтэйг нь манай Болдхуяг сэрээсэн. Эх болгосон намайг” гэсэн өөр нэг асуултын хариуг нэмсэн юм шиг санагдлаа. Яагаад гэвэл сэтгүүлч асуугаагүй байхад өөрийгөө хартай гээд тэр тусмаа өмнөх нөхөр Болдхуягынхаа тухай ярихгүй. 

Дуучин Б.Сарантуяагын дурлалын амьдрал бүтэлтэй, эс бүтэлтэй байх нь бүх хүнд хамаатай биш хэдий ч хүний сэтгэлийн угруу өндийсөн, магадгүй уншигчдад сургамж, Сараагийн тухай буруу бодлоо цэгцлэх боломж олгосоноороо энэхүү ярилцлага нь үр нөлөөтэй юм. Мөн ярилцлагад шүүмжлүүштэй хандмаар нэг зүйл нь хэт нуршуу урт байна. Ярилцлагаа оролцогчийн хэлсэн үгээр бус өөрөө шинэлэг, уянгалаг гарчиг олж өгсөн бол илүү бүтээлч гэж үнэлэгддэг. Түүнчлэн ярилцлагийн төгсгөлд сэтгүүлч тухайн ярилцлагын туршид өөрт төрсөн сэтгэгдэлийг нэгтгээд дүгнэж хэлсэн нь ярилцлагийг илүү амьд сонирхолтой болгож чаджээ.